“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд бүрдүүлсэн бичиг баримтаа тав хоногийн дотор Мишээл Экспо болон Дүнжингарав худалдааны төв дэх иргэдийн нэг цэгийн үйлчилгээний төвд өөрийн биеэр өгнө. Тодруулбал, Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ний  хүртэл өгнө гэсэн үг юм.

Материалын бүрдэл дутуу болон анкетын мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд дараагийн шатны шалгаруулалтад орох боломжгүй болох аж.

Орон сууц ашиглалт борлуулалтын хэлтсийн дарга П.Алтанхуяг "Иргэд ногоон жагсаалтад орсон л бол тэнцсэн гэж ойлгож байна. Энэ бол зөвхөн эхний шатаа давж буй хэрэг юм. Одоогоор сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шат буюу иргэдийн материалыг хүлээн авч байна. Бид өнөөдрөөс эхлэн иргэдийн материалыг хүлээн авах хоёр цонхыг нэмэлтээр ажиллуулж, үндсэндээ дөрвөн цонхоор иргэдэд үйлчилнэ. Иргэд бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацийн цахим сайтаас дэлгэрэнгүй харах боломжтой. Иргэдийн бүрдүүлэх материал харилцан адил биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэг, залуу гэр бүл гэсэн ангиллаас шалтгаалан бүрдүүлэх материал нь тусдаа байна. Өглөөний 08.00 цагаас өдрийн 13.00 цаг хүртэл үйлчлүүлсэн иргэдээс зөвхөн хоёр нь л зөв материал бүрдүүллээ. Үлдсэн хүмүүс материалаа буруу бүрдүүлсэн, эсвэл судалж асуух байдлаар хандаж байна. Бүртгэл өнөөдрөөр дуусахгүй баасан гариг хүртэл үргэлжлэх учраас иргэд яарч тэвдэж алдаа гаргалгүй материалаа зөв бүрдүүлэхийг зөвлөе" гэв.