НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан байдаг. 

Сүүлийн жилүүдэд охид, хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэх хүчирхийлэл тэр дундаа охидын бэлгийн халдашгүй байдлын эсрэг хүчирхийлэл газар авч нийгмийг цочроосон олон хүчирхийллийн хэргүүд шил дараалан гарах болсон. 2019 оны эхний 4 сарын байдлаар бага насны охидын эсрэг үйлдэгдсэн хүчирхийлэл өмнөх онтой харьцуулахад 22.5 хувиар өссөн судалгаа байна.

Нийгмээрээ харамсан халаглаад тэгс гээд мартсан, бурхан зүгт одсон охидын тухай "Олон улсын охидын эрхийг хамгаалах" энэ өдрөөр нэхэн бичье.

2018.11.24  “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдав. Түүнийг хэн нэгэн түлхсэн, хамтран амьдрагч нь буруутай хэмээн олон таамаг дэвшүүлсэн ч гадны нөлөөгүй болохыг цагдаагийн байгууллага тогтоосон. ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал “Ч.Чамин-Эрдэнийн шалгалтын ажиллагаа дууссан.Тодорхой сэжиг таамгуудыг шалгасан ч энэ хэрэгт гэм буруутай хүн тогтоогдоогүй" гэж мэдэгдсэнээр түүний тухай яриа тэгс гээд намжсан. 

2019.03.17  ЭХЭМҮТ-д амаржихаар очсон 17 настай эмэгтэй гэнэтхэн цонхоор үсэрч амиа хорлов. 2019 оны 03.26-ны өдрийн  22.50 минутанд БГД-ийн 11 дүгээр хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэй унаж байсныг харсан Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган уг эмэгтэйг тосч авч амийг нь аварсан. Улмаар ЭХЭМҮТ-ийн эмч нар эмэгтэйг амаржуулах арга хэмжээ авсан ч ураг амьгүй болсон, эмэгтэй хавсарсан бэртэл их байсан тул ГССҮТ-д яаралтай хүргэсэн ч хавсарсан хүнд гэмтлийн улмаас хорвоог орхисон. Талийгаач ЭХЭМҮТ-ийн төрөх тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд ар гэрийнхнээ хоол, цай авчрахаар гарах үед цонхоор үсэрсэн гэдгийг эх сурвалж мэдээлж байв. 

2019.04.09 Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргилыг холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байв. Бүсгүй мөн л гадны нөлөөгүй цонхоор үсэрчихсэн гэх мэдээллийг тухайн үед хамт байсан найз залуу нь мэдүүлсэн байдаг ч түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүх гаргасан. 

Яагаад амиа хорлох болов, юуны учраас амь хохиров гэдэг шалтгаан нь тодорхойгүй дээрх гурван бүсгүйн үхэлд нийгмээрээ харамссан ч өнөөдөр мартжээ. Амьдралд ямар ч шалтгаан байсан амиа хорлоно гэдэг асар их зовлон шаналал, дарамт шахалт, хүчирхийллийн улмаас эл шийдвэрийг гаргасан байх тохиолдол элбэг. 

Манай улсад хүчирхийллийн золиос болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй охидоо хамгаалах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Бараг сар болгон хэн нэгний хайрлан, энхрийлж ургуулсан "цэцэг" бусдын гарт, бусдын эрхшээлд автаж бие мах бодь, сэтгэл санаа, оюун бодлоороо хохирч байгаа нь нийгмийг эмзэглүүлж байна. 

Бид охидоо хэн болгон хүмүүжүүлж байгаа вэ?

Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр. Тэд ямар эрхтэй вэ? Манай улсын хувьд 0-18 насны охид нийт эмэгтэйчүүдийн 35 хувийг эзэлж байна.  Өөрөөр хэлбэл манай Улс 560 мянган охидтой. Монгол ээжүүд “Эмэгтэй болохоор чи гэрээ цэвэрлэх ёстой, хоолоо хийх ёстой, гэр бүлээ халамжлах үүрэгтэй” гэдэг хандлагыг багаас нь ойлгуулдаг. Гэхдээ үүнийг үүрэг мэтээр ойлгуулах бус амьдарч буй орчноо эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах, гэр бүлдээ санаа тавих нь хувь хүний хариуцлага хийгээд амьдрах ухаанд суралцаж буй хэрэг юм гэдэг утгаар нь охидоо хүмүүжүүлэх хэрэгтэй байгааг Хүний эрхийн үндэсний комиссын референт хэлж байлаа.  

 

Охидтойгоо ярилцах ёстой. Тэднийг ойлгох учиртай. Тэгээд зөвлөх ёстой. Охидоо хайрлаж, охидоо хамгаалъя. 

 

Г.Сүрэн

шууд.мн