БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
36 минутын өмнө

Монгол Улс Оюутолгойгоос ирэх онд ногдол ашиг авахаар болсон. Тэгвэл уг ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар саналыг иргэдээсээ асууна гэдгээ Засгийн газраас мэдэгдэж, И-Монголиа, E-Zasag.mn-ээр авч эхэлсэн билээ. Тэгвэл эл асуудлаар хэн, хэн юу өгүүлж буйг "БАЙР СУУРЬ" булангаараа онцлон хүргэж байна.
Санал асуулгад гурван асуултыг байршуулжээ.
- Нэг: Засгийн газар Оюу толгойгоос ногдол ашиг авах нь зөв үү?
- Хоёр: Оюу толгой төслийн ногдол ашгаар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй вэ?
- Гурав: Оюу толгой төслөөс орж ирэх ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ гэх.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир: Хөтөлж байцаалт авдаг шиг хөтөлж асуумж асуусан санал асуулгыг Засгийн газраас хийж байна. Иргэдээс асууна гэсэн л бол иргэд чөлөөтэй саналаа өгөх, илэрхийлэх сонголтыг нь өгөх ёстой.
Ийм хөтөлж байцаасан, тулган шаардсан шинжтэй жүжигчилсэн тоглолтоо болъё. Иргэдээс асууж байгаа юм бол иргэд хувьдаа дансандаа авах гэсэн сонголтыг нь оруулаад санал асуулгаа явуулъя. Тэгээд гарсан шийдвэрийг нь дагая. Асууж л байгаа юм бол. Хувьдаа дансандаа авна гэвэл тэрийг нь хангая. Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх үү, махаа авах уу, үр хүүхдүүддээ өгөх үү, Засгийн газарт ямар ч хамаагүй.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Оюу толгойн 34 хувийг Монгол Улс, 66 хувийг Рио Тинто компани эзэмшдэг. Тиймээс Монголын тал 3 их наяд төгрөг авах юм бол Рио Тинто 6 орчим их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. Нийлүүлэн харвал Оюу толгой компани 2026 оны ашгаасаа 9 орчим их наяд төгрөгийг хувь нийлүүлэгчдэдээ хуваарилах шаардлагатай болж байгаа юм.
Оюу толгой 9 их наяд төгрөгийг хуваарилах санхүүгийн чадвартай юу гэдгийг бид нэгдүгээрт асуух ёстой. Хэрэв зээлээр санхүүжүүлбэл ирээдүйд ямар дарамт учруулахыг заавал шалгах ёстой гэдэг байр суурьтай байна.Засгийн газар энэ асуултад өнөөдрийг хүртэл тодорхой хариулт өгөөгүй. Сангийн яамны тайлбараар хэлэлцээр албан ёсоор дуусаагүй, урьдчилсан байдлаар л тохиролцоод байгаа. Ийм нөхцөлд тодорхойгүй орлогод тулгуурласан төсвийг батлах нь буруу.
Ногдол ашгийг урьдчилж авахыг огт эсэргүүцээгүй. Харин Засгийн газар ирээдүйн орлогоор өнөөдрийн төсвийн алдагдлыг нөхөх гэж байгаа нь буруу. Байгалийн баялгийн орлого ирээдүй хойч үед хуримтлал үүсгэж, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд зарцуулагдах учиртай.
Ногдол ашгаас 1 их наяд төгрөгийг Хуримтлалын санд, 2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 52 төсөл санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Ш.Бямбасүрэн зарлагын энэ хэсгийг бүрхэг хэвээр орж ирсэн. Ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараахаар Засгийн газар төлөвлөж байгаа юм биш биз.
Өнөөдөр эдийн засагт тулгараад буй хамгийн том асуудал нь инфляцын өсөлт. Ийм үед бэлэн мөнгө тараах нь эрэлтийг нэмж, байдлыг улам хүндрүүлнэ. Гал унтраах маягаар иргэдэд тус болж байгаа мэт боловч урт хугацаандаа нөхөж баршгүй эдийн засгийн эрсдэл авчирна.
Оюу толгойн ногдол ашиг бол нэг удаагийн шинжтэй орлого. Тогтвортой бус орлогоор тогтвортой зарлагыг нэмэгдүүлж байгааг бид эрс шүүмжилж байна. Төсвийн сахилга бат гэдэг нь олсон орлогоосоо хэтрүүлэн зарлага гаргахгүй байх, зарлагаа зөв хуваарилах асуудал юм. Гэтэл энэ удаагийн төсөв олсон орлогоо тэр чигт нь зарцуулсан, сонгууль угтсан шинжтэй болсон.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар гурван төрөлжсөн сан байгуулсан. Хуулийн дагуу бол Оюу толгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг Хуримтлалын санд төвлөрч, улмаар иргэн бүрийн нэрийн дансанд бичигдэх ёстой. Ингэвэл нэг иргэний дансанд 830 мянга орчим төгрөг орж, түүнийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны зардалд зарцуулах боломж бүрдэнэ. Засгийн газар өчигдрөөс И-Монголиа системээр дамжуулан ногдол ашгийг юунд зарцуулах талаар иргэдээс санал авч эхэлсэн. Санал асуулга аравдугаар сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. И-Монголиагаар саналаа өгөхдөө нухацтай бодож шийдэхийг иргэдэд уриалж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан: Ногдол ашгийг бэлнээр авах хууль байхгүй. Баялгийн сангийн хуулиар энэ мөнгө Хуримтлалын санд орох ёстой. 10 жилийн дараа хэрэглэх хуулийн зохицуулалттай. Иргэд ногдол ашиг гэхээр шууд авна гэж ойлгоод байна. Ногдол ашиг орж ирэнгүүт гар дээрээ авах хуулийн зохицуулалт байхгүй.
Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд хийгээд, хоёр их наяд төгрөгөөр нь Монгол Улсын эдийн засгийн суурь хөгжлийг тэлэх асуудлаа шийдье гэж байгаа. Эдийн засгаа солонгоруулах, тулгуур салбаруудыг бий болгоё гэхэд хамгийн том асуудал үүсэж байгаа нь эрчим хүч байна. Иймд анх удаа авах ногдол ашгаараа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулъя гэх саналыг Засгийн газар оруулж байгаа. асгийн газар авах ёстой гэж үзэж байгаа. Монголын ард түмэн баялгийн өгөөжөө хүртэх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүрэг нь Монголын талд оногдох өгөөж 53 хувь байна гэсэн. Үүнийг хангуулахын тулд ажиллаж байгаа. Ногдол ашиг өгөх шийдвэр нь гарсан. Засгийн газар гурван их наяд төгрөг авна гэж төсөвлөн оруулж ирлээ. Бид хуульчлаад нэхэх ёстой. Яагаад гэвэл бид баялгийн эзэн, хувь хүртэх ёстой. Бид авах ёстой.
Г.Баасан: Монгол хүн бид нар ноогдол ашгийг авч чадахгүй байхад харийнхан 12 их наяд төгрөгтэй тэнцэх ноогдол ашиг болгож авчээ. Яагаад бид эзэн нь байж давуу эрхгүй байгаа юм бэ? Монголчуудыг 34 хувьтай үлдээсэн. Гэтэл бид өдөр бүр 15 тэрбумын өртэй байна
Г.Уянга: Оюу-Толгойн хамгийн анхны ноогдол ашгаа иргэд дансандаа авч ямар хэмжээний баялагаас ямар ашиг хүртэж болох вэ? гэдэг мэдрэмжийг мэдрүүлэхийг зорьж жагсаалаа хийж байна. Оюу-Толгой компани тоо хэлж чадахгүй байгаа нь шантааж биз дээ гэж уншигдаж байгаа юм. Бүтээн байгуулалт гэж нэг хэсгийг нь авч үлдчихээд сонгуульдаа ашиглах гэж байна уу гэсэн хардлага байна.







гэрэл · 3 минутын өмнө
Эдийн засагт мөнгө орж ирсэн бол ЗГ үрсэн ард түмэн үрсэн ялгаагүй бэлэн мөнгө