Хэрэг хуучирдаггүй гэдгийг ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Д.Даваа, орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын үйлдэл нотлон харуулж байх шиг.

Энэ оны эхээр буюу хоёрдугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Зэвсэгт Хүчний 310 дугаар ангийн ахлагч Я.Ганболд /45 настай/ Налайхын хайрганы карьерт элс ачсан ЦАБ 1819 улсын дугаартай, ачааны машины дугуйн дор чулуу ивэх гэж байгаад амь насаа алдсан хэргийн учир шалтгаан өнөө хэр нууц хэвээр байгаа. Цаашид ч үнэн мөнийг илрүүлэхгүйгээр баллуурдахын тулд дээрх нөхөд онцгойлон нууцалж, албан тушаалын наймаа хийхдээ хүрч байна гэдгийг учир мэдэх нөхөд ярьж эхэллээ. Хэргийг нэхэн сануулахад, ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Д.Даваа, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нар Найлайх дүүрэг дэх хувийн хаус байшингаа эргэх үедээ Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа О.Баянжаргалыг дуудаж үүрэгдэн миний байшин гол дагуу болохоор үерийн усны халиа орж ирсэн байна. Хайргаар хаших хэрэгтэй тул машин гарга гэсэн байдаг. Тухайн 310 дугаар анги нь “Ой мод цэвэрлэх” гоожин мод бэлтгэх төлөвлөгөөт ажилтай байсан боловч даргын албан бус тушаалыг биелүүлэн ажлын бус цагаар эрхэм дарга нарын хувийн ажлыг амжуулж байгаад тийнхүү харамсалтай хэрэг гарсныг уншигчид санаж буй бизээ. Үүний дараахан хэрэг ослын шинжтэй хэмээн ангийн захирагчийг албан ажлаас нь чөлөөлсөн боловч хэрнээ цаад учир шалтгааны далд эзэн, нууц ноёнтонд өнөө хэр хариуцлага тооцоогүй хэвээр.

Харин ч өөрсдийгөө уснаас хуурай гаргаж сурсан Д.Даваа, Р.Сүхбат нар хамаг хариуцлагыг хурандаа О.Баянжаргалд тохсон болж түмний нүдийг хуурангаа араар нь албан тушаалын тохиролцоо хийсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөхөөр томилогдсон дэслэгч генерал Д.Даваа хошууч генерал Р.Сүхбатыг өөрийн оронд томилуулж харин хариуцлага үүрэн шийтгүүлсэн гэх О.Баянжаргалыг ЗХЖШ-т өмнөхөөс нь ч өндөр албан тушаалд томилуулахаар хөөцөлдөж байгаа гэдгийг эх сурвалжаас өгч байна.

Зэвсэгт хүчинд өргөсөн тангарагтаа үнэнч шударга албан хаагч бий эсэхэд олон нийт эргэлзэх болсон энэ үед хүний амь, хариуцлага шийтгэлийн ард жишим ч үгүйгээр албан тушаалын наймаа хийхээр ханцуй дотроо шивнэлдэж буй генералууд эх орноо гэх үү гэх хатуу асуулт цэргийнхний дунд бий болсоор удлаа.

Тэтгэвэртээ суух генералуудын эцсийн цэг Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөх, эсвэл аль нэг улсын элчин сайд, дипломат эрхт хэн нэгэн болдог шударга бус дамжлага байсаар байхад дээрх эгэл нэгний үнэгүйдсэн амь, энгэртээ наймаалцах албан тушаалын өгөө аваа байсаар байх биз ээ.

niigmiintoli.mn