Эрүүгийн хуулинд “Заналхийлэх” гэсэн заалт бий. Гэхдээ энэ заалт нь билэгдлийн шинж чанартай гэж хэлж болно. Хүнийг хэдэн жил сэтгэл санааны хямралтай байлгаж, амьдралд гай болсон этгээдийг ердөө л торгоод өнгөрөөдөг болсон аж.

Шинэ Эрүүгийн хууль энэрэнгүй байх бодлого баримталсан гэдгийг анх хэлэлцэж эхлэхэд нь л УИХ-ын гишүүд хэлж байв. Гэхдээ энэрэнгүй гэхэд дэндүү энэрэнгүй гэдгийг илтгэх нэгэн жишээг хүргэж байна.

Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт жолооч ажилтай, Баянзүрх дүүрэгт түр оршин суух хаягтай М.Цогтгэрэл гэгч нь өмнө нь хамтран амьдарч байсан бүсгүйг тайван амьдруулахгүй агсам согтуу тавьж, зодож, хүний санаа бодолд орохгүйгээр ГУРВАН ЖИЛ заналхийлсэн байна.  Тодруулбал, М.Цогтгэрэл гэгч нь Сүхбаатар дүүрэгт өмнө нь хамтран амьдарч байсан Э.А болон түүний хүүхдүүдтэй хамтран амьдарч байсан. Долоон жилийн дараа салж, Э.А нь Б.Н-той хамтран амьдарч эхэлснээс нь болж 2016 оноос 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд заналхийлсээр иржээ.

Заналхийлэгчийн дарамтад хэрхэн өртөж байсан талаараа Э.А бүсгүй:...2009 онд Цогтгэрэл гэдэг хүнтэй танилцсан. 2010 онд нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. М.Цогтэрэл нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан. 2011 оноос эхлээд надад агсам тавьж, үг хэлээр дайрч доромжилж, зодох нүдэх болсон. 2012 онд намайг охиноо төрүүлчихээд 2 сар гарантай байхад М.Цогтгэрэлийн төрсөн ах нь болох Тогтохгэрэл манай гэрт ирж намайг гэрээс хөөж улмаар миний зүүн хөлний шилбэний урд хэсгийн булчинг гэмтээж байсан. 2011 оны 7 сард миний хүү /16 настай байсан/ бид хоёрыг Био комбинатын голын урд талын далангаар өөрийнхөө хөх өнгийн Элентра маркийн машинаар хөөж байгаад зодож байсан. Иймэрхүү байдлаар архи уух болгондоо намайг болон миний хүүхдийг байнга зодож, дарамталдаг, гэрээс хөөж туудаг байсан. 2016 оны сүүлээр бид хоёр цуг амьдрахаа больж салцгаасан боловч байнгын манай гэрээр согтуу ирж биднийг дарамталж, хаалга үүд эвдэлж байсан. Би 2017 оны 10 сард Б.Н гэдэг хүнтэй нийлж хамтран амьдарч байгаа боловч М.Цогтгэрэл архи ууж агсан тавих явдал нь тасраагүй. Б.Н-ын бид хоёрын гар утас руу байнгын залгаж хэл амаар доромжилж хараадаг, хутгаар нэвт хатгаж ална машинаар дайрч ална гэх зэргээр заналхийлэх болсон. Сүүлд 2018 оны 04 дүгээр сард М Цогтгэрэл нь архи ууж согтуу ирээд миний хамтран амьдрагч Б.Н-ыг зодож байсан. Тухайн үед бид хоёр М.Цогтгэрэлийг уучилаад гомдолгүй гэж байсан. Гэтэл архи ууж агсан тавьж танхайрах, заналхийлэх байдал нь зогсоогүй. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.Н-ыг дахин зодож гэмтэл учруулсан одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. Би М.Цогтгэрэлд байнгын зодуулж дарамтлуулж байсаны улмаас шээс задгайрах, мөн хоолойнд хавдар төст эд гэдэг өвчнүүд туссаны улмаас мэс заслын хагалгаанд орж байсан...” гэжээ.

Түүний заналхийлэлд өртсөн  Б.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Намайг зодсон. Тэгээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очижөргөдөл өгсөн. Өөрөө ирээд намайг уучлаарай гээд үрээд ирсэн би хүсэлтээ татаж авсан. Сүүлдээ надруу байнга утсаар дарамталдаг болсон. Сүүлдээ манай ажил дээр ирээд 2019 оны 2 сард тэгсэн манай хотхон руу тавьдаг хаалтан дээр машинаа тавиад байхаар нь хэлсэн намайг зодсон. Би шүүхээр ороод 192.000 төгрөг авсан тэгээд давж заалдсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээр ороод 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгосон. Одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Цагаан давааны хогийн цэгийн тэнд том машинтай миний жижиг машин руу тулж ирээд миний машины кабин руу татаж байсан тамхиа шидсэн...”

М.Цогтгэрэл нь хамтран амьдарч байсан бүсгүйгээ хүүхдүүдийнх нь дэргэд зоддог байсан бөгөөд өөрийнхөө төрсөн хүүхдийн гарыг хугалж байжээ.

Хамтран амьдрагчаасаа салныхаа дараа  гурван жил орчим заналхийлж байсан үйлдлийг нь Сүхаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, Сүхбаатар дүүргийн прокуророос М.Цогтгэрэл нь гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Цогтгэрэлд бусдыг заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Өөрөөр хэлбэл гурван жилийн сэтгэл зүйн дарамт, зодуулсан зодуурыг шүүхээс 550 000 төгрөгөөр л үнэлсэн.  Хуулиндаа ингэж заасан болохоор шүүх хуулиндаа захирагдсан нь энэ.

Бодит амьдрал дээр энэ мэтээр заналхийлэлд өртсөн хүмүүс нэгээр тогтохгүй. Тэдний зовлон зүдгүүрийг ингээд мөнгөн торгуулиар хэмжээд байвал хэр энэрэнгүй тогтолцоо вэ? Мөнгөтэй хүн бол торгуулиа төлчихөөд л дахиад заналхийлээд байж болно гэсэн үг юм.

Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж  Эрүүгийн хуулиа дахин нэг эргэж харахыг УИХ-ын гишүүд, ЗГ болон Ерөнхийлөгчөөс хүсэж байна. Эс бөгөөс Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт цусаар бичигдэх магадлалтайг сануулж байна.