УИХ-ын гишүүн Ц.Гарамжав зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэгвэл уг төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.

Энэхүү хуулийн төслийг анх 2019 оны хоёрдугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн нийт эмэгтэй гишүүд санаачилсан аж. Тухайн үед хэлэлцэх эсэхийг нь дэмжээд хэлэлцүүлгийн явцад зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй 1990 онд хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан бүх дөрвөн нөхцөл буюу эрэгтэйчүүдийг нэмж оруулъя гэсэн чуулганы чиглэл гарсан байна. Тиймээс хуулийн төслийг татаж аваад дахин хуулиа томьёолох шаардлагатай болсон учраас ийнхүү дахин оруулж ирсэн хуулийн төсөл хэлэлцэх эсэх нь дэмжигдээд байгаа юм.

Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "1990 онд БНМАУ-ын тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль батлагдсан. 1991 оны нэгдүгээр сарын байдлаар 288 мянган иргэн тэтгэврийн хуульд хамрагдаж тэтгэвэрт гарсан байдаг. Энэ иргэдийн 133 мянга нь ямар нэгэн нөхцөлөөр наснаасаа эрт тэтгэвэрт гарсан байсан. Мөн тус 133 мянган иргэний 83 мянга орчим нь эмэгтэй байсан байгаа юм. Гэхдээ 1997 онд хууль гараад хөнгөвчилсөн нөхцөлөөр наснаасаа эрт тэтгэвэрт гарсан иргэдийнхээ тэтгэврийг түр түдгэлзүүлж тэтгэврийн хувь тэнцүүлэн нөхөн олговор олгож эхэлсэн байдаг. Энэ нь, хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдээс “Бид тэтгэвэрт гарсан учраас нийгмийн янз бүрийн халамжийн гадна үлдэж байна. Мөн тэтгэвэр тогтоолгосон гэдэг шалтгаанаар ажилд орох боломжгүй болсон. Энэ мэт гэр бүлдээ нэмэлт орлого олох олон боломжоо алдсан” гэдэг гомдол ихээр ирсэнтэй холбоотой.  байдаг. Тухайн 1997 онд судалгаа хийхэд хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 44 мянган иргэн байсан. Тэдний тэтгэврийг нь түр түдгэлзүүлээд тэтгэврийн нас хүртэл нь нөхөн олговор явуулаад 2017 он гэхэд ихэнх нь тэтгэврийн насанд хүрсэн тул хуулийн хугацаа дуусгавар болсон байдаг. Харин бид 2018 оноос эхлээд хууль санаачлахаар судалгаа явуулж эхэлсэн. Яг өнөөгийн буюу 2019 оны аравдугаар сарын байдлаар хөнгөвчилсөн тэтгэвэр тогтоолгосон 21300 иргэн байна. Үүн дотроо 18300 орчим нь эмэгтэй, 3000 орчим нь эрэгтэйчүүд байгаа.

Тэгэхээр хуулиа татаж авч дахин боловсруулаад сая хоёр дахь удаагаа өргөн барихдаа бүх нөхцөлөөр буюу тэтгэвэрт эрт гарсан эрэгтэй, эмэгтэй иргэдээ бүгдийг нь оруулсан. Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд “Дөрвөн нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан бүх иргэдээ тусгачихлаа. Тэтгэврийн дундаж 374.8 мянган төгрөг байдаг юм байна. Үүнд хүргэе” гэсэн судалгаа саналаа явуулсан. Засгийн газрын бүх яамд бидний явуулсан хуулийг хянаад шийдвэрээ гаргасан. Тухайлбал, ХНХ-ын сайд С.Чинзориг “Засгийн газарт наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн судалгаа, өргөдөл их байна. Бүх иргэн дээр нэмнэ гэвэл 500 тэрбум төгрөг шаардлагатай. Зөвхөн энэ хуульд хамрагдаж байгаа 21.3 мянган иргэнд тооцох юм бол 12.5 тэрбум төгрөг болох юм байна. Үүнийг улсын төсөв дээр тавьж өгье. Тэгвэл нэг хүний тэтгэвэр 50 мянга орчим төгрөг нэмэгдэх юм байна” гэсэн юм.