Энэ зураг дээрх хүү аль хэдийнээ олны танил болсон эрхэм. Монгол түмэн түүний дууг сонсож уярдаг мөн түүнийг галзуу ч гэх нь бий.

Бяцхан хүүгийн тухай өгүүлбэл, Монголын нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрхийг бий болгож оюутны ширээнээс өнөөдрийн энэ оргилд хүрэх замаа амжилттай тавьж чадсан дуучин бол МУГЖ. С.Жавхлан.  Тэрбээр 1980 оны 2 дугаар сарын 21 нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Дунд сургуульд  шууд 2 дугаар ангиасаа орж 10 төгссөн бөгөөд сурагч байхдаа газар зүй, тоо, дуу хөгжмийн хичээлдээ "ангийнханаа тэргүүлдэг" байсан гэдэг.

Дуучин болох анхны гараагаа 17 насандаа буюу 1997 онд Соёл урлагийн их сургуульд опера дуучны ангид элсэн орсон. Бурхнаас заяасан мундаг хоолойг мэргэжлийн сургуульд нь хөгжүүлэхээр гайхамшиг цогцлох нь ойлгомжтой. 2003 онд их сургуулиа дүүргэж, диплом өвөртлөж, мэргэжлийн дуучин цолтой болсон юм. Харин  тэрбээр бакалаврын мэргэжлээ дээшлүүлэхээр магистрт суралцаж 2006 онд төгссөн аж.

Анх дуучин МУГЖ Баясгалантай хамтарч  “Хонгорхон үр минь” дуугаа оюутны ширээнээсээ эхлэн дуулж олны танил болсон.  Түүний анхны эхнэр бол “Торгоний зам” компаний захирлын охин Г.Долгормаатай ханилж нэг охинтой болсон. Охиндоо С.Юм-Агь хэмээх өвөрмөц нэрийг хайрласан юм.  Дуучин залуу хоёрдахь амьдралаа зохиож “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй ханилан сууж хоёр хөөрхөн хүүхдийн аав, ээж болсон. Анх удаа улс төрд орж 2008 оны УИХ-ын нөхөн сонгуульд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж 34 (2.95%) хүний санал авч ялагдал хүлээсэн гэхдээ тэр шантраагүй л байгаа.

“Авъяаслаг хятадууд 2011” шоугаар олонд танигдсан Уудам хүүтэй хамтарч дуулаач гэсэн саналыг МУГЖ С.Жавхланд Хятадын нэгэн томоохон компани тавьж байсан удаатай. Үүнээс өмнө ч хэд хэдэн удаа Хятадын компани хамтарч ажиллах санал тавьж байсан ч үндсэрхэг үзэлтэй тэрбээр татгалзсан хариу өгсөн гэнэ. Учир нь гаргасан дуугаа хятад хэл дээр дуулах гэсэн шаардлага тавьжээ.

Өнөөдөр С.Жавхлан нийтийн дууны ханхүү хэмээн хэлэгдэж байсан үеэсээ шал өөр стиль имижтэй болсон. Өөрийн төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийх болсноо өөрийн фэнүүдэдээ дуулгасан билээ. Энэ удаад тэрбээр зургаан өдөр тоглолтоо хийхээр болж тоглолтын өдрөө сунгасан юм. Түүний тоглолт энэ сарын 21, 23, 24-ны өдрүүдэд болж мөн ирэх гуравдугаар сарын 4, 5, 6, нд тоглоно.  Үүнээс харахад сонсогч фэнүүд нь түүнийг ихэд санасан бололтой шүү. Тоглолтын тасалбар 9999 төгрөг бөгөөд хариулт нэг төгрөгийг дуучны гарын үсэгтэйгээр, Монгол Улсын мөнгөн тэмдэгт нэг төгрөгийн үнэ цэнийг харуулахаар буцаан олгож байгаа.

Мөн өөрийн төрсөн өдрийн тоглолтын орлогыг бяцхан охинд хандивлахаар болсон. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт өнгөрсөн сарын 23-нд нэг айлын хоёр бяцхан охин осгосон харамсалтай хэрэг гарсан. Одоогоор гурван настай охины биеийн байдал нь хүндхэн байгаа юм. Тиймээс С.Жавхлан Монгол хүний нэгэндээ сэтгэлийн дэм хайрладаг сайхан зангаар бяцхан охинд туслахаар шийдсэн юм.

Сүүлийн жилүүдэд тэрбээр Монголчуудаа зөвхөн монгол хэлээр ярьж, монгол дээлээ өмсөхийг уриалах болсон.

Д.Ана