"15 настай байхдаа урлагийн үзлэгээр сумынхаа клубт анх удаа “Жаахан шарга”-ыг дуулсан юм. Сумаасаа шалгараад аймагт, аймгаасаа зүүн бүсийн аймгууд, тэндээсээ  шалгараад Улаанбаатарт ирж билээ. Тэрний дараа 1975 онд дуучин болох улсуудыг курст суулгана гэж Соёлын хэлтсийн дарга Доржцэрэн гэж багш маань дуудаад хотод ирж байсан. Хотод ирэхэд Норовбанзад багш маань одоо миний үеийн цэвэрхэн цагаан авгай, Дорждагва багш дөнгөж тэтгэвэртэй гарчихсан их цэвэрч нямбай хүн. Сүглэгмаа гэж Лордын танхимыг бостол дуулж байсан сайхан хүүхэн, Лхамжав багш шавхайсан шаргал залуу, сайхан дуулдаг. Энэ дөрвөн хүний шавь болж байлаа. Ардын жүжигчин Нэргүй, гавьяат жүжигчин Нансалмаа, Тэрбиш гээд л бид гавъяатууд, ардын жүжигчид боллоо доо. Тэр үеийн 16, 17-той хүүхдүүд" байлаа хэмээн урлагт хөл тавьсан гараагаа хуваалцсан эрхэм хүн бол Монголчууд бидний хайрлан хүндэлж явдаг Уртын дуучин Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ.

Тэрбээр өөрийн бие даасан "Бүүвэйн дуутай бурхан ээж"  тоглолтоо хийхээр болжээ. Энэ тухайгаа дуучин маань өөрийн цахим хуудаснаа “За цахим ертөнцөд танилцсан андууд минь. Миний 2014 оны шинэ уран бүтээл ирэх сарын сарын 4-ны 19.00 цагт UB паласт болно. Гэхдээ энэ жилийнхээ концертийг зүгээр цуваа дуунууд биш хэн хүний сэтгэлээс хэзээд салахгүй сэтгэгдэл үлдээх үүднээс бэлтгэсэн. Бурхан урлаач н.Ухаанзаяатай хамтарсан “Бүүвэйн дуутай бурхан ээж” нэртэй тоглолтоо та бүхэндээ толилуулах гэж байна. Хүрэлцэн ирнэ үү” хэмээн урьж байгаагаа дуулгалаа.

Д.Ана