Б.Ганхуяг: ''Эрдэнэс-Тавантолгой'' ХК Өмнөговь аймагт хоёр дахь Эрдэнэт хотыг бүтээн байгуулна
2019/06/28
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар энэ сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын уул уурхайн салбарт түүчээ нь болж буй томоохон хоёр компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар уул уурхайн салбарын чадавхи дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллана.
Cанамж бичгийн хүрээнд талууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, дүрэм журмыг чанд мөрдөн уул уурхайн үр ашгийг дээшлүүлэх, өндөр хүчин чадалтай техник, технологи нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн технологи, инноваци, менежмент, арга туршлагаасаа харилцан солилцох юм.
Уг санамж бичгийг гурван жилийн хугацаанд мөрдөн ажиллах бөгөөд уурхайн үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэрийн төслийн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц, усан хангамжийн шийдэл, нөхөн сэргээлт, байгаль орчны удирдлагын тогтолцоо, орчны хяналт шинжилгээ, олон нийтийн оролцоот мониторинг, аюултай хог хаягдлын менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ажлын байр гэх мэт 18 чиглэлд хамтран ажиллана.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ”Манай компанийн хөгжлийн түүчээ нь Эрдэнэт үйлдвэр. Бид үйл ажиллагаагаа эхлээд есөн жил болж байгаа боловч манай үйлдвэрийн төсөл эхлэх шатандаа явна.
Монгол Улсын Их Хурлын 73-р тогтоолоор дагалдах төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж эргэлтэд оруулах үүргийг бидэнд өгсөн. Үүний дагуу бид нүүрс баяжуулах хөтөлбөр, усан хангамж, хими технологи, төмөр болон авто замынхаа төслийг амжилттай эхлүүлсэн. ТЭЗҮ боловсруулах, барилгын ажил ид явагдаж байгаа бөгөөд 2018 онд компани807.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэхүү хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар "Эрдэнэт” үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцаж, бид Өмнөговь аймагт хоёр дахь Эрдэнэт хотыг бүтээн босгохын төлөө хичээн ажиллах болно" гэлээ.
Мөн энэ үеэр"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн "Манай хоёр үйлдвэр, үйлдвэрлэлийн техник технологи, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглаж буй энэ хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа улс орон, бүс нутагт ил тод, үр өгөөжтэй байх талыг хамтын ажиллагааныхаа чиг шугам болгож байна” гэв.
matilda · 2019/07/05