Бид одоо дөчин хэдэн настай. Хэдийнээ гэр бүл зохиогоод хэд хэдэн хүүхдийн аав ээж болцгоожээ. Анх л худалч хүнд хэл орохдоо л “хямрал”-ын тухай дуулж, цэцэрлэг сургуульд ч бас энэ үгийг сонсож, хожим их дээд сургуульд ч бас энэ үг бидний амьдралаас салахгүй зууралдсаар байлаа.

Эхэндээ эдийн засгийн хямралаас салчихвал ч гэсэн өчүүхэн горьдлого тээсэн үгс сүүдэр шиг бидний амьдралд бүртэлзэж байсан биз. Дараа нь улс төрийн хямралаас л салчихвал сайхан болно хэмээсэн уриа лоозон шиг үгс нийгэм даяар цуурайтаж эхэлсэн билээ. Одоо бол өнөө айхтар хямрал салахгүй зууралдсаар бидэнд ОЮУН САНААНЫ хямрал нүүрлэжээ. Тэр хямрал өнөө хоёроосоо үндсээрээ шал дор зүйл гэдгийг ойлгохгүй явсаар ардчилал 30 нас хүрч, бид ч хүний зэрэгт хямралтайгаа хамт л очив.
Социализмыг нэхэн санагчдын дотор бидний нэгээхэн хэсэг байдаг гэж сонсоод анхандаа итгэсэнгүй. Бүрэн амьдарч, амьсгалж үзээгүй цаг үеийнхээ сайн сайхан, бас муу мухайг яаж мэдээд байна вэ? “Зөн билгийн” улсын уралдаанд оролцвол зохино. Эсвэл өнөөх вирусын гаралтай ханиад гэдэг шиг салдаггүй ХЯМРАЛ эцэстээ биднийг ямар нэгэн сайн сайхны горь горьдлого тээсэн тийм цаг үе хэзээ нэгэн цагт байсан гэж итгэхэд хүргэв үү? Үгүй бол хуучнаа санагалзан мөрөөдөгчид бидний насан туршийн хямралтай тархи толгойг энэ гучин жилийн хугацаанд ингэтлээ сайн хөөсрүүлэн угааж чадав уу?
Тэр үед бүх шатны сургууль төлбөргүй байлаа. Үгүй мөн сайхнаа. Тэр үед улсаас байр олгодог байлаа. Үгүй мөн сайхнаа. Тэр үед зам талбай сул чөлөөтэй байлаа. Үгүй мөн сайхнаа. Тэр үед түгжрэл, утаа униар байсангүй. Нээрээ мөн сайхнаа. Тэр үед талх тийм үнэтэй, архи ийм хямдхан байлаа. Ёстой нэг жаргаж байжээ. Ардчилал гарснаас хойш... Блаа, блаа, блаа... Худлаа ш дээ, хамуудаа. Хүний оюун санааны ямар олон боломж хааллтай байлаа. Ямар загварчлагдсан, ямар төлөвлөгдчихсөн, ямар томоожсон хумигдмал ”ертөнцөд” амьдарч байлаа. Хоол унд хямдхан байхаас хэд дахин илүү үнэ цэнэтэй зүйлсийг өмсөж зүүхийн түвшинд аваачиж хутгасан улс төр-эдийн засгийн хямрал чинь яван явсаар эцсийн хэв шинжээ олсны илрэл.
Үндэстнээрээ сэтгэл зүй нь хувьд ХЯМРААД хачин эмзэг болсноо бид бүгдээрээ мэдэх болжээ. Гэхдээ бидний үеийнхэн бусдаас арай л амархан уурлана, гомдоно. Хатуу үг сонсохоороо өрвөлзөнө. Дандаа өөрийнх нь талд байж, дандаа өөрсдийг нь магтаж, дандаа хэлсэн бүгдийг нь нийтээрээ зөвшөөрч байх ёстой юм шиг аашилна. Хэн хэндээ айхтар эрэлхүү хандана. Энд бүхэнд бас өнөөх ХЯМРАЛ гуай л сүүтэгнээд байгаа бололтой. Саяхан даа, машинаа хооронд нь ялимгүй шүргэлцүүлсэн миний насны хоёр бүсгүй зодолдож байхыг харав. Эм барсаа, эм барс. Үсдэх хазах, маажих бол энүүхэнд. Гол нь бие биенийгээ хоосон ядуу, унасан юмныхаа үнэд хүрэхгүй, муу ямбий зайдалчихаад гээд хатуу үгсээр харааж ерөөж гарлаа. Хэрэг дуртай хэсэг хүний дунд би зогсож байгаад хямралын үеийн хүний хамгийн гол шинж болох хор шар, атаа жөтөөг олж харав. Ердөө л хүний хямрал...
Саяхан даа, саяхан. Эрдмийн зэрэг горилогч үеийн эр бичсэн судалгааны ажлаа барьсаар ирэв. “Бүтцийн хувьд биш л байна” гэчихсэн чинь шууд л уурлаж хялмалзаад “та нарын уран зохиол судлал хоцрогдсон гэх нь холгүй” үг чулуудчихаад гараад явав. Их л хямарч байналээ. Аргагүй муухан хийсэн киногоо мууллаа гээд ар хойгуур минь аашилж загнаад байхаар нь хувьсгалаар хүмүүжсэн ч хулчгар зантай би “одоогийн олон гялгар кинонуудыг үзэж” хэл ам хэрүүл шуугианд өртөхөө болихоор найзуудаасаа зайгаа авч, тэнгэрээ л ширтэж шүлгээ л бодохоор шийдэв. Аяа бас бидний хямрал үг даахгүй хэв шинжээр энэ нийгэмд аргаа баран сэлгүүцнэ.
Хүүхдийг магтаад л бай тэгвэл онц сурна ч гэх шиг. Хүнд магтаал цэцгэнд ус агаар хэрэгтэй ч гэх шиг. Бурууг нь харсаар байж хэлээ хазаад ус залгисан юм шиг өнгөрөх үү? Дарга нарыг минь мууллаа, тэгвэл өөрсдөө дарга хийгээд үз ч гэх шиг. Битгий давраад бай, та нар намайг сонгоогүй ч гэх шиг, миний бичсэн зохиолыг муулсан тэр муу шүүмжлэгч яаж яваа бол доо, би мянган уншигчтай болчихлоо ч гэх шиг. Би түүний хатан болно ч гэх шиг. Өнөөх хямрал бидний төв мэдрэлийн систем, сэтгэлзүйг идэж хороож бараад атаа хорслын хүндэрсэн хэв шинжиндээ шилжиж байна. Тэр нь цээжинд биш. Энүүхэн энд хоолойд ч биш. Бүр аманд дээр булталзан цухалзаж, шууд л уур хилэнгийн гал дөл болон асгарч байна. “Өшөөгөө заавал авна даа” гэж шүд зуух нялх хүүхдүүдээ “зүйтэй” хэмээн өөгшүүлдэг эцэг эхчүүдийн үе бас л бид нараар эхэлж байна. Хүний дор орохгүй, баян цатгалан амьдрах, хэнээс ч юугаар ч дутахгүй гэх өрсөлдөөн, залилан мэхлэлт, хуурамч амлалт, байхгүй байж байгаагийн дүр үзүүлэх зовлон, өнгө мөнгөний тулгаралт, өмссөн зүүсний ялгаварлыг бид өсгөж үржүүлж, өсөн нэмэгдүүлжээ. “Үйлийн үр үсний ширхэг бүхэнд бий” гэсэн манай нэг яруу найрагчийн шүлэг байдаг юм. Тэгвэл үйлийн үр бидний амьсгалын тоо бүхэнд оршино. Бодолд мянга түмээрээ, үйлдэлд үй олон саяараа үүрлэжээ. Ёстой балаар дүүрсэн зөгийний үүр шиг хямралаар дүүрсэн элдэв гажиг бодол санаа бидний дотор дүнгэлдэж байна.
Сэтгэцийн талаар 100 хувь эрүүл хүн гэж байдаггүй юм гэнэлээ. Үнэн байх. Харин 60 хувиас доош сэтгэцийн өөрчлөлтийг өвчин гэдэг юм гэсэн. Харахад андашгүй бүр 30-аас ч доош хувьтай бидний үеийн заримууд маань улс төрийг ёстой улаан гараараа самарч байна. Энэ бол бас өнөөх оюуны ХЯМРАЛЫН бодит үлгэр жишээ. Томоос том тэнэглэлийн бахдам үлгэр жишээ. Ичмээр, энд тэнд хүн амьтанд дуулгамааргүй үлгэр жишээ. Саяхан даа, саяхан. Монгол судлаач гадны эрдэмтэн надаас хэрэг болгож “Монголд юу өрнөөд байгааг сонирхож” их олон сэдвээр асуув. Урлаг сэргэж байна гэж нэрэлхлээ. Улс орон хөгжиж байна гэж омойтлоо. Улс төр хэвийн гэж улайм цайм заллаа. Нэрэлхүү зантайдаа биш эх орноо хайрлах сэтгэлээр л тэгж хэллээ. “30 жил урт хугацаа та нар их удаан өөрчлөгдөж байна” гэхэд нь монгол хүн “долоо хэмжиж, нэг огтол гэдэг юмаа. Бид аливаад хашир хүмүүс” гэж ямар ч хамаагүй зүйр цэцэн үгээр тойруулсхийв. Харин дотроо энэ мууд бид юуны хамаа хэмээн ичихгүй шаралхлаа. Оюуны хямрал маань хөөөрхий, энэ эх орныхоо хүрээ хязгаараас халиад дэвэн дэлхийн шившиг болох үлгэр жишээ болж эхлэв. Хүүхдүүдийн хэлдгээр эх орноо ёстой жинхэнэ утгаар нь гүйцэд “самарч” байна.
Ядаж байхад урлаг унав, уран зохиол, театр нурав. Бид чадахгүй юм байна. Хичээсэн үү, хичээсэн. Хийсэн үү, чадах чинээгээрээ хийх гэж оролдсон. Гол нь бид хэтэрхий завсардчихаад байна. Эдийн засагчдын маань тархины тал нь төлөвлөгөөт эдийн засаг, тал нь зах зээлийн эдийн засаг, улс төрчдийн маань тархины тал нь социализм, тал нь капитализм, урлаг уран сайханчдын маань тархины тал нь соцреализм, тал нь натурализм. Дээрээс нь насан туршид сэтгэлд уяатай яваа ХЯМРАЛ, түүний зэрэг зиндаа нь улам бүр ахин нэмэгдсээр байгаа ХЭВ ШИНЖҮҮД. Ийм байхад чинь яаж ШИНЭ НИЙГЭМ байгуулах билээ. Хямрал хүний мөн чанарт халдаж улам хүндэрсээр цааш үргэлжлэх нь. ТИЙМЭЭС...
ЧАДВАЛ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГЦГӨӨЕ. ХЯМРАЛ БИД НАРААР ЭХЭЛСЭН БИД НАРААР ДУУСАГ. 

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ