Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүү Б.Чулуудай болон нэр бүхий этгээдүүдийн хамт албан туушаал урвуулан ашигласан хэргээр 1702000000024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Улмаар 60 хавтас бүхий хэргийг шүүхэд шилжүүлэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан билээ. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийн ДАХИН ПРОКУРОРТ шилжлүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл прокуророос хэргийг хянаад, шүүхэд өчигдөр шилжүүлсэн бөгөөд маргааш урьдчилсан хэлэлцүүлэг товлогджээ. 

Уг хурлаар гэм буруугийншүүх хурлыг товлох эсэхийг шийдэх юм. 

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан билээ. Э.Бат-Үүл, Б.Чулуудай нартай хамт

  • “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун
  • “ТОСК” ТӨҮГ-ын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од
  • Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг
  • “ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан, Д.Оюунжаргал
  • Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Мөнхтөр
  • “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан
  • “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэл нар

Э.Бат-Үүлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, мөн хуулийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бол түүний хүү Б.Чулуудайд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

2. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах

2. .Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

 

Холбоотой нэмэлт мэдээлэл:

Хавтаст хэрэг: Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын холбогдсон хэрэг

Хавтаст хэрэг: Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын “хам хэрэгтнүүд”

Э.Бат-Үүл, Б.Чулаадай нар хэргээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ хаахыг завдаж байна уу