Ерөнхийлөгчийн хүү хар тамхины хэрэгт холбогдсон ч хэргийг хав дарав

Олны танил эрхэм, улс төрийн зүтггэлтнүүдийн хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогддог болоод удав. Тэд ихэнхдээ аав, ээжийнхээ нөмөр нөөлөг, нэр хүндээр ялаас мултарч, гэмгүй өнгөрч байгаа нь хэр зүйд нийцэх вэ. Нөгөө талаас нийгэмд үлгэр дуурайл болж, “луужин”-гийн үүрэг гүйцэтгэх үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд ийм хэрэгт холбогдож байгаа нь тэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлсний бодит жишээ. Хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байгаа хүмүүс улс орныг удирдана гэдэг юу л бол. Иймээс бид хүүхэд нь хар тамхины хэрэгт холбогдсон томчуудын хэргийг эргэн сануулж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮҮГИЙН БАЙРАНД ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ НАС БАРСАН ХЭРЭГ ЮУ БОЛОВ

Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү хар тамхины хэрэгт холбогдсон, түүнтэй хамт байсан залуу нас барсан хэрэг өдийгөөс гурван жилийн өмнө гарсан. Гэсэн ч энэ хэрэг одоог болтол яаж шийдэгдсэн нь тодорхойгүй, хав дарагдсан юм. Ямартай ч улс орны нүүр царай, олон улсад Монголыг төлөөлөх Ерөнхийлөгчийн маань хүү шоронд лав ороогүй юм даг.

Хэргийг эргэн сануулбал, Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг 2017 оны нэгдүгээр сард гарсан байдаг. Талийгаач нь хошин шогийн “Эмоци” продакшний жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн байв. Харин хэрэг гарсан газар нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэр байсан.

Цагдаагийн байгууллагын албан хаагчид дуудлагын дагуу хэргийн газарт очиход 11 залуу байсан бөгөөд тэд бүгд олны танил хүмүүсийн хүүхэд байсан гэх мэдээлэл бий. Эх сурвалжуудын мэдээлж байснаар тэдний дунд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтээс гадна төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хүүхдүүд болон “Колорс” амьд хөгжмийн хамтлагийн гишүүд байжээ. Тодруулбал 22 настай Э.Намсрай, 21 настай Б.Цэрэнням , 27 настай Б.Бат-Оргил, 28 настай Ж.Гантулга, 21 настай Г.Дөлгөөнбаатар , 22 настай Ц.Цэрэндорж, 23 настай Б.Хүлэгт, 22 настай Н.Жамух, 28 настай Ц.Даваажаргал, 25 настай Э.Есүнгэ, 27 настай Б.Намуун /эмэгтэй/ нар байжээ.

Энэ 11 хүн согтууруулах ундаа,  мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн байж болзошгүй байсан бөгөөд  цагдаа нар сэжигтнээр татан шалгасан гэнэ. Тэднээс гэрчийн мэдүүлэг авахад “Хүлэгтийн гэрт ямар нэгэн хэрүүл, маргаан, зодоон болоогүй. Бид мансууруулах бодис хэрэглээгүй. Талийгч Б.Хүслэнг хэзээ, яаж унасан гэдгийг мэдээгүй.

Бид өөр өөр өрөөнд унтаж байсан. Цагдаа хаалга тогших үеэр сэрсэн” хэмээжээ. Талийгаач Хүслэнгийн “Колорс” нэртэй хамтлагт хэрэг гарах үеэр хамт байсан Н.Жамух нь бөмбөр тоглодог. Тус хамтлаг тухайн үед байгуулагдаад долоон жил болж байсан юм. Дээрх 11 хүнээс мансууруулах төрлийн бодис илрүүлэх анхан шатны тест авахад Б.Намуун, Б.Бат-Оргил нараас бусад есөн хүний шээсэнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байж болзошгүй гэсэн хариу гарсан.

Иймээс тэднээс дахин шээс болон цусны шинжилгээ авсан ч хариуны талаарх мэдээлэл  ил болоогүй.  Гэхдээ тэд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй баримт хэргийн газраас олдсон. Хэргийн газарт мөрч нохой ажиллуулахад гаанс, гялгар ууттай ногоон өнгийн өвс, мөнгөлөг цаасаар ороосон зүйл, эм гэх мэт зүйлсийг олжээ.

Талийгаач Б.Хүслэнгийн унасан газарт мөрдөн байцаагч үзлэг хийхэд цогцос нь дээшээ харсан байдалтай, гадуураа дан цамц, өмдтэй, гуталгүй оймс өмссөн, ил шарх, гэмтэлгүй, чих, хамарнаас цус гарсан байдалтай байж.

Талийгаач нь 1995 онд төрсөн 22 настай, “Колорс” амьд хөгжмийн хамтлагийн соль гитарчин байсан юм. Мөн задлан шинжилгээгээр тархины суурь яс, хавирга хугарсан, элэг бяцарсан, уушгины дэлбэн задарсан нь тогтоогдсон бөгөөд амьд байх үедээ гэмтэл аваагүй нь тогтоогдсон юм.

Харин жүжигчин Б.Баатархүү энэ талаар мэдүүлэг өгөхдөө “2016 оны долдугаар сард хүүгийнхээ өмдний халааснаас гялгар ууттай өвс олж, мансууруулах төрлийн зүйл гэдгийг мэдээд хүүгээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хордлого тайлах тасагт долоо хоног хэвтүүлсэн гэдгийг хэлжээ. Мөн тэрбээр ажил ихтэй учраас хүүхдэдээ хараа хяналт тавьж, чаддаггүй гэж учирласан байх юм.

Энэ хэрэг гарснаас хойш зургаан сарын дараа мөрдөн байцаалтын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон найман хүн дотроос Э.Есүнгээг  баривчилж, саатуулсан юм. Учир нь цагдаагийн алба хаагчид түүний түр оршин суух байранд үзлэг хийх үед “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт 0.5 грамм бодисыг олсон байна.

Тиймээс цагдаагийн байгууллага түүнийг хойшлуулахгүй шалтгаанаар баривчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйлийн 192.1-дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгон байцааж, яллагдагчаар цагдан хорих таслан, сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн “Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгт холбогдох үйлдлийг тусгаарлачихаад, хавтаст хэрэг нь хяналт тавьж байгаа прокурорын шүүгээнд байгаа” гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм. Үүнээс хойш энэ хэргийн талаарх мэдээлэл дарагдсан гэхэд болно.

ДЭД САЙДЫН ОХИН ДАХИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО

Энэ бол төрийн өндөр албан тушаалтны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон хамгийн сүүлийн үеийн мэдээлэл. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх бүлэг этгээдийн дунд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болбаатарын охин Б байсан бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм. Дээрх этгээдүүдийг Хар тамхитай тэмцэх газраас саатуулан, тайлбар мэдүүлэг авч байгаа аж.
Өмнөх хэргийг дахин сануулбал, 2015 оны аравдугаар сард Т.Болдбаатарыг Эрүүл мэнд, спортын дэд сайдаар ажиллаж байхад түүний охин Б  хар тамхины 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон хэмээн  цагдан хорьж, шалгагдаж байсан юм. Тухайн үед  Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн олон удаагийн үйлдэлтэй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хар тамхины бүлэглэлийг илрүүллээ хэмээн мэдээлж байлаа.

82184140_594602514715369_7613516404804812800_n Сүржин эхэлж, даржин дарагдсан хэргүүд-IV

АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗЭЭ ХҮҮ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ШИЙТГҮҮЛЭВ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б нь Ц гэгчтэй хамт хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн..
Б, Ц нар давж заалдаж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүгчид анхны Ерөнхийлөгчийн зээ хүү Б-гийн ялыг нэг жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээсэн юм.

ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХОЛБОГДСОН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ

Өнөөдрөөс дөрвөн жилийн өмнө буюу 2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цог мансууруулах төрлийн “мөс” гэх бодис биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдсан. Тухайн үеийн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс түүнийг саатуулан, шалгаж байгаа мэдээлэл цацагдаж байлаа. Гэвч түүнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, уг дуулиан тэгсхийгээд нам жим болсон.  Үүнээс өмнө тэрбээр 2014 онд мөн энэ хэргээр шүүхээс хоёр жилийн ял авсан  ч өршөөлөөр суллагдаж байв. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгаланг Хууль зүй яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед хүү нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байв. “Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүний гуйлтаар авч явсан бараанаас нь хар тамхи илэрсэн уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь мөн л тодорхойгүй өнгөрсөн билээ. Түүнийг Хулан, Халиунаа гэх эгч, дүү хоёрын золионд явсан олон монгол хүний нэг болсон тухай тэр үед хэвлэлүүдээр шуугиж байлаа.

ААВЫНХАА БУЯНААР ХЭРГЭЭС МУЛТАРСАН Б.БАДРАХ

2017 оны долдугаар сард Зайсан дахь нэгэн ресторанд томчуудын хүүхдүүд наргижээ. Тэд зүгээр ч нэг наргиад өнгөрсөнгүй, хар тамхинд мансуурч, рестораны ажилчдын биед халдаж, танхайрсан хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан.Тухайн үед тэдний дунд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах хамт байсан гэдэг. Гэвч хэрэг нь шүүхээр шийдэгдэлгүй, тэгсхийгээд л мөн намжсан билээ. Б.Бадрах өмнө нь мөрийтэй тоглоом, хар тамхины хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хавтаст хэрэг хүртэл үүсгүүлж байсан ч аавынхаа буянаар ял шийтгэлгүй өнгөрсөн талаар хэвлэлээр бичиж байлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХУВЬТӨГӨЛДӨРИЙН ХҮҮ ТАВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВАВ

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын нэр бүхий таван хүн  2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдож байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард тэдэнд 5-6.5 хүртэлх жилийн ял оноосон байдаг. Гэвч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ялыг нээлттэй эдлүүлэх шийдвэрийг шүүх  2018 оны есдүгээр сард гарсан юм. Х.Тамир нь тухайн үед Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан юм.

Эх сурвалж:Үндэсний шуудан сонин