Цахим  орчин болон нэр бүхий сайтад зуух дэлбэрч, гуравдугаар ангийн сурагч хүү аавтайгаа хүнд гэмтэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тухай гарсан. Тэгвэл энэ талаар албан эх сурвалжуудаас тодруулахад зуух дэлбэрээгүй, гал гарсан гэдгийг мэдээллээ.  

Хүн гэмтэж, бэртсэн ахуйн болон автын осол цагдаа, онцгой байдал, эмнэлэгт заавал бүртгэгддэг. Тиймээс бид зуух дэлбэрч, аав хүү хоёрын биеийн байдал хүнд байгаа хэргийн талаар цагдаа болон онцгой байдлын газар, тухайн аас тодрууллаа.

Онцгой байдлын ерөнхий газар:  “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Тахилт”-ын 4 дүгээр гудамжинд иргэн Л-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11 км зам туулан 17:32 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Л /37 настай, эрэгтэй/, С /8 настай, эрэгтэй/ нар өртөж бага зэрэг түлэгдсэн байсан тул НТТТ зөвлөгөө өгч, боолт хийн гэрт нь үлдээсэн” гэв.

Цагдаагийн ерөнхий газар: “Баасан гаригт гал гаран гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс ажилласан. Одоогоор  шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Хэргийн газарт  байсан гэрчүүдийн хэлж байгаагаар хүүгийн аав болох 37 настай иргэн Л : Гал юунаас гарсныг мэдэхгүй байна. Ямар нэгэн юм дэлбэрээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлсэн аж. Мөн цахим орчинд мэдээллээд байгаа шиг сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа асуудал байхгүй. Харин ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.