О.Цэгмэд: 37-р Точка миний хувьд ажиллагаа, хийцийн хувьд 20 бүрэн хэмжээний уран сайхны кино болсон
2019/08/30
Фантастик продакшны шинэхэн уран бүтээл “37-Р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны кино есдүгээр сарын 07-ны өдөр нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Тус киноны дууны найруулагчаар ажилласан Авиа студийн захирал, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дууны найруулагч О.Цэгмэдтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Тэрбээр "Дурлалын гэмт хэрэг", "Солиот эх", "Зүрхний хилэн", "Тэнгэрээс буусан од", "Байтаг богд" зэрэг олон дэлгэцийн бүтээлийн дууны найруулагчаар ажилласан юм.
-Та өмнө нь нэлээд хэдэн бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээлд ажилласан. Энэ удаа 37-р Точка олон ангит кинонд дууны найруулагчаар ажиллахад нэг ангит кино, олон ангит киноны ялгаа хэр гарав?
-Манай студийн болон миний хувьд анхны олон ангит кинондоо ажиллалаа. Хүмүүс олон ангитай кино гэж харж байгаа. Миний хувьд ажиллагаа, хийцийн хувьд бараг 20 бүрэн хэмжээний уран сайхны кинотой дүйцэхүйц болсон. Өөрөөр хэлбэл, 37-р Точкагийн нэг анги л бүрэн хэмжээний уран сайхны кинотой тэнцэхүйц болсон гэсэн үг юм. Зөвхөн бид нарын авсан дуу гэхэд л трай гаруй, хард дүүрсэн. Ингээд үзэхэд маш их файл бичсэн нь харагдаж байгаа юм. Киноны эхний бүлгийн аудио гээд бүхий л зүйл нь хийгдээд дууссан.
-Түүхэн кино орчин үеийн кинонд ажиллаж байхад юугаараа өөр вэ. Харьцуулж яривал?
-Бид нарын хувьд судалгааны ажил их хийдэг. Өмнө нь би "Байтаг богд", "Зүрхний хилэн" кино дээр гэхэд л тухайн үед ямар зэвсэг хэрэглэдэг байсан бэ гэдгийг судлаад дуу шуумыг нь хийсэн. Тухайлбал, тэр үеийн бууны дууны шуум дээр орчин үеийн бууны шуум тавиад байж болохгүй ш дээ. 37-р Точка киноны хувьд ч гэсэн мөн ялгаагүй.
-Нэг ангитай кинонд хөгжим, дуу чимээ хэр давтагддаг вэ. Олон ангит кинонд давталт байдаг уу, эсвэл зайлсхийдэг үү?
-Олон ангитай кинонд хөгжмийн хувьд давталт орно. Хөгжмийн зохиолч нэг аялгуу зохиочихсон байгаа ш дээ. Түүнийг ямар дүрд зохиосон бэ гэдгээрээ давтагдаж ордог. Гэхдээ тэр болгон яг ижил биш. Өнгө аяс нь өөрөөр хийгддэг байгаа.
-Оюуны өмчийн асуудал сүүлийн үед их сөхөгдөж байгаа. Дууны найруулагч нар энэ асуудлыг яаж шийддэг вэ?
-Оюуны өмчтэй дууг зөвшөөрлийг нь авч хэрэглэдэг. 37-р Точка олон ангит кинон дээрээ маш олон дууг оюуны өмчийг нь авч, ашигласан. Тухайлбал, 70, 80-аад онд хит болж байсан гадны том бүтээлүүдийг бүгдийг нь оюуны өмчийн хуулийн дагуу зөвшөөрлийг нь авсан байгаа.
Яагаад гэвэл бид оюуны өмчийг маш сайн дээдлэх хэрэгтэй. Бид хүссэн хүсээгүй дараа нь зөвшөөрөлтэйгөөр сайт болон Youtube, фэйсбүүк хуудаст байршуулахад оюуны өмчгүй бол цаанаасаа хаагддаг. Зөвхөн дуу гэлтгүй шуум ч оюуны өмчөөр хамгаалагдсан байдаг.
-Миний хувьд дууны найруулагчгүй бол кино амилахгүй юм шиг санагддаг. Харин таны хувьд?
-Киноны бас нэгэн том амин сүнс нь яалт ч үгүй дуу гэж боддог. Кино урлаг нэгдмэл, хамтын бүтээл. Тийм учраас баг хамт олонтойгоо жүжигчин, найруулагч, зураглаачтайгаа нэг цул болж нэгнийгээ ойлгож ажиллаж байж нэг том бүтээлийн ард гарч чаддаг.
-Монголын кино урлаг дууны хөгжил хэр хөгжиж байна?
-Үнэнийг хэлэхэд манайхан киноны дуу тал дээрээ анхаардаггүй байсан. Одоо сүүлийн таван жилд хурдацтай хөгжиж байгаа. Бид нарт дутагдалтай зүйл бий. Техник хэрэгслээс эхлээд дутагдал байгаа. Цаашид энэ салбарыг хамтран хөгжүүлэхийн тулд дууны найруулгын ажиллагааг дор хаяж 4-5 шат болгох хэрэгтэй байгаа. Текст цэвэрлэгээ, шуумны дахин бичилт, нэмэлт эффектүүдийг тус тусад нь шат дамжлагатайгаар хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм.
-37-р Точка киног дуусгаад таны дараагийн уран бүтээл ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би одоо аймшгийн кинонд ажиллаж үзэхийг хүсэж байна. Энэ төрөл нь дууны найруулагчаас ур чадвар шаарддаг. Манай студийн дараагийн бүтээл нь найруулагч Бат-Өлзий ахтай хамтран ажиллаж байгаа. Мөн найруулагч Эрхэмбүрэнгийн бүтээл "Солонго Үүл" кинонд ажиллаж байгаа.
-Цаашдын уран бүтээлд нь их амжилтыг хүсье.
-Баярлалаа.