Монгол улсад 2003 онд батлагдсан "Арбитрын тухай" хууль өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэхүү хуулийг 1985 онд НҮБ-ын Худалдааны эрхийн комисс-ын гаргасан "Олон улсын арилжааны арбитрын тухай" загвар хуулийг удирдлага болгож гаргасан.  Хуулийн хүрээнд 2013 оны байдлаар 45 маргаан шийдвэрлэгдсэн байгаа нь бүх шатны шүүхийн байгууллагаар жил тутам шийдвэрлэж буй 13,000 гаруй тохиодолтой харьцуулвал туйлын хангалтгүй үзүүлэлт гэж АНУ-ын хөгжлийн агентлагаас дүгнэжээ.

Дээр дурдсан маргаанд оролцогч талуудын дийлэнхи нь Монгол улсын иргэн. Цөөн тохиодолд аль нэг талын гадаадын иргэн байсан ч Монгол улсад олон улсын арбитрын хэргийг шийдвэрлэсэн тохиолдол одоогоор гараагүй байдаг юм байна. 

Олон улсад түгээмэл хэрэглэгддэг болсон арбитрын тогтолцоо нь манай улсад төдийлөн идэвхижихгүй байгаа энэ байдлыг шийдвэрлэхийн тулд эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн яамнаас санаачилж АНУ-ын ОУХА,Монгол дахь худалдааны танхим хамтран “Арбитрын тухай” хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Монгол улсын Арбитрын үйл ажиллагааг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн дотоод гадаадын хувийн хэвшлийнхний саналд тулгуурлан дотоодын оролцогчдынхоо дэмжлэгтэйгээр арбитрын шинэчлэлийг эхлүүлж, арбитраас грагасан шийдвэрийг хууль сахиулагчид,шүүхүүд хүлээн зөвшөөрөх, биелүүлдэг тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг томилогдон ажилладаг.  Үүний зэрэгцээ энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо олон улсын хэмжээний бага хурлыг зохион байгуулжээ.

 “Арилжааны арбитрын олон улсын бага хурал” нийслэлд эхэлсэн. Энэхүү хурлыг нээж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үг хэлсэн юм. Энэхүү хурлыг Хууль зүйн яам АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачлага төсөл, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын төв, Монгол дахь Америкийн Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байна. Хуралд МҮХАҮТ, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитр, Монгол дахь Америкийн худалдааны танхим, АНУ-ын ОУХА-ийн төлөөлөгчид болон хувийн хэвшлийн төлөөлөгчид хуульч, өмгөөлөгч, шүүгчид оролцож байна.

Арилжааны арбитрын үйл ажиллагаанд оролцогчдод олон улсын болон бүс нутаг дахь арбитрын шилдэг туршлагаас танилцуулах, тэдгээрийн талаар харилцан ярилцах боломж олгохыг зорьж байгаа юм. Мөн төр хувийн хэвшлийнхний төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар Монгол улсад хэрэгжүүлэх арбитрын шинэчлэлийн бодлогыг боловсруулагчдад зөвлөмж удирдамж болгох асуудлуудыг тодорхой болгох юм. Арбитрын шинэчлэл нь харьцангуй богино дунд хугацаанд хэрэгжих боломжтой хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө төсөв шаардагдахгүй, бизнес эрхлэхэд зарцуулдаг цаг хугацаа,зардлыг ихээхэн хэмжээгээр багасгах гэсэн 3 үндсэн шалгуурыг хангаж байгаа учраас энэ хурлыг өөрийн оронд зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болохыг бусад улс орны төлөөлөгчид онцолж байна. Арбитрын талаарх олон улсын шилдэг туршлага, сургамжийн тухай мөн тэдгээрийг Монголын нөхцөлд хэрхэн тохируулан хэрэглэх боломжийг оролцогчдод танилцуулсан юм.

Монгол улсад Арбитрын шинэчлэлийг хийх шаардлага нь эдийн засгийн өсөлт хөгжилд хүчирхэг, өндөр үр нөлөөтөй, харьцангуй бие даасан арбитрын тогтолцоотой байх нь нэн чухал байгаад оршино. Бие даасан, эрүүл арбитрын тогтолцоо нь дотоод гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Мөн аливаа маргааныг цаг хугацаа, зардал шаардагддаг шүүх ажиллагаагаар биш арбитраар шийдвэрлүүлэх нь улс орнуудын эдийн засгийн болоод хувийн хэвшлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд тустай аж.

Х.Даваа