Д.Орлох: Ирээдүйд эрчим хүчний найдвартай эх үүсвэр цөм байх болно
2014/03/13
ЭРЧИМ ХҮЧ - ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА
2005 онд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) Нобелийн энхтайвны шагналыг хүртэхэд тус агентлагт Монголын дөрвөн физикч ажиллаж байсны нэг нь Д.Орлох юм. 1988 онд ЗХУ-д онолын физикч мэргэжлээр суралцсан тэрээр хожим АНУ-ын Сиракузын Их Сургуульд докторын (PhD) зэрэг хамгаалж, дараа нь ОУАЭА-т 7 жил цөмийн баталгааны байцаагчаар ажиллаж байгаад эдүгээ Монгол Улсын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна.
Та цөмийн эрчим хүчний ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
Ойрын ирээдүйд хамгийн тогтмол, найдвартай эрчим хүчний эх үүсвэр нь цөм байх болно. Одоогоор 31 оронд 430 орчим цөмийн реактор ажиллаж байгаагаас АНУ, Орос, Франц, Япон хамгийн олон реактортой орнууд. Харин Франц нийт эрчим хүчнийхээ 74 хувийг цөмийн цахилгаан станцаас гаргаж авдгаараа дэлхийд тэргүүлдэг. Тиймээс бид хоосон эмээх биш харин одооноос цөмийн эрчим хүчийг хэрхэн зөв ашиглах, эрсдэлээс хэрхэн хамгаалах талаар судалгаа, шинжилгээ хийж, цөмийн технологийг хэрэглэх, хөгжүүлэх талаар дэлхийн улсуудтай мөр зэрэгцэн алхах хэрэгтэй.
Сэргээгдэх эрчим хүч бас нэг хувилбар байж болох уу?
Дан ганц сэргээгдэх эрчим хүчээр дэлхийг хангана гэж байхгүй. Дээрээс нь дэлхий дээрх нефть, нүүрсний нөөц багасч буй энэ үед эрчим хүчний олон эх үүсвэр байх хэрэгтэй.
Уран олборлох нь аюултай биш үү?
Уран олборлохгүй байх нь цацраг идэвх ялгарахгүй байна гэсэн үг биш. Жишээ нь уран байгаль дээр ч гэсэн задарч, цацраг идэвх ялгаруулж байдаг. Цөмийн эрчим хүчний түүхий эд болдог учраас мэдээж энгийн шорооноос илүү цацраг идэвхтэй. ОУАЭА-ийн ажлаар Канадад байдаг дэлхийд томдоо орох шар нунтгийн үйлдвэрт явж байхад 40 мянган 200 литрийн торх шар нунтаг өрөөстэй байсан. Тэр дунд 12 цаг ажиллаад гарч ирэхэд бидний сайн мэдэх цээжний рентген зураг нэг удаа авахтай тэнцүү хэмжээний цацрагад өртсөн байсан.
Цөмийн цахилгаан станц барихад хэр их хугацаа шаардагддаг вэ?
Турк улс л гэхэд 2006 онд цөмийн цахилгаан станц барих шийдвэр гаргаснаасаа хойш судалгаа хийсээр 4 жилийн дараа ОХУ -тай гэрээ хийсэн. Энэ гэрээгээр 2022 онд дөрвөн блок бүхий цөмийн цахилгаан станц бүрэн ашиглалтад орж дуусна. Энэ хугацаанд оросууд 20 тэрбум долларыг өөрөөсөө гаргаж барилгын ажил төдийгүй мэргэжилтнүүдийг бэлтгэх гээд бүхий л ажлыг хариуцна. Харин Турк улс гаргасан 1 кВ/цаг цахилгааныг нь 15 жилийн турш 12.5 центээр бодож худалдаж авах юм.
Цөмийн цахилгаан станц эдийн засаг талаасаа хэр ашигтэй вэ?
Энгийн жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой болно байх. 1200 ГВт хүчин чадалтай нэг блокыг 60 жил ажиллуулахад цахилгааны үнийг 10 центээр тооцвол 56.7 их наяд долларын эрчим хүч үйлдвэрлэж байна гэсэн үг. Энэ хугацаанд 1.6 их наяд долларын түлш зарцуулагдана. Мөн нийт ажиллагсадын цалинд 9.4 их наяд, дээрээс нь ашигласан түлш, хаягдлыг булж, удаан хугацаагаар хадгалахад 0.80-аад их наяд доллар орно. Энэ бол Америкийн Цөмийн Судалгааны Төвөөс гаргасан судалгаа. Ер нь интернэтээс илүү энгийн тооцоонуудыг харж болно л доо. Жишээ нь ёотон шиг жижигхэн уран 5 чингэлэг нүүрстэй тэнцэнэ гэх мэт харьцууллууд байдаг.
Цөмийн цахилгаан станцыг барихдаа голдуу 2 блок бүхий станцыг барьдаг. Нэгийнх нь түлшийг цэнэглэж байхад нөгөөх нь ажиллаж байна гэсэн үг.
Дундаж цөмийн станцад хэчнээн тооны мэргэжилтнүүд ажилладаг вэ?
Цөмийн цахилгаан станцыг барихдаа голдуу 2 блок бүхий станцыг барьдаг. Нэгийнх нь түлшийг цэнэглэж байхад нөгөөх нь ажиллаж байна гэсэн үг. Ийм станцад дунджаар 1000 орчим хүн ажиллана. Тэдний 50 орчим нь л цөмийн физиктэй холбоотой эрдэмтэд байдаг. Харин бусад нь манай ДЦС-тай ижил.
Цөмийн физикчидээ бэлтгэхэд хэр их хугацаа орох бол?
Өнөөдөр шийдвэр гараад цөмийн цахилгаан станц барихаар болвол судалгаа хийгээд барьж дуусгах хүртэл хамгийн багадаа 10 жил болно. Энэ бол физикчдээ сургаж бэлдэхэд хангалттай хугацаа юм.
Цөмийн хаягдал булшлах асуудал нууц түвшинд яригдлаа гэдэг. Ингэж ярих боломж бий юу?
ОУАЭА жил бүр тайландаа улс орнуудын цөмийн нарийвчилсан мэдээллийг гаргадаг. Дэлхийн аль ч орны цөмийн материал ОУАЭА –т 1 грамм хүртэл нарийвчлалаар бүртгэлтэй байдаг. Энэ тайлангаас нуугдах аргагүй. Албан ёсны ийм хэлцлүүд нууц байх ямар ч боломжгүй. Энэ талаар ажил хэрэг болчих албан бус хэлцэл хийгдэнэ гэж төсөөлөх ч хэрэггүй.
Монгол Улсын хувьд цөмийн хяналт ямар түвшинд байдаг вэ?
Манайд цөмийн материал байдаггүй. Боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, зам барилгад ашигладаг изотопууд харин бий. Би Африк, Ойрхи Дорнодоор ОУАЭА -ийн хяналтаар их явж байсан. Манайх шиг бүх изотопынхоо үүсгүүрийг нэртэй устай, эзэнтэй нь нэг дор бүртгэчихсэн улс ховор. Хэрэглээний хувьд манай эмнэлгүүд, ялангуяа хавдрын шарлагын аппаратуудад хүчтэй изотоп хэрэглэдэг. Тэдгээр нь ашиглалтын үедээ ч, мөн ашиглалтаас гарсны дараа ч хадгалалтын чанд горим, хяналтанд байдаг.
ТББ-ууд цөмийн асуудлыг эрс эсэргүүцэж байгаа?
Ер нь аливаа юмны хэм хэмжээг ягштал баримтлаад явахад бүх зүйл аюулгүй талаасаа явагдах бүрэн боломжтой. Тэр утгаараа мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс ТББ байх хэрэгтэй. Ийм байгууллагууд байхгүй бол том компаниуд бага мөнгө зарж их ашиг олохыг л бодно шүү дээ. Гэхдээ манайхны хувьд шинжлэх ухааны мэдлэгийн түвшнээс авахуулаад ойлголтын зөрүү их байдаг учраас асуудлыг дэврүүлж, мэдээлэлгүй хүмүүсийг төөрөгдүүлэх явдал гардаг. Гэтэл бусад орнуудад бүр бага дунд сургуульд нь цөмийн тухай дэлгэрэнгүй хичээл ордог шүү дээ. Ер нь ард түмэн мэдлэг, мэдээлэлтэй байж л ухамсартай сонголт хийж чадна.
М.Батбаясгалан /National Geographic Монгол/