Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа.

Өнөө өглөөний мэдээллээр өчигдөр буюу аравдугаар сарын 14-15-нд шилжих шөнө угаартсан байж болзошгүй долоон дуудлага Эрүүл мэндийн байгууллагуудад иржээ. Чингэлтэй дүүргээс хоёр өрх дуудлага өгсөн бол Баянзүрх дүүргээс таван өрх дуудлага өгсөн гэдгийг албаныхан мэдээлэв. Угаарын дуудлага өгсөн иргэд эмнэлгээс тусламж авч, гэртээ буцжээ.