Б.Энх-Амгалан сайд аа, та яамныхаа ажилтнуудыг хээл хахууль авахад мэргэшүүлж байгаа юм уу
2020/01/03
Монгол Улсын дэд бүтцийн хөгжил түүний дотор зам тээврийн салбарын хөгжил улс орны нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой. Гэвч сүүлийн үед энэ салбарт хээл хахуулийн хэргийн цуваа тасрахгүй байна.
Өнгөрсөн намар Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандыг баривчилсан. Түүнийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьсон.
Д.Доржхандын хувьд тендерт нэгэн компанийг ялуулсныхаа төлөө авлига авсан гэх мэдээлэл гарч байв. Гэтэл үүний араас Д.Доржхандын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан газрын дарга нь хахуул авсан хэргээр он гарахын өмнөхөн саатуулагдав.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын “Баруун аймгууд руу салдаг уулзвараас 52 даваа хүртэлх авто замыг тавьж байгаа” БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж компанийн Хятад иргэнээс авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж байгаа.
Ийнхүү нэг албан тушаалтан нь авилга хэргээр хоригдож байхад орлон гүйцэтгэгч нь авилга авч байдаг. Энэ бол тухайн яамны шат шатандаа асуудал байгаагийн илрэл гээд хэлчихвэл буруудахгүй.
Өнгөрсөн зунаас эхлэн ард түмний сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаагаар тоглосон ажил бол Улаанбаатар Дарханы зам. Тухайн замын таван хятад компанид хариуцуулсан ч ажил урагшилсангүй. Тэгвэл энэ замыг дордуулж ард түмний бухимдлыг төрүүлж байгаа шалтгааныг Хятад компаниудаас бус замын хөрөнгөнөөс хувьдаа завшиж, хумсалж байгаа яамныхнаас болжээ гэвэл эндүүрэл болохгүй мэт. Уг нь ЗТХЯ бол хариуцсан сайдтай. Гэтэл хэлтсийн дарга нар нь сайдынхаа толгой дээр гарч, түмний зорчих замын мөнгөнөөс хумсалсаар байгаад дүгнэлт хийх цаг болжээ, Б.Энх-Амгалан сайд аа. Сайд танай хариуцсан яамныхан мэргэжилдээ бус хээл хахууль авахад мэргэшиж байгаа юм биш үү.
О.ОНОН
www.Olloo.mn
Баасанжав · 2020/01/04
Мөнгө хуссан нөхөдийг МАН/ынхан томилсон шүү дээ! Энэ намын нөхөд ер нь бодохоо байсан бнаа. Арга ч үгүй дээ дээгүүрээ хулгайлаад байхаар доогуур нь яаж зүгээр суух вэ? 2020 оны сонгуулиар өөрчилэхгүй бол болохгүй бнаа
Зочин · 2020/01/03
Энэ яамаа татан буулга буг чөтгөр бүгд байна
Хүннү · 2020/01/03
Энэ сайдад ямар буруу байгаа. Өмнө нь мэргэшчихсэн хүмүүс байсан юм. Харин сайд тэднийг “няслаагүй” нь алдаа байсан. Сүүлийн үед төрийн албыг тогтвортой байлгах талаар ярьдаг болсон. Авилгач, хулгайч нар тэнд оччихоод улсын хөрөнгийг насаараа идэх гэж “тогтвортой” байх юм яриад байх болж. Мөнгө хуссан бол нийгмээс зайлуул “далд” хий.