Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу 2020 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн сурагчдыг үдийн хоолоор хангах үүрэгтэй. Нийслэлийн тэргүүний Нэгдүгээр сургуульд "Үдийн цай" хөтөлбөр нь үдийн хоол болсон байдаг. Гэтэл өдгөө цайны газар нь шүүхийн маргаантай асуудал үүсчихээд байгаа учраас эзэнгүйдсэн. Үүнээс үүдэж тус сургуулийн захиргаа хүүхдийн үдийн цайнд хаяг, шошгогүй, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурагчдын үдийн цайнд өгч байгааг тус сургуулийн багш эсэргүүцэж, өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэсэн билээ. Багш нарын зүгээс эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрөөтэй бүтээгдэхүүнийг сурагчдадаа өгөхгүй хэмээн эсэргүүцэхэд “Үүнийг тараахгүй бол захирал ажлаас нь хална” хэмээн хяналт тавих ёстой эмч нь хэмээсэн талаар ч ярьж байсан.  Ийнхүү хүүхдийн үдийн цайг таслахгүйн тулд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилж, хүүхдийн эрүүл мэндэд заналхийлж байгааг тус сургуулийн багш нар эсэргүүцэж  Монголын ҮЭ-д хандсан байдаг. Гэтэл өнөөдөр Нэгдүгээр сургуулийн 70 гаруй багш цаашид ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Учир нь чанаргүй үдийн цайнаас болж хүүхдүүд хордлогонд орсон үүнийг нь эсэргүүцсэн багш нарыг халах шийдвэрийг тус сургуулийн захиралыг түр орлон гүйцэтгэгч Д. Цогзолмаа гаргасан байна. Тодруулбал, хэвлэлийн хуралд оролцсон Ч.Энхнасан багш, сургуулийн эмч Д.Болормаа нарыг худлаа мэдүүлэг өгсөн хэмээн тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас халах шийдвэр гаргажээ. Үүнийг эсэргүүцэн тус сургуулийн 70 гаруй багш Д.Цогзолмаа захиралтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэх гарын үсэгтэй өргөдлийг энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны үеэр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Боловсролын газарт хүргүүлжээ. Гэвч одоог хүртэл өргөдлийн хариуг өгөөгүй талаар тус сургуулийн багш нар мэдээлэв.

Харин тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмааг эрх бүхий албан тушаалтан гэдгээр сахилгын арга хэмжээ авна уу гэсэн саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлжээ.

Д.Цогзолмаа захирлын хувьд тус нөхцөл байдалтай холбогдуулан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө энэ оны арваннэгдүгээр сарын 04-нд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Нийслэлийн Боловсролын газарт тус тус гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч ямар нэгэн шийдвэр одоогоор гараагүй байгаа бөгөөд  Д.Цогзолмаа ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа юм.