Засвар хийж байсан айлынхаа хүүхдийг хулгайлах гэж байгаад баригджээ
2019/08/15
Гэрт засвар хийхээр ирсэн хүмүүс архидаж байгаад тухайн айлынхаа хүүхдийг хулгайлахыг завдсан хэрэг өнгөрсөн онд гарсан байна.
Тодруулбал, У.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт оршин суух Б.Г гэрээс 3 нас 6 сар 16 хоногтой эмэгтэй, бага насны хүүхэд болох Б.М эрхшээлдээ оруулан авч явж, хүн хулгайлсан гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ хэргийг үйлдсэн У.Э нь Монгол Улсын иргэн 1966 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гедро инженер мэргэжилтэй, хувиараа хөргөгч, телевизор засварладаг, Дархан-Уул аймагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй нэгэн юм.
Тэрбээр хүүхэд хулгайлаад хот руу явах гэж байхад нь хүмүүс саатуулж цагдаад хандсан болохоор энэ гэмт хэргийг таслан зогсоосон байна.
Энэ хэргийг үйлдсэн У.Э гэгч этгээд “...Би 2018 оны 12 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, найз А-ын хамт найзынд нь обой наахад туслахаар хамт очсон. Тэр айлд ороход урьд нь харж байгаагүй, танихгүй эхнэр, нөхөр 2 байсан. Уг байр 2 өрөө байсан бөгөөд гэрт нь ороод Алтанхонх 0.75 литрийн архи авч очсон. Тэр айлд 0.33 литрийн болов уу жижиг архи уунгаа би хуучин обойг норгоод хуулсан. Ажлаа хийж байхад Алтанхонх тэр айлын эмэгтэйтэй тавилга авахаар гарлаа гэж хэлсэн. Би нөхөртэй нь хамт үлдсэн архиа уугаад обойгоо хуулж байтал миний юм хийж байсан өрөөнд хүүхэд диван дээр уйлсан. Би тэр айлд анх орж ирэхдээ хүүхэд байгааг анзаараагүй. Тэврээд бүүвэйлэх гэсэн их туранхай, яс арьс шиг хүүхэд байсан. Хүүхдийг бүүвэйлэх гэтэл уйлаад татагнаад байхаар нь сандарсан. Тэгээд хүүхдийг диван дээр байсан бүтээлгээр боогоод гэрээс аваад гарч, унаа хайгаад зах дээр очсон. ...би зээ болон ач хүүтэй хүн. Хүүхдэд туслах юмсан гэж л бодсоноосоо болоод хэрэгт орлоо. Айлын хүүхдийг тэрүүхэндээ аргалж байхгүй, гэрээс нь авч гараад их туранхай болохоор нь хоол өгье гэсэн сэтгэл байсан. Түүнээс өөр санаа надад байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.”
Гэвч түүний энэ мэдүүлэг хүүхдийг хулгайлаад явж байхдаа гэрчүүдэд хэлж байсан үгнээс нь зөрдөг. Тодруулбал, тэрбээр хүүхэд хулгайлаад тааралдсан хүмүүст
- ...”би энэ хүүхдийг олсон, одоо Улаанбаатар явна”
- ...“эцэг, эх нь хаях гээд байхаар нь би авчихлаа” гэж хэлж байжээ.
Орны бүтээлгэнд ороосон хүүхэд нүцгэн шахуу тэвэрчихсэн, согтуу этгээдийн байдал нь хүмүүст сэжигтэй санагдсан тул сатааруулж байгаад цагдаа дуудаж, энэ хэрэг илэрсэн.
Энэ хэргийг шүүхээр хэлэлцээд У.Э-г буруутай гэж үзсэн юм. Тодруулбал, У.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй, ар гэрийн болон хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан 1 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхэдтэй бол гэртээ гаднын хүн оруулахгүй байх. Оруулсан тохиолдолд үр хүүхдээ анхаарч байхгүй бол энэ мэтээр гэмт хэргийн золиос болох эрсдэл байгааг анхаарч, сэрэмжилнэ үү!!!