“АМНЫ ХААЛТ”
2020/02/03
Буддын ном дэлгэрсэн монгол орны сүм, хүрээ хийд тэргүүтэнд амны хаалт дэлгэрсэн байсныг 1920-д онд монголд ирсэн орос эмч нар гайхан шагшиж байсан аж.
Тэр үед тарваган тахлын голомтод Дамдин маарамба хэмээх ганц хүн ажиллаж байсан бөгөөд өөд бологсдын хойдын зан үйлийг гүйцэтгэж, амьдыг нь эдгэрүүлэхийн төлөө тэмцэж байх үед орос эмч нар ирээд түүнийг шинжилж үзээд ямарч халдвар аваагүйг мөн л гайхан биширч байжээ. Мэдээж элдэв тахлын эсрэг ном тарнь болон ядам бурхдын нямба бүтээл байдгийн хүч мөн боловч эрт үеэс амны хаалт буюу эдүгээгийн хэлж заншсанаар маскыг өдөр тутам гал тогоонд "лам" нар болон сүм дуганы тахилч нар, манба дацангийн маарамба, эм тан найруулагч лам нар ихэд хэрэглэдэг шалтгаанаар мөн л Дамдин маарамба амны хаалттай байжээ.
-
Үүний тухай үл өгүүлэн өгүүлбээс чухам Дамдин маарамба хэмээх хэн бэ? Бас амны хаалтыг яаж хийдэг байсан бэ? Хэмээх хоёр асуулт гарч ирнэ.
Нэгдүгээрт Дамдин маарамба бол хүүхэд ахуйдаа Зава Дамдин гуайтай Дайчин Бэйсийн хошууны Авай Ээжийн жас буюу Цахиуртын жас хэмээх бяцхан хийдэд хамт нэг өдөр шавилж ороод хэдэн жил ном эрдэмд боловсорсон бөгөөд тэндээсээ арван гурван сүүдэртэй эрдмийн их уурхай Их Хүрээнд хамт ирж, Зава Дамдин гуай Чойрын гүн ухааны дацанд суралцаж, номын нөхөр Дамдин маарамба Манба дацан буюу Анагаахын Ухааны сургуульд суралцжээ. Хожим хоёул ном эрдмээр цойлон олны оройл болж 1918 онд Дэлгэрцогт уулын өвөрт хийдээ байгуулж Чойрын дацан, Манба дацан, Зурхайн дацан, Тарнийн дацан тэргүүтэй их сургууль байгуулж олон залуу лам нарыг эрдмийн зэрэгт хүргэжээ.
Дамдин маарамбын тухай Зава Дамдин гуай өөрийн намтартаа дурьдсан байдаг бөгөөд тэрхүү намтарт "тэр хоёрыг анх шавилсан өдөр хийдийн лам хүүхдүүд "Дүнхүү цорж", "Духаа маарамба" хэмээн хочилсон нь хожмын өдөр мөхөс би номын багш болж, номын нөхөр минь Их маарамба болохыг зөгнөсөн ажээ" хэмээн айлдсан байдаг.
-
Тийн бөгөөс тэдний хэрэглэж байсан амны хаалт болон эм тангийн хэрэгсэл тэргүүтэн эдүгээг хүртэл уламжлан ирж, бид нандин сан хөмрөгтөө хадгалж, Дэлгэрийн Чойрын хийдийн ирээдүйн үзмэрийн газар буюу музейд дэлгэхээр зэхэж буй.
-
Хоёр дугаарт тэр үеийн амны хаалт бол энэ цагийн амны хаалттай зарчимын хувьд адил бөгөөд шар торгон гадартай даавуун дотортой хоёроос гурван давхар амны хаалт буй. Үүнд хүүхдийн болон том хүний хоёр янз загвар буй.
-
Амны хаалтыг хэрэглэх шалтгааныг хэн бээр ч надаар заалгах үгүй, гэвч тахлын цаг үе болон ханиад томуу туссан хүмүүс амны хаалт зүүхгүй явах нь элбэг үзэгдэх юм. Өөрийгөө боддоггүй юм гэхэд бусдыг, бүр ухаарахгүй бол ирээдүй үе болсон бяцхан хүүхдүүдийг бодоод амны хаалтаа хийж байгаарай хэмээн хичээнгүйлэн залбиръя!
Эх сурвалж: Зава Дамдин Ринбүчи/Зава Дамдин Ринбүчи / Zava Damdin