…Тэд бүгд хөлжжээ…ийм л нэг эхлэл ч үгүй төгсгөл ч үгүй бодлын босго давж өдгөөгийн цөөхөн хэдхэн  олигар­хиудыг бий болгочихсон  цэнхэр, ягаан тасалбарын түүх, ул мөрийг сөхөхөөр шийдлээ.

Учир нь цэнхэр, ягаан та­сал­бартангууд бүгд баяжчихсанд байгаа юм. Диваажинд аваачидаг тэр “тийзний” эд шидийг ойлгоогүй өдгөөгийн жирийн иргэд өнөөдөр ажлын хөлсний доод хэмжээг 200 мянгад хүргэхээр тэмцэж, мах, гурил, талхны үнийг 100 төгрөгөөр ахиулахад л амьсгаа нь давчдан арга­гүйтэж  байгаа дэндүү туйлд­сан, өрөвдөлтэй орчинд амь­дарч байна. Мэдээж ийм хү­мүү­сийн буруу нь хаанаа байв.

Тэд бол  өнөөх өнгө, өнгийн тасалба­раар энэ хэмжээний мөнгө хүүлэгч болж болдог гэдгийг мэдээгүйнхээ төлөө тухайн үедээ малаа маллаж, ногоо тарьж, гахай үүрч, хуваариа эрхлэх аж ахуй байгуулж дэмжлэггүйн улмаас дампуурч, өр тавьж, зээл авч, хөрөнгөө улсдаа хураалгаж байсан ийм л хүмүүс. Өнөөд­рийн цалин­гаас ца­лин­гийн хооронд амь зуугсад гэдэг бол гэнэн итгэмтгий, гэгээн цайлган явагсад байжээ. Ямар том компани луйвардаж, худалдаж, дээгүүр доогуур гүйж байгаад ханцуйндаа наймаалцаж авч болдгийг мэддэггүй байсан “мангарууд” байжээ. Гэтэл өнөөх бидний аав, ээжийн ягаан, цэнхэр “тийзийг” тэрүүгээр нь гув­чуул­чихсан нөхөд өнөөдөр хаана явна, хэн байна гэдэг нь анхаарлыг ихэд татаад болдоггүй ээ.

 

Аав, ээжийг минь тариа­лангийн талбайд, малын бэл­чээрт хөлс хүчээ шавхаж явах зуурт авдарт нь байсан өнөөх хэдэн цаас “амилчихаад” хэсэгхэн нөхдийг хөлжүүлчихнэ гэж санаагүй учраас харамсаж бичнэм. Миний аав, ээжийн адил үйлдвэрийн эзэн болж чадаагүй хулхидуулчихсан иргэ­дээ өмөөрч бичнэм. Та­сал­­ба­рынхаа ачийг үзэлгүй “ангууч­дад” хямдхаан өгчихсөн ядуухан иргэдээ өмөөрч ягаан, цэнхэр тасалбартангууд хаана, хэн болчихоод явааг сөхөхөөр шийдэв, билээ. Мэдээж тэдний магнайд  УИХ, Баянгол, Улаанбаатар зочид буудал, “Сүү”, “Талх чихэр”,  “Говь”,“НИК”, “Улаанбаатар хивс”, “Гутал”, “Зоос гоёл”, Бороогийн алтны уурхай, Дарханы цементийн үйлдвэр, “Алтан тариа”, “Мах импекс” гээд аж ахуйн нэгж жагсана. Тухайн үедээ “Алтан тариаг” л гэхэд 20-иод тэрбумын үнэ хүрэх боломжтойг эдийн засагчид  хэлсэн байдаг. Гэтэл ердөө 800-гаадхан саяар чехүүдэд өгчихжээ.

1991-1996 онд ийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 19.5 тэрбум төгрөг, бэлэн мөнгөөр 1.8 тэрбум төгрөг, нийт 21 тэрбум төгрөгийн төрийн өмч хувьчилсан гэдэг. Энэ нь нийт төрийн мэдэлд байсан өмчийн 44 хувь нь болжээ.

Бага хувьчлал буюу ягаан тасалбараар худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний газрууд, зарим орон сууцыг худалдсан аж.  385 сая төгрөгийн ягаан тасалбараар  2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий 3046 аж ахуйн нэгж хувьд шилжсэн аж. Харин их хувьчлал буюу цэнхэр тасалбараар 916 аж ахуйн нэгжийн 10.9 тэрбум төгрөгийн хувьцаа ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 475 хувьцаат компани, 396 бүрэн бус хариуцлагатай компани шинээр үүсэн, 1.3 сая гаруй хүн хувь нийлүүлэгч болжээ.  Харин үл хувьчлагдах хөрөн­гөөр Улаанбаатар төмөр зам, МИАТ, Биокомбинат, Эмийн үйлдвэр зэрэг нэн чухал гэж үзсэн 21 төрлийн аоъектыг хамааруулсан байна. Гэтэл өдгөө үлдсэн хэдээ хувьч­лахаар санаархав уу гэмээр үйлдлүүд анзаарагдаж төрийн мэдлийн цөөхөн компаниуд нь ашиггүйтэж эхэллээ. Олигархиудын 1990-ээд оноос эхэлсэн өнөөх шалгарсан арга нь мэдээж эхлээд дампууруулах. Дараа нь өөрийн болгох. Ийм байд­лаар өмч хувьчлал манайд явагд­даг нь мэдээж ирээдүйн олигархиудыг     төрүүл­сээр ирсэн түүх бий. Өмч хувьч­лалаас төрсөн тэрбум­тан­гууд өдгөө Х.Баттулгаар эхэлж Улсын их дэлгүүр, Номин, Эрдэнэт хивс гэх мэтээр овоглогддог А.Шагдарсүрэн, Ш.Баярсайхан нараар үргэлжилнэ.  Хувьчлал нь “но”-той гэгддэг Улсын их дэлгүүр хэний гараар хэрхэн төрийн мэдлээс гарсан нь сонин. Тэгвэл “Номин холдинг” гэх гэр бүлийн групп болтлоо өсөж дэвжсэн түүхийн үр хөврөл хаанаас эхтэйг сонирхоё.

“1999 оны зургадугаар са­рын 2-ны өдөр  Монгол Улсын Засгийн газраас “Улсын их дэлгүүр” хувьцаат ком­па­нийн нийт хувьцааг Мон­голын хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэн­хэр тасалбар болон бэ­лэн мөнгөөр арилжаалахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод зөвшөөрсүгэй” гэх тогтоол гарч Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Наран­цацралт Сангийн сайд асан Я.Очирсүхэд даалгажээ.  Уг шийдвэрийн дагуу 2000 онд Улсын их дэлгүүрийг электрон барааны салбарт нэгэнт хөлөө олчихсон “Номин холдинг” компани өөрийн болгож тухайн үедээ

Улсын их дэлгүүрийн нэг лангууг сарын 2500 ам.доллараар түрээслэдэг ч хувьцаа эзэмшигчиддээ ганц ч төгрөг “хялайлгадаггүй” гэх шүүмжлэлийг зүүж байв. Тус дэлгүүрийн хувьцаа эзэмшигчид “Танайх ашигтай ажиллаж буй атлаа ногдол ашиг гэж өгөхгүй юм” гэхэд удирдлагууд нь “Манайх ашиггүй ажиллаж байгаа” хэмээн түмэн зовлон, мянган бэрхшээл тоочдог, мөн хуурамч бланс гарган “Манайх арай гэж хөлөө зөөж байна. Алдагдалтай ажиллаж буй учир ногдол ашиг өгч чадахгүй нь”  гэх мянган үгний таглаагаар хувьцаа эзэмшигчдээ хуурдаг байснаараа алдартай Номингийнхон өдгөө ч мөнгөнийхөө хариулт өгдөггүй гэдгээрээ үйлчлүүлэгчдээсээ банга хүртдэг. Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан, доктор, профессор А.Шагдарсүрэн гэх сүйхээтэй буурал “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх хийдэг бол хүү Ш.Баярсайхан нь энэ компанийн ерөнхийлөгч, Ш.Уламбаяр нь Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, Ш.Энхбаяр нь Гүйцэтгэх болон санхүү эрхэлсэн захирлын алба хашдаг байна. Төрийн өмчийн компаниудыг өөрийн болгосон энэ гэр бүл өдгөө  “Өнөр хотхон”, “RIVER GARDEN” гэсэн барилгын хоёр хотхоныг барьсан нь барилгын зах зээлд ч мөн ул мөрөө үлдээв.

1992 оны долдугаар сарын 11-нд “Номин-5” нэртэйгээр байгуулагдаж байсан тус компани 1996 оны нэгдүгээр сарын 22-нд “Номин трейд” ХХК, 2002 оны тавдугаар сарын 28-нд “Номин холдинг” ХХК болж өргөжжээ.  Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгалын чиглэлээр 12 охин компанитай болж өргөжсөн Номингийнхон цагийн ажилтан авах нэрээр цалингийн “татвар”-аас бултдаг гэдгийг эх сурвалж хэлдэг. 9-ын тоонд л дуртай компани даа. 1-5 төгрөгийн ашиг харж нэлээд хэдэн жил хэрэглэгчдийг мөлжих болж үүнээсээ давраад янз бүрийн бонус, карт, үнийн төөрөгдлөөр хэрэглэгчээ төөрөгдүүлдэг нь тэдний бас л нэг ашиг олох өрөвдмөөр арга гэдгийг нэлээд хүмүүсийн амнаас сонссон. ШӨХТГ-ын хяналт шахалтаар үнэ дагасан төөрөгдлөөс иргэд аврагдаж байсан Номингийнхонд хаяглах бас нэгэн зүйл нь хямдрал байна. Хүнснийхээ барааг дуусах дөхөхөөр хямдруулчихдаг байдал чинь хэрэглэгчдэд чинь таалагдахгүй байна. “SALE” гэх хаягтай барааны он сарыг лавлавал дуусах хугацаанаасаа ердөө 2-5-хан хоногийн өмнө хямдардаг нь хачирхалтай.

Энэ мэт баяжиж хөлжсөн түүх нь өнөөх  л ягаан, цэнхэр тасалбартай холбогддог үндэсний олтгархиуд иргэдээ битгий хуураасай.

М.ХАТАНБҮҮВЭЙ