Санжаасүрэнгийн Оюун улс төрд аль хэдийнээ өөрийн байр суурийг эзлэсэн эрхэм эмэгтэй. Тэрбээр 1981 онд Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургуулийг төгссөн бөгөөд 1987 онд Чехословак улсын Карлын Их сургууль,  1996 онд Англи улсын Кембрижийн Их сургуулийн аспирантурыг тус тус төгсчээ. Геохимич мэргэжилтэй, Геологийн ухааны доктор.

Тэрбээр 1988-1999 онд Монгол-Чехословакметал хамтарсан үйлдвэрт геологичоор ажлын гараагаа эхэлж, 1998-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998 оноос "Зориг*"сангийн тэргүүн, 1999 оноос Монголын геологичдын холбооны ерөнхийлөгч, 2000 оноос Иргэний зориг намын дарга мөн дараалан УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.

Ерөнхий боловсролын сургуульд байхад нь түүнийг "Нялцгай шар" хэмээн хочилдог байсан гэдэг. Тэрбээр тулааны урлагийн хар бүстэй аж. Тэрбээр Англид суралцаж байхдаа тулааны урлагаар хичээллэж каратегийн хар бүстэй болсон.

Цэдэвдамбын Оюунгэрэлийг танихгүй хүн байхгүй ээ. Тэрбээр 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургуулийг алтан медальтай дүүргэж, 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгсч байжээ. 1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг тус тус хамгаалсан байна. 2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөрт суралцаж, 2011 оны АНУ-ын Эйзэнхауэрийн тэтгэлэгт шалгаран оролцож байсан удаатай.

Тэрбээр 1975 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зургадугаар сарын 1-нд авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Түүний бага нас далай ээжийн хөвөөнд өнгөрсөн гэдэг. Тухайн үедээ салаа гэзэгтэй энэ охиныг хожмын төр түшилцэх мундаг эмэгтэй болно гэж хэний ч санаанд багтаагүй биз ээ. Тэрбээр Хөвсгөл  нутгаас төрсөн чадварлаг улстөрч эмэгтэй гэгддэг. Өдгөө түүнийг "Батаар"-ыг эх орондоо авч ирсэн хэмээн олон нийт ам сайтай байдаг юм.  Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамны Сайдын албыг хашиж яваа тэрбээр хүүхэд ахуйдаа мөн л сайхан инээмсэглэдэг байжээ. Хааяа энэ инээмсэглэл шүүмжлэлт өртөөд авдаг талтай. Гэхдээ багын сайхан инээдээрээ өөрийгөө чимсээр л...

 

Салдангийн Одонтуяаг Баянгол дүүргийнхэн андахгүй сайн танина. Тэрбээр 1982 онд Нийслэлийн 10-н жилийн 1-р дунд сургууль, 1988 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Улсын Их сургууль төгссөн. Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

С.Одонтуяа 1988-1991 онд Шинжлэх Ухаан Техник мэдээллийн төвд мэргэжилтэн, 1991-1994 онд "Сант" ББХК-ийн захирал, 1995-2008 онд "Сод трейд" ХХК-ий ерөнхий захирал, 2007 оноос "Иргэн Та Баялаг" сангийн тэргүүн, 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2011-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байв.

Тэрбээр дөрвөн хүүхэдтэй айлын отгон охин болж төрсөн.  Тэрбээр багадаа гимнастик, төгөлдөр хуурын дугуйланд явангаа бүлгэмийн зөвлөлийн сонгуульт ажил хийдэг байжээ. Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежневийг Монголд айлчилах үеэр цэцэг өгөх хүүхдийг сонгоход С.Одонтуяа сонгогдон их л хичээж бэлдэж байсан аж.  Харин урьд шөнө нь халуураад уг ёслолд оролцож чадаагүйгээсээ болон уйлж байсан шартай охин. Түүний гомдлыг тайлахын тулд  дараа жилийн Октябрийн баяраар Ю.Цэдэнбал гуайд цэцэг өгүүлж байсан гэж дурсаж байсан удаатай. 1978 онд болсон гоцлол хөгжимчдийн тэмцээнд Моцартын “Турк марш”-г тоглож 1-р байр эзлэн Болгар улсад амрах эрхээр шагнуулсан нь түүнд их урам өгсөн гэдэг.

Д.Ана