Фройт Вандерхарст: Би Монголд ирээд 12 жил гэр хороололд амьдарч байна
2019/03/02
Фройт бол Монгол улсад 12 дахь жилдээ амьдарч буй Нидерланд улсын иргэн. Тэрээр гэр хороололд амьдардаг бөгөөд энэ жилээс утаатай "тэмцэн" байшингаа нүүрсээр биш дан цахилгаанаар халдаг болгосон байна. Ингэхдээ "Passiv Haus" буюу өөрийгөө халаах технологи ашиглажээ.
-Манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Фройт Вандерхарст гэдэг. Би Монголд ирээд 12 жил амьдарч байгаа Нидерланд улсын иргэн. Байшингаа 2007 онд авсан. Ирснээсээ хойш гэр хороололд амьдарлаа. Олон жил бусдын адил нүүр, мод түлсээр ирсэн. Харин энэ өвөл би нэг ч ширхэг нүүрс шатаагаагүй. Хоёр давхар байшин минь дан цахилгаанаар халж байна.
Манай байшин урьд нь нэг удаа шатсан. Тэгээд дахин барихдаа өөрийгөө халаадаг байшин болгон барихаар шийдсэн юм. Сурч төгссөн мэргэжил минь программист. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй удаж байгаа. Европт байхдаа майхан, гэр хийдэг байсан. Монголд ирэхээсээ өмнө 10 жил гэрт амьдарсан. Европт байхдаа гэртэйгээ 45 удаа нүүж байсан. Гэрээ зарж эсвэл түрээслүүлдэг байсан юм. Олон ч хүмүүс биднээс гэр худалдаж авахыг хүсдэг байсан. Яагаад гэвэл бид тэнд байхдаа усанд тэсвэртэй гэр хийдэг байсан. Дотор нь амьдардаг байсан болохоор ямар асуудалтай гэдгийг нь сайн ойлгодог байсан. Европын фестивалиудаар явж гэрээ зардаг байхад галд тэсвэртэй гэр хийх хэрэгтэй болсон. Галд тэсвэргүй гэр эсвэл майхныг фестиваль дээр барихыг хориглодог байлаа. Ингээд бидний гэрийн үнэ өссөн. Хямд өртгөөр бидний гэрийг үйлдвэрлэх газар хайж Монголд ирсэн. Гэвч тийм газар олдоогүй. Тэрнээс хойш бид энд гэрээ өөрсдөө хийж эхэлсэн. Бидний хийдэг гэр Монгол гэрээс өөр. Гаднаасаа яг ижил харагдах ч гал болон усанд тэсвэртэй юм. Бид гэрээ зөвхөн экспортлодог. Магадгүй ирээдүйд бид галд тэсвэртэй гэрийн хөшгийг хийх байх. Олон тохиолдлоос харахад ихэвчлэн хөшигнөөсөө болж шатсан байдаг.
Фройтын Passiv Haus буюу өөрийгөө халаадаг байшин
-Өөрийгөө халаадаг байшин нь юугаараа онцлог вэ?
-Юуны түрүүнд дараах гурван зүйл хамгийн чухал. Хамгийн түрүүнд дулаалга. Бид байшингаа целлюлоза-р дулаалсан. Дулаалгад Basaltwool эсвэл Styrofoam ашиглаж болно. Гэхдээ Улаанбаатар бол их хүйтэн хот. Уг материалуудаар ихэвчлэн 5-10 см метр дулаалга хийнэ. Хэт хүйтэнд хангалтгүй. Целлюлозагаар харин өөр. Хүссэн хэмжээгээрээ байшингаа дулаалж, зузаатгаж болно. Дулаан хадгалалтын хувьд энэ гурван материал ялгаа тийм ч их биш. Харин зузаан дулаалга тавих бол целлюлоза эдийн засгийн хувьд хямдхан. Жирийн байшингуудыг барихдаа агаар алдах тал дээр огт анхаардаггүй. Гадаа тийм ч хүйтэн биш байх үед энэ тийм том асуудал биш. Улаанбаатар шиг "галзуу" цаг агаартай газар бол өөр. Дотор болон гаднах температур бараг 40 хэмийн зөрүүтэй байдаг шүү дээ. Сайн дулаалгаар дулаан удаан дамжина. Өдрийн байсан дулаан маргааш өглөө гэхэд л гадагшилна гэсэн үг юм. Дараагийн чухал зүйл нь агаар нэвчихгүй байх ёстой . Дотор байгаа агаар гадагшилна гэдэг бол дулаан алдаж байна гэсэн үг. Жирийн байшингууд агаар алддаг жижиг цоорхойгоор дүүрэн байдаг. Бид агаар гадагшлуулдаггүй орос хальсаар байшингаа бүрсэн. Байшинд байгаа бүх цоорхойг заавал битүүмжлэх хэрэгтэй. Тэгснээрээ дотор байгаа дулаанаа алдахгүй. Хамгийн сүүлд нь дотор байгаа агаарын эргэлтийг удирдах хэрэгтэй. Энэ их чухал хэсэг. Манай байшингийн дотор байгаа дулаан агаарын урсгал, орж ирж байгаа хүйтэн агаарыг халаадаг. Энийг боломжийн өртгөөр хийж болно. Бас үр дүн нь гайхалтай. Нийт энергийнхээ 90 хувийг нөхөж болно. Үүнийг бид хоолойн системээр зохицуулдаг. Гэхдээ энэ төхөөрөмжийг сайн, үр дүнтэй ашиглахын тулд агаарын хамгаалалт сайн хийгдсэн байх нь чухал. Ийм төрлийн систем худалдаж авч болно. Гэхдээ би өөрөө хийсэн.
Дулаалга хийсэн материал. Целлюлоза /cellulose/
-Байшинг халааж байгаа гол зүйл нь юу вэ?
Юу ч биш. Энэ байшинг халааж байгаа тодорхой төхөөрөмж гэж байхгүй. Учир нь байшин доторх дулаанаа алдахгүй байгаа. Дотор байгаа агаар дотроо л байна гэсэн үг. Хүн өөрөө 100 ват байдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө 37 хэмийн халуунтай жижиг халаагч юм. Чи бид ч гэсэн энэ байшингийн халаагч болж байгаа. Хөргөгч, гэрэл гээд бүгд л жижиг халаагчид. Жишээ нь хүйтэнд олон давхар хувцас өмслөө гэж бодъё. Дулаалга нэмчихсэн болохоор дулаанаа алдахгүй, даарахгүй шүү дээ. Мөн өөрийн биеийн дулаанаараа халаасаар л байна. Хөл даарлаа гэж бодоход, дулаан гутал өмсдөг. Яг л тэрэн шиг бид шалаа ч гэсэн дулаална. Хуучин байшинг шинэчилж болох ч шинээр барьж байгаа байшиндаа анхнаас нь дулаалга хийх нь илүү үр дүнтэй. Мөн тооцоолол нь ч гэсэн амар байна. Бас доторх агаарын эргэлт тун чухал. Дулаалга сайн байлаа ч агаараа хянаж чадахгүй эсвэл агаараа алдаад байвал ямар ч үр дүнгүй. Энэ хоёр зүйл зөв хосолж байж л үр дүн нь гарна.
Гадна дотор байгаа температурын ялгаа
-Агаарын эргэлтийг яаж удирдах вэ?
-Диагональ хэлбэрээр байрласан агаарын шугамуудаар хүйтэн, халуун агаар дамжина. Энэ агаарын урсгалуудыг тун амархнаар удирдах боломжтой. Тэгэхээр гаднаас орж байгаа агаар -20 хэм байна. Яаж ийм хүйтэн агаар шугамаар дамжихдаа дулаан болоод гарч байна вэ гэдэг сонирхолтой байх. Байшин доор агаар орох шугам байгаа. Энэ шугамаар орох үедээ бага зэрэг халдаг. Мөн гарч байгаа дулаан агаартай огтлолцдог. Энэ арга барил тийм ч шинэ зүйл биш. Улаанбаатард байгаа том барилга бүхэнд байгаа. Миний хувьд энэ хэсгийг барилгын хогоос олсон. Өөрийнхөө хийснийг дээд давхартаа байршуулсан. Өөрийн хийсэн маань хамаагүй сайн ажиллаж байгаа. Мэдээж бүх дулаанаа нөхөх боломжгүй. Энэ процессийн үед 5-6 хэмийн дулаан алдагддаг. . Тийм болохоор жижиг агаар халаагчийг орж ирэх агаарын хоолойн дээр суурилуулж өгсөн. Хоолойн систем 4 цагийн дотор гэхэд байшин доторх агаарыг бүрэн сольж чадна. Дулаан агаар чийгшил сайтай байдаг. Харин хүйтэн агаар эсэргээрээ. Одоо дотор байгаа агаарын чанарын индекс 50 байна. Энэ бол дэлхийд зөвшөөрөгдсөн хэмжээ. Ихэвчлэн өглөө сэрэх үед 30 дотор байдаг.
Зүүн талын хоолойгоор хүйтэн агаар дотогш орно. Ингэх үед гарч байгаа халуун агаарын урсгал болон хоолойн дээр байрласан халаагч хүйтэн агаарыг халаана. Баруун талын хоолой дотор байгаа халуун агаарыг гадагшлуулж, 4 цагийн дотор доторх агаарыг бүтэн сэлгэнэ
Хайрцаг дотор хүйтэн, халуун агаар диагональ замаар огтлолцож явна.
Онгойлгож харвал
Агаарын урсгалуудыг удирдах хэсэг
-Тэгвэл дотор байгаа чийгшлээ яаж хадгалах вэ?
-Цэцэг тарьж эсвэл чийгшүүлэгч ашиглаж болно.
Агааржуулагч болон агаар халаагч систем нарны энергээр ажиллана
-Бид утааны асуудлыг шийдэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Улаанбаатарын хүмүүс бүгд уншиж, бичиж чадна. Бүгд л боловсролтой, хоорондоо нэг л хэлээр ярьдаг хүмүүс. Дэлхийн хэмжээнд харахад монгол дах асуудал тийм ч том биш. Гадны тусламжтайгаар бид энэ асуудлыг 5 жилийн дотор шийдэх боломжтой. Энэ асуудлыг шийдэх гэж хариуцаж авсан хүмүүс нь гэр хороололд амьдардаггүй. Бүгд л орон сууц, хаусанд амьдардаг. Усны нөөцийн асуудал, агаарын бохирдол, жорлонгийн асуудал гээд алийг нь ч мэддэггүй. Мэдээж хэн нэгэн шийдвэр гаргах ёстой, Гэхдээ гэр хороололд байдаггүй, энд ямар асуудал байдгийг мэдэхгүй хүмүүс асуудлыг шийдэх нь юу л бол. Бид хүмүүсийг байшингаа сайжруулахад эсвэл чанартай байшин барихад тусалж мөнгөө дахин хувиарлавал зохистой.
-Та Монгол улсын юунд хамгийн их дуртай вэ?
-Би Монголын хөх тэнгэрт хайртай. Бас тун сонирхолтой орон шүү. Гурван сая хүн, нэг хот, нэг хэл мөн эрс тэс цаг агаар. Энэ хотод юу ч туршиж болно. Монголд болж байвал дэлхийн хаана ч болно гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье
А.Эрдэнэбаатар
ЭХ СУРВАЛЖ: WWW.N24.MN
Хайдо · 2019/03/08
Хамгийн энгийн ойлголтоор асуудлыг шийдсэн байна. Халуун савыг хүн бүр мэддэг мөртөө дулаан алдалтыг огт боддоггүй нь сонин . Дулаан дамжуулалт,дулаан шингээлт,агаарын солилцоо,бүрэн шаталтыг мэдэж байж асуудлыг шийдэнэ.Физикийн ердийн ойлголтыг хүмүүст сайн мэдүүлэх хэрэгтэй байна.
Зочин · 2019/03/04
Асуу