Олон улсын Зайтгайст хөдөлгөөний өдөр 5 дахь удаагаа Монголд
2014/03/10
Ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, байгалийн бохирдол гэх мэт бидэнд тулгарч буй асуудал бэрхшээлийн гол буруутан нь мөнгө, зах зээл, өрсөлдөөн, хоцрогдсон улс төрийн тогтолцоо юм. Тиймээс эдгээрээс татгалзаж, хэт их материаллаг ахуй, аминч үзэлд шүтсэн нийгмийн сэтгэлгээг өөрчлөх нь хүн төрөлхтний хөгжлийн цорын ганц зөв чиг баримжаа юм. Энэ өөрчлөлтөд оролцох нь хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө оруулж байгаа бидний хувь нэмэр билээ. Тиймээс дэлхий нийтээр өрнөж буй Зайтгайст хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна. Та хөдөлгөөний зарчим, үзэл санааны талаарх мэдээллийг энэхүү цахим хуудас болон хөдөлгөөнөөс гаргасан Zeitgeist цуврал баримтат кинонуудаас аваарай. Тус хөдөлгөөний өдрийг жил бүрийн 3 дугаар сард тэмдэглэдэг бөгөөд 2014 оны өдөрлөгийг Монголд 3 сарын 15-ны өдөр зохион байгуулж байна. Өдөрлөгийн талаарх мэдээллийг дараахь хаягаар орж үзнэ үү. http://www.facebook.com/events/543837135732364/
Зайтгайст хөдөлгөөний зарчим, үйл ажиллагаа
Энэ хөдөлгөөний үндсэн үйл ажиллагаа бол байгаль ертөнцийн жам ёс, зүй тогтолд нийцсэн, хүн байгальд ээлтэй, шинжлэх ухааны үндэстэй ойлголт, хандлага, мэдлэг боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх явдал юм. Энэхүү зорилгод хүрэх үйл ажиллагаандаа бид дараахь ойлголт зарчмыг хүлээн зөвшөөрч, баримтална:
Олон нийтийн хөдөлгөөн байх: зайтгайст хөдөлгөөний үзэл санааг талархан дэмжигч хүн бүр энэ хөдөлгөөний гишүүн, дэмжигч юм. Хүмүүсийг хуваагдан тэмцэлдэхэд хүргэдэг хүчин зүйлс болох нас, хүйс, гарал үүсэл, ажил мэргэжил, улс гүрэн, газар зүйн болон эрх мэдлийн бүтэц тогтолцоог бид дэмжихгүй. Бид дэлхий ертөнцийг нэг бүхэл тогтолцоо, харин хүн төрөлхтнийг нэг гэр бүл гэж үзнэ. Зүй тогтлыг хүлээн зөвшөөрөх: хорвоо ертөнцийн бүхий л зүйлс хувиран өөрчлөгдөх, харилцан шүтэлцээтэй байх зүй тогтлыг хүлээн зөвшөөрч ухамсарлана. Хүчирхийллээс татгалзах:хөдөлгөөн зөвхөн мэдлэг түгээн дэлгэрүүлэх бөгөөд аливаа асуудлаар жагсаал цуглаан хийх, эсэргүүцлээ илэрхийлэх, шаардлага тавих гэх мэт үйл ажиллагаа явуулахгүй. Бие даасан хараат бус байх: хөдөлгөөн нь байгууллага, хуулийн этгээд биш бөгөөд хувь хүн, улс төрийн нам, бусад ашиг сонирхлын хөдөлгөөнөөс хамааралгүй. Удирдагч, манлайлагч эсвэл дээрээс доош шаталсан албан ёсны бүтэц тогтолцоо байхгүй. Хамтран ажиллах: Хөдөлгөөний үйл ажиллагаа өрсөлдөөн, тэмцлийн бус харин харилцан ойлголцол, сайн дурын идэвхи санаачлагын зарчимд үндэслэнэ. Үзэл санааг бусдад тулган хүлээлгэх, шахаж шаардах, албадахыг үл дэмжинэ. Ил тод, нээлттэй байх: хөдөлгөөний үзэл санаа, мэдлэг, мэдээлэл, үйл ажиллагаа бүх нийтэд ил тод, нээлттэй байна. Адил тэгш байх: хөдөлгөөний бүх үйл ажиллагаанд бид харилцан бие биенээ хүндэтгэх, адил тэгш байх, итгэл үнэмшлийн чөлөөт байдлыг хүндэтгэх, хүлээцтэй байхыг дэмжинэ.
Хөдөлгөөний тухай
Зайтгайст хөдөлгөөн нь өнөөгийн нийгэм соёл, ёс суртахуун, оюун санаанд давамгайлсан буруу ойлголт, тогтолцооны гажуудлыг залруулах, улмаар зөв чигт хөтлөхийн төлөө ажилладаг. Зайтгайст хөдөлгөөний зорилго нь нөөцөд суурилсан эдийн засаг гэж нэрлэгдэж буй өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай нийгмийн шинэ тогтолцоонд хувьсгалын бус хувьслын замаар шилжих шилжилтийг эхлүүлэх явдал юм. Продюсер Питер Жозефын бүтээсэн Zeitgeist: The Movie (2007), Zeitgeist: Addendum (2008), Zeitgeist: Moving Forward баримтат кинонууд нь энэ хөдөлгөөн үүсэн байгуулагдахад чухал нөлөө үзүүлсэн.
Зайтгайст (Zeitgeist) гэдэг нь тухайн цаг үед гарч ирж буй дэвшилтэт оюун санаа, ёс суртахуун, соёлыг бүхэлд нь илэрхийлж шинжлэх ухааны салбарт хэрэглэгддэг нэр томьёо юм. Тиймээс Зайтгайст хөдөлгөөнийг нийгэм дэх оюун санаа, соёл, ёс суртахууны шинэчлэлийг дэмжигчдийн нэгдэл гэж ойлгох учиртай. Энэ хөдөлгөөн дээр дурдсан баримтат кинонд хөндөгддөг шашин, терроризм, төв банкны асуудлуудтай шууд хамааралгүй бөгөөд эдгээр нь Питер Жозефын өөрийнх нь хувийн илэрхийлэл юм.
Өнөөдрийн байдлаар хөдөлгөөн олон сая дэмжигчидтэй болж, 50 гаруй улс дахь 120 гаруй салбар хөдөлгөөнөөр дамжуулан сайн дурын идэвх санаачлагын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Зайтгайст хөдөлгөөн нь зөвхөн аль нэг улс эсвэл бүс нутгийн бус харин дэлхий нийтийн хөдөлгөөн юм.