Манай сонин “Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт” гарчигтай таван цуврал нийтлэл гаргаад байгаа. Нийтлэлээр дамжуулан элэгий В, С вирус тоолох зөвшөөрөлтэй 28 лабораторийн 15 нь шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, оношлуур ашиглаж, мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсан зэргийг ил болгосон.

Эдгээр 15 лабораторид шинжилгээ өгсөн 90 мянган хүний шинжилгээний хариу үнэн, зөв эсэх нь өдгөө асуудал дагуулж байгаа. Иймээс бид иргэддээ нэгдсэн мэдээлэл өгөх, үүсээд байгаа нөхцөл байдалд гаргалгаа, шийдэл эрж, редакцын хэлэлцүүлгээ өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг “Үндэсний шуудан” сонин npost.mn сайтаараа шууд дамжуулан хүргэсэн нь Монголын хэвлэмэл сонины түүхэнд анхных байсан юм. 
Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн дарга Г.Ганхуяг, МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин, УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга, анагаах ухааны доктор Ж.Саранцэцэг, МУИС-ийн Генийн инженерийн лабораторийн эрхлэгч О.Одгэрэл, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний мэргэжилтэн, биологийн ухааны доктор Э.Анир, “Оном” сангийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргал, “Хаппи веритас” оношилгооны төвийн захирал Ж.Сугарсүрэн, “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, элэг бүтэн монгол” НҮТББ-ын тэргүүн Д.Пүрэв, удирдах зөвлөлийн дарга Д.Сайханцэцэг, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин нар оролцлоо. 
Харин ЭМДЕГ-ын Хяналт, шалгалтын газрын дарга И.Энхбат, Тусламж үйлчилгээний чанарын газрын дарга Х.Сувд-Эрдэнэ нар хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдсэн ч тодорхойгүй шалтгаанаар ирээгүй нь тэдэнд энэ хэлэлцүүлэгт оролцохгүй байх ямар нэгэн эрх ашиг байгаа юм биш биз гэж хардахад хүргэж байна. 

ЭМЯ: АЖЛЫН ХЭСЭГ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙГАА

-Монголд элэгний өвчлөл их өндөр, нас барагсдын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр зөв хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь анхаарал хандуулсан бол үр өгөөжтэй байх байсан ийм хөтөлбөр. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ эргэлээ. Энэ хөтөлбөрийг Засгийн газар, ЭМЯ-наас анх хэрхэн хэрэгжүүлж эхэлсэн бэ гэдгээс хэлэлцүүлгээ эхэлье?
ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн дарга Г.Ганхуяг: -Монгол Улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан байдаг. Энэ хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа. Анх УИХ-ын 2017 оны 45 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлыг Даатгалын сангаас гаргахаар болсон. Одоогийн байдлаар В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 1.3 сая, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 98747 хүн хамрагдаад байна. Мөн С вирусийн эмийг 21150 хүн уусан. С вирусийн эмчлэгдсэн хүний тоо 8521. Анх 21 лаборатори В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж эхэлсэн. Сүүлд нэмэгдээд 28 болсон. ЭМДЕГ холбогдох байгууллагатай хамтран лабораториудад тандалт, шалгалт хийхэд зарим лаборатори зөрчилтэй гарсан. Чанарын шаардлага хангасан лабораториуд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. “Элэг бүтэн Монгол”  бол олон улсын түвшинд туршлага болохуйц ийм хөтөлбөр. Эрүүл мэндийн даатгалын сангаас энд шаардлагатай хөрөнгийг гаргаж байгаа.
-В, С вирус тоолох зөвшөөрөлтэй 28 лабораторийн 15 нь шалгалтаар шаардлага хангахгүй нь тогтоогдсон. ЭМЯ-ны зүгээс "ЭМДЕГ ийм шалгалт хийх эрхгүй. Шалгалт хийхдээ манайхаас зөвшөөрөл аваагүй" гэдэг тайлбар өгсөн. Мөн энэ 15 лабораторид шинжилгээ өгсөн хүмүүсийн хариу худлаа гарсан байх магадлалтай байгаа. Лабораториудад шалгалт хийхдээ танайхаас зөвшөөрөл авах ёстой байсан уу. ЭМЯ-ны зүгээс лабораториудад ямар шалгалт хийсэн бэ, лабораториуд хэрхэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг вэ?
-ЭМДЕГ үйл ажиллагааныхаа хүрээнд хяналт, шалгалт хийх бүрэн бололцоотой. ЭМЯ-ны зүгээс "Болохгүй" гэдэг зүйл яриагүй. Шалгалт хийж, асуудалтай лабораториудын санхүүжилтийг зогсоосон. Бусад нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Холбогдох газрууд нь  мөн лабораториудад хяналт, шалгалт хийж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Ажлын хэсэг шинжилгээний хариунуудад эргээд хяналт тавьж байгаа. Ирэх (энэ) долоо хоногоос энэ ажил эхэлнэ. 

МХЕГ: ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЭРГЭШСЭН БАЙЦААГЧ БАЙХГҮЙ

-Нөхцөл байдал ийм хэмжээнд хүрээд байхад МХЕГ энэ хугацаанд ямар ажил хийсэн бэ. Лабораториудад ямар хариуцлага тооцох ёстой вэ?
МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин: -"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас лабораториудад сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа явуулахад мэргэжлийн хяналтын байгууллага оролцсон. Мэргэжлийн хяналтын байгууллага жил бүхэн төлөвлөгөөт хяналт, шалгалтаа Шадар сайдаар батлуулан арванхоёрдугаар сард зарлаж, хийдэг. Лабораториуд ЭМЯ болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрлөө авдаг. Мэргэжлийн хяналтын төлөвлөлтөд орсон объектуудад тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хэр хангагдаж байна вэ гэдгийг бид шалгадаг. Өнгөрсөн 2019 онд 103 лабораторийг хамарсан тандалт, судалгаа хийхэд зарим лаборатори тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаагүй нь илэрсэн. Иймээс бид энэ жил лабораториудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ. Манай улсад бүртгэлтэй 4300 орчим эрүүл мэндийн байгууллага байдаг. Энэ бүх байгууллагатай тулж ажиллана гэдэг мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд төвөгтэй. Учир нь улсын хэмжээнд 32 эмчилгээ, чанарын хяналтын улсын байцаагч ажиллаж байна. Жилд дунджаар МХЕГ, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагууд 400-500 газарт хяналт шалгалт хийдэг. 
-Танайх яг юуг нь шалгадаг вэ. Бидэнд ирсэн мэдээллээр лаборатори мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгах боловсон хүчин танайд байдаггүй гэсэн. Зөвхөн цаасан дээр бичсэн зүйлийг л шалгадаг. Тийм байх үндэслэл ч энэ лабораториудын байр байдлаас харагдаж байна. Тухайлбал, "Хаппи веритас"-ын тоног төхөөрөмж өөр, "Ай Ти" лаборатори мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсан?
-Лабораторийн үйл ажиллагааны 2-3 стандарт бий. Стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байна уу, хүний нөөц, тоног төхөөрөмж байна уу гэдгийг бид шалгадаг. Шалгалтад ганцхан эмчилгээ, чанарын хяналтын байцаагч орохгүй эм, био бэлдмэлийн хяналтын байцаагч нар орно. Хэрэглэж байгаа урвалж бодис, түргэн оношлуур, бусад оношлуурыг шалгана. Эрүүл ахуй талаас нь эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын байцаагч нар ажилладаг. Харин лабораторийн тоног төхөөрөмжтэй холбоотой мэргэшсэн байцаагч байхгүй

"ХАППИ ВЕРИТАС", "АЙ ТИ", "ИТГЭЛ" ЛАБОРАТОРИЙН ТӨЛӨӨЛӨЛ Ч ШАЛГАЛТЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРЖ АЖИЛЛАСАН”

-Лабораториуд нэгдээд анх удаа энэ хөндлөнгийн шалгалтыг хийсэн байдаг. Та бүхэн шалгалтыг яаж хийсэн бэ?
-Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний мэргэжилтэн Э.Анир: -Нэгд, тухайн лабораторийн захиалсан урвалж бодис, оношлуурын тоо, өвчтөний тоо зөрж байгаа эсэхийг шалгасан. Хоёрт, лабораториар үйлчлүүлсэн хүмүүстэй санамсаргүй сонголтын журмаар утсаар холбогдсон. Гуравт, лабораториудад В, С вирус бүхий сорьц өгч, тодорхойлж чадаж байгаа эсэх гүйцэтгэлийг нь шалгасан. Дөрөвт, тухайн лабораторийн аппаратаар шинжилгээ хийлгэсэн хүний тоо, баримтыг шалгасан.
-Гэтэл яагаад зарим лаборатори энэ хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ?
-Шалтгааныг нь лабораториуд хэлэх байх. Бидний хувьд эдгээр зүйлийг баримталж шалгасан. 
-Шалгалтын бүрэлдэхүүнд ямар хүмүүс оролцсон бэ?
-ЭМДЕГ, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ, орон нутгийн лабораториудаас бусад лабораторийн төлөөлөл оролцсон. 
-"Хаппи веритас", "Ай Ти", "Итгэл" лабораторийн төлөөлөл оролцсон гэсэн үг үү?
-Тийм ээ.

О.ОДГЭРЭЛ: ЭМДЕГ САНААТАЙ ШИНЖТЭЙ ЗӨРЧЛҮҮДЭД Л АКТ ТАВЬСАН

МУИС-ийн Генийн инженерийн лабораторийн эрхлэгч О.Одгэрэл: -Би энэ шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан. Өмнө нь шалгалтууд ерөнхий байдалтай хийгддэг байсан. ЭМДЕГ-аас зохион байгуулсан энэ шалгалтаар Монгол Улсад анх удаа лабораториудыг маш нарийн шалгасан. Шалгалтын материалыг өгөөд, материалтайгаа харьцаж байна, хэрхэн онгойлгож байна, нуклейн хүчлийг яаж ялгаж, тоолж, яаж хариу гаргаж байгааг хажууд нь мэргэжлийн хүн хараад, тэмдэглэл хөтлөөд суусан. Өвчтөнүүдтэй холбогдож, хэзээ шинжилгээ өгсөн, хариу яаж гарсан эсэхийг ч асуусан. Орон нутгийн иргэдийн дунд гарсан хариугаа аваагүй хүн ч байсан. Маш олон зөрчил гарсан. ЭМДЕГ санаатай шинжтэй зөрчлүүдэд л акт тавьсан. Жишээ нь, вирусийг байгаа хэмжээнээс нь бага, их тоолсон зэрэгт акт тавиагүй.

-Лабораториуд В, С вирустэй хүнийг вирусгүй, эрүүл хүнийг вирустэй болгож тоолсон байсан. Үүнээс болж хүний амь нас эрсдсэн байна лээ.  Манай сонинд олон хүн хандсан. Тухайлбал, дөрөвхөн сарын өмнө В, С вирусийн шинжилгээ өгөөд, эрүүл гарсан хүн элэгний хавдраар нас барсан байгаа юм. Үүнд та бүхэн хариулт өгөөч?
УНТЭ-ийн Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч Ж.Саранцэцэг: -Вирус тоолох шинжилгээг манай лаборатори хийдэг. Би мөн энэ үнэлгээний багт шалгуулсан. Мөн өөр бусад лабораторийг шалгахад ч оролцсон. Вирус тоолох эрхтэй 28 лаборатори адил, тэгш эрхтэйгээр шалгалтын бүрэлдэхүүнд орж, шалгуулах үүрэгтэй, шалгах эрхтэй байсан. Сорьцын материалыг нэгдсэн байдлаар ХӨСҮТ-өөс хангаж, ур чадварын үнэлгээг хийсэн. Эрүүл мэндийн сайдын 2008 оны тушаалаар лавлагаа, ур чадварын сорилт, гадаад хяналт явуулах лабораториудыг тохоон томилсон. Хамгийн анх 2008 онд цусны ерөнхий шинжилгээгээр чанарын гадаад үнэлгээг хийж байсан. Чанарын гадаад үнэлгээний тогтолцоо манай улсад бий болоод, одоо 300-гаад лаборатори ордог, хөндлөнгийн үнэлгээнүүд хийгдээд явж байгаа. ЭМЯ-ны зүгээс эрүүл мэндийн чанарын үнэлгээний байгууллагуудыг тохоон томилж, үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Энэ хүрээнд лабораториудын шинжилгээний зөрүүтэй байдал харьцангуй багассан. ЭМДЕГ, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ, лабораториуд оролцсон чанарын үнэлгээгээр технологийн ялгаа гарсан. Лабораториудад тавьдаг ISO15189 гэж стандарт бий. Энэ стандартын шаардлагыг хангасан лаборатори манайд олон байгаа. Тухайн лаборатори чанарын хяналтаа хариуцах үүрэгтэй. Тэрнээс биш, салбараар нь хамруулж болохгүй. Эмнэл зүйн лаборатори анагаахын салбарын суурь болдог. 
Салбарын яамнаас бодлогын хэмжээнд чанарын удирдлагын тогтолцоог тодорхой нэг үйлдвэрлэгчээс хараат бус, мэргэжлийн түвшинд, яамны хяналтан дор, тухайн лабораторийн чанарын гадаад үнэлгээний төсвийг улсаас дааж, эргээд шалгалтын дүнг авдаг, алдаа гаргаад байвал эхний удаа сануулах, хоёр дахь удаад арга хэмжээ авч, дараагийн удаа эрхийг цуцалдаг байх хэрэгтэй. Тэрнээс биш, чанарын хяналтгүй лабораторийн тогтолцоо яваад байгаа юм биш. 10 гаруй жилийн чанарын хяналтын түүх бий. Технологийн ялгаатай байдал байгаа учраас ханган нийлүүлж байгаа байгууллагууд нь тухайн тоног төхөөрөмжийнхөө нарийн мэдээллийг лабораторийнханд өгөх, лабораториуд технологио нутагшуулахдаа анхаарах шаардлагатайг энэ бүхэн харуулж байна. 

Д.НАРАНЖАРГАЛ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЦЭВЭРШИХ ЁСТОЙ

-“Оном” сангийн ерөнхий захирал Д.Наранжаргал: Манай улс элэгний хатуурал, хавдраар 100 мянган хүнд ногдож байгаа нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Тэгэхээр үүнийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна. “Элэг бүтэн Монгол” манай эрүүл мэндийн салбарын түүхэнд хамгийн өндөр төсөвтэй, өргөн хүрээг хамарч байгаа хөтөлбөр. Гэхдээ хяналт, шалгалтыг сайжруулах шаардлага байна. С вирустэй 52 мянган хүнээс 8000-ыг нь эмчилсэн гэж Ганхуяг дарга сая ярилаа. Энэ  бол шинжлэх ухааны үүднээс боломжгүй. Хэрэв ийм бол бид ажиллаж чадахгүй байна гэсэн үг. Миний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 2013 оноос 2018 он хүртэл 33 мянган хүнийг эмчлээд эдгээчихсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамрагдаж, В, С вирусгүй гэж гарсан хүн яагаад хавдартай байдаг юм бэ. Тэгэхээр бид энэ системийг сайжруулахгүйгээр урагшаа явах ямар ч боломжгүй. Өнөөдөр нэг сая гаруй хүнийг илрүүлэг шинжилгээнд хамруулж, 160 мянга гаруй хүний В, С вирустэй гэж оношилчихсон байна. Энэ хүмүүсийн оношилгоог баталгаажуулах шаардлагатай. 
Манай улс В, С вирусийн эмчилгээ, оношилгооны заавар гэж гаргадаг. Энэ зааварт вирус тоолох буюу ачаалал тодорхойлох шинжилгээгээр өвчнийг архаг эсэхийг оношилж, ямар тохиолдолд эмчилгээ хийх шаардлагатайг заасан. Үүн дээр 20 IU мл буюу түүнээс бага С вирус байхад олж илрүүлэх чадвартай, өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжтэй, бэлтгэгдсэн мэргэшсэн боловсон хүчний нөөц бүхий, холбогдох бусад шалгуур үзүүлэлтийг хангасан, хөндлөнгийн хяналт үнэлгээнд хамрагдаж, гэрчилгээ авсан лаборатори, эмнэл зүйн оношилгоонд хэрэглэхийг зөвшөөрсөн оношлуур, урвалж ашиглан хийнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, эмч хүн үүнийг баримталж хүнээ оношлоод, үүнийхээ дагуу 

эмчилгээ хийх ёстой. Энэ бол Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан, манай хууль зүйн хүрээнд мөрдөж байгаа баримт бичиг. Тухайн хүний вирус 20 IU мл-ээс бага байх юм бол С вирусийн архаг халдваргүй, эмчлүүлэх шаардлагагүй гэж үздэг. Хэрэв үүнээс их байвал энэ хүмүүсийг эмчлэх шаардлагатай гэж эмчилгээнд хамруулна. Тэгэхээр багаж, төхөөрөмж, лабораторийн чадамж маш чухал. Ямар ч сайн эмч тэр хүний цусанд вирус  20 IU мл-ээс их, бага байгааг мэдэх аргагүй. Лаборатори л үүнийг тогтооно. Гэтэл “Хаппи вератис” лаборатори ЭМДЕГ-тай гэрээ байгуулахдаа шинжилгээг Сэйпхэйд компанийн Жэнэ-Эксперт гэсэн  багажаар хийнэ гэсэн. Гэхдээ бодит байдал дээр ийм аппаратаар хийгээгүй. Хийгээгүй гэдгийг батлах лабораторийн шинжилгээний бичиг байгаа.  “Хаппи вератис” лаборатори ABI7000 гэдэг нэртэй, багажаар оношилгоо хийж байсан. Ийм зүйл дээр тулгуурлан хүнээ оношилж, эмчилнэ гэдэг эмч хүний хувьд хэцүү. “Ай Ти” лаборатори бэлтгэгдсэн боловсон хүчний нөөцгүй хэрнээ лабораторийн зөвшөөрөл, бүр Эрүүл мэндийн даатгалаас мөнгө авч, хүмүүсийг оношилж байна. “Итгэл” лаборатори DNA технологи компанийн аппаратаар шинжилгээгээ хийсэн. Энэ лаборатори найман лабораторид аппаратаа нийлүүлсэн байна лээ. Гантулга гэж хүн энэ лабораторийг ажиллуулдаг. Эхнэр нь, мөн эхнэрийнх нь эгч, дүү нь өөр нэг лабораторитай. Энэ лабораторийн хувьд үйлдвэрлэгчээс ирсэн аппаратыг ажиллуулах дүрмийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хоёр удаа хийх шинжилгээг нэг удаа хийсэн. Энэ бүхний цаана мөнгө байгаа. Хоёр удаа хийх шинжилгээг нэг удаа хийхээр нэг удаагийн урвалж бодисын мөнгийг хэмнэж, түүнийг халаасалж байна. Одоо бид 90 мянган хүний шинжилгээний хариу зөв үү, буруу юу гэдэг зүйл ярьж байна. Энд байгаа хэн ч, яамны ямар дарга, сайд байгаад ч энэ хүмүүсийн хариуг бүгдийг нь зөв гэж хэлэх чадамжгүй. Бид хэчнээн мэргэжлийн байлаа ч энэ хүмүүсийн хариу зөв гэж хэлэх боломжгүй. Гэхдээ мөн бүгд буруу гэх боломжгүй. Энэ бүхнийг яриад яваад байгаагийн эцсийн зорилго  бол эрүүл мэнд,  лабораторийн салбар цэвэрших ёстой. Хөндлөнгийн шалгалтаар лабораториуд Австрали руу дээжээ явуулж байгаа. Гэтэл хариу нь буруу гарчихсан байхад тэрний дагуу ямар ч өөрчлөлт, шинэчлэл хийхгүй байна. Ийм юм бол тэр мундаг Австрали, Америк руу явуулаад байх шаардлага байхгүй. Арга хэмжээ авч, асуудал нь энэ байна, хүний нөөц, багаж төхөөрөмжөө сайжруулъя гэж ажиллахгүй юм бол  энэ зүйлүүдийг хийх нь нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил. Бидний ярьж байгаа гол зүйл нууж дордуулах үү, илрүүлж эрүүлжүүлэх үү. Илрүүлж эрүүлжүүлж байж вирусээс салах, энэ өвчний эдгэрлийг сайжруулах, ард иргэдэд эрүүл мэндийн хувьд өөрчлөлт гарна. 

Д.ПҮРЭВ: Д.САРАНГЭРЭЛ САЙД ӨВЧТӨН ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗДАГГҮЙ

-Хэлэлцүүлэгт өвчтөний төлөөлөл ирэхээр байсан ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил гарахаас болгоомжилж, ирээгүй. Харин өвчтөнүүдийг төлөөлсөн хоёр байгууллагын удирдлагууд ирсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд В, С вирус тоолох шинжилгээ өгч, шинжилгээний хариу нь буруу гарсан хэчнээн хүн байна вэ. Энэ хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ?
“Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, элэг бүтэн монгол” НҮТББ-ын тэргүүн Д.Пүрэв: -2015 онд өвчтөний төлөөлөл, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “Оном” сан хамтран “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, элэг бүтэн монгол” НҮТББ-ыг байгуулсан. Би 65 настай, С вирустэй, өвчнөөсөө болж яваагүй орон байгаагүй. Миний элгийг сольж, эсвэл авч болдоггүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр Монголын ард түмэнд эрүүл мэндийн хувьсгал авчирч, С вирусийг устгасан. Өнөөдрийн байдлаар 33 мянган хүн С вирусээс салаад байна. Энэ  хөтөлбөрийг хэрэгжүүлдэг газар нь ЭМЯ, түүний удирдлага. Анхнаасаа үүнд зарчмын том алдаа гарсан. Цогцэцэг гэж сайд баахан асуудал үүсгээд, дараа  нь Сарангэрэл сайд болсон. Бид 12 албан бичиг явуулсан ч нэгд нь ч хариу өгөөгүй. Сарангэрэл сайд өвчтөн хүлээж авч уулздаггүй. Хамгийн аймшигтай нь анх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бүх хүнийг сольсон. Оронд нь ирсэн хүмүүст асуудал ярихаар “Бид мэдэхгүй, өмнө нь ажиллаж байсан хүмүүс мэднэ” гэдэг. Хяналт, шалгалт байдаггүй. Засгийн газрын 112 дугаар тогтоолд “Өвчтөнүүдийн эрүүл мэндийг хамгаалах зориулалтаар яам өвчтөн, нийгмийн төлөөлөлтэй хамтран ажиллана. Хоёр жил болоод тайлангаа Засгийн газарт явуулна” гэж заасан. Гэвч энэ бүхэн огт хэрэгждэггүй. Хөтөлбөрийн хэрэгжилт 40 гаруйхан хувьтай байгаа. 

“ЭМЯ ЭНЭ ЛАБОРАТОРИУДАД БОЛОМЖ ОЛГООД БАЙНА ГЭДЭГ ҮНЭН”

“Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, элэг бүтэн монгол” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Сайханцэцэг: -“Элэг бүтэн Монгол” бол дэлхийн жишиг хөтөлбөр. Өнөөдөр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагууд хяналт, шалгалтгүй ажилласантай холбоотой татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэж байна. Ганхуяг гуай энэ хөтөлбөр маш сайн, олон хувийн биелэлттэй явж байна гээд байгаа. Таны хэлсэн энэ тоонуудын цаана олон сая  төгрөг, татвар төлөгчдийн мөнгө байгааг анхаарахгүй байна. Учир нь 1.3 сая хүн илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа гээд байгаа ч ЭМДЕГ-ын олон нийтэд тавьж байгаа мэдээлэлд нэг сая хүн л байна. 300 мянган хүнээ хаанаас бүртгээд байгаа юм бэ. Тэр хүмүүсийн тэрбум гаруй төгрөг хаана байгаа вэ. Мөн ЭМЯ энэ лабораториудад боломж олгоод байна гэдэг үнэн. 
2017 оноос энэ хөтөлбөр дэлхийн жишиг хөтөлбөр болж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд С вирусийн эмийг үнэгүй олгож эхэлсэн. Яагаад үүнийг хянаж ажиллахгүй байна вэ гэдэг ЭМЯ, Засгийн газартай холбоотой. Зарим хүнд боломж олгож, тэдгээр нь энэ мөнгийг үр ашиггүй зарцуулдаг. 2018 онд 31 мянган хүнд баталгаажих шинжилгээ хийсэн гэсэн хэрнээ ЭМДЕГ-ын тайланд  3000-4000 гэж байгаа. Энэ хоорондох зөрүү гурав, дөрвөн тэрбумын асуудал. Бид олон удаагийн хурал дээр энэ асуудлыг ярьсан. Үүнийг хянаж, шалгадаг нэг ч хүн алга. Үнэхээр 1.3 сая хүнд шинжилгээ хийсэн юм бол тэр тоогоо ил гарга. Энэ хөтөлбөрийг өндөр биелэлттэй явж байна, Монгол Улсад маш сайн хэрэгжиж байна гэдэг. Төр засаг монгол хүний оюуны чадамжийг үнэлж, хийж чадах зүйлсийг нь эрдэмтэд, өвчтөнөөр нь хийлгэе. Жишээлбэл, ЭМЯ 2019 онд “Элэг бүтэн Монгол”-ын дунд шатны үнэлгээг гаднын 12 эксперт урьж, авчирч хийлгэлээ гээд, есдүгээр сарын 6-нд мэдээлэл хийсэн боловч өнөөдрийг хүртэл үнэлгээ гараагүй. Ганхуяг дарга таны өгч байгаа тоонууд амьдрал дээр нийцэхгүй байна. Оношилгоонд 20 тэрбум гаруй төгрөг зарцуулаад байгаа. Гэтэл өнөөдөр бид энэ лабораториуд шинжилгээг зөв, буруу гаргасан гэж ярьж байгаа нь харамсалтай. 
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн удирдах хорооны даргыг сайд хийдэг, техникийн ажлын албаны хэсгийн дарга нь Я.Амаржаргал. Яагаад энэ хөтөлбөрийг Я.Амаржаргал удирдах ёстой юм бэ. Я.Амаржаргал ажлаа хийж чадахгүй юм бол өөр хүнд хариуцуулж болдоггүй юм уу. Хамгийн гол нь энэ хүн Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга хийдэг. Өөрөө мөнгөө зарцуулаад, өөрөө хяналт шалгалтаа хийх нь хэр зөв бэ. Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч. 
Засгийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 112 дугаар тогтоолын 3.4.1.8-д өвчтөний эрхийг хамгаалах үүрэг бүхий өвчтөн, нийгмийн төлөөллийн орон тооны бус зөвлөлийг байгуулах гэж заасан. Энэ зөвлөлийг Баасан гуай удирддаг. Хэрэв энэ хөтөлбөр цаасан дээр бичсэнийхээ дагуу явсан бол өнөөдөр бид энд цаг заваа зарцуулан, татвар төлөгчдийн мөнгөний тухай, хүний эрүүл мэнд гээд яриад суухгүй байлаа. “Элэг бүтэн Монгол” буюу лабораториудын мөнгө угаалт” нийтлэлийн дор бичсэн сэтгэгдлүүдийг бид үзсэн. Хэчнээн хүн энэ хугацаанд эрүүл мэндээрээ хохирч, бурхан болсон бол гэдэг харамсалтай. Бид хүний эрдэнэт амийг юугаар ч нөхөж дийлшгүй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа Засгийн газар, хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Үйлчилгээ авч чадаагүй, хариу нь буруу гарсан энэ хүмүүсээсээ ЭМЯ, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хүмүүс уучлал гуйх хэрэгтэй. 
Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин: -“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа сайн мэргэжилтэн, лабораториуд бий. Сайны хажуугаар саар гэгчээр даатгалын тусламж, үйлчилгээг мөнгө гэж хардаг хэсэг хүн байна. Жишээ нь, “Хаппи веритас” эмнэлгийн лабораторийн гурван салбарт нэг хүн нэг өдөр гурван удаа шинжилгээ өгөхөд гурван өөр хариу гарсан.  Бүх хариугаа эмчид үзүүлэхэд тухайн эмч аль нь зөв хариу вэ гэдгийг ялгахгүй, вирустэй гэж гарсан хариуг нь зөв гэж үзээд эм өгсөн гэсэн. Тухайн иргэн нь гадаадад сурдаг оюутан байсан юм билээ. Гэтэл энэ оюутанд сар бүр өгөх ёстой эмийг нь гурван сараар нь өгснөөс хордлогод орсон харамсалтай зүйл болсон. “Хаппи веритас” эмнэлгийнхэн ABI 7000 багажийг ашиглаж шинжилгээ хийдэг. Энэ багажийг ашиглах зааварт “Зөвхөн судалгаанд хэрэглэнэ. Эмчилгээ, оношилгоонд хэрэглэх боломжгүй” гэж анхааруулсан байсан. Гэтэл судалгаанд ашигладаг багажаар 2019 оны тавдугаар сар хүртэл  шинжилгээ хийсэн байгаа юм. Би тухайн лаборотарид 2013 онд шинжилгээ хийлгэсэн. Мөн 2019 онд энэ багажаар шинжилгээ хийлгэсэн иргэн Цэндийн хариу ч надад бий. 

Ж.СУГАРСҮРЭН: БҮХ  БУРУУГ “ХАППИ ВЕРИТАС” ЭМНЭЛЭГ РҮҮ ЧИХЭЭД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ

-“Хаппи веритас” яагаад оношилгоонд хэрэглэхийг хориглосон  аппарат ашиглаж байсан юм бэ?
“Хаппи веритас”оношилгооны төвийн захирал Ж.Сугарсүрэн: -“Үндэсний шуудан” сонины санаачилгаар нийгэмд үүсээд байгаа маргаантай асуудлыг шийдвэрлэхээр холбогдох хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж байгаад талархаж байна. 90 мянга гаруй хүний шинжилгээний хариу буруу хийсэн 15 лабораторийн үйл ажиллагааг зогсоосон гэх мэдээлэл гарсан. Манайд ЭМДЕГ, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнээс хоёр удаа шалгалт хийхийг оролдсон. Дөрвөн хэсэг бүхий шалгалтын ажлын хэсэг байсан. ЭМДЕГ-ын тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга И.Энхбат, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ ТББ-ын төлөөлөл Д.Наранбаатар тэргүүтэй эхний багийн шалгалт ирсэн. Энэ үеэр шалгалтын багийнхантай бид уулзаж,  Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний шалгалтад орохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ төрийн бус байгууллагад 28 лаборатори байдаг. Учир нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгийгээ шалгах шаардлагагүй. Манайх ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагад өвчтөний мэдээллийг өгөхгүй гээд шалгалтаар оруулаагүй. Мөн И.Энхбат нь “Эрүүл зүрх, эрүүл Монгол” хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүн. Тэгэхээр тодорхой хэмжээний ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Бид төрийн байгууллагын шалгалтыг хүлээн зөвшөөрч, бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг шалгалтаар оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл ажлын хэсэг манайд шалгалт хийгээгүй байж, орсон мэтээр  тайлан бичиж, манай лабораторид 876 сая төгрөгийн акт тавьсан. Өнөөдөр ажлын хэсгийгн ахлагч И.Энхбатаас энэ талаар асууя гэж бодсон ч ирсэнгүй. Үүний дараа таван хүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь багийн шалгалт орж, хоёр өдөр шалгасан. Уг шалгалтаар “Бүрэн автомат төхөөрөмжөөр тоолно гэж гэрээ байгуулаад, хагас автомат төхөөрөмжөөр тоолсон” гэсэн дүгнэлт гаргаж, манайхыг гүжирдсэн. Уг нь бид бүрэн автоматаар шинжилгээ явуулна гэсэн гэрээ өгсөн ч хагас автоматаар гаргаад ирсэн. Сая манай лабораторийг судалгааны төхөөрөмжөөр оношилгоо хийсэн гэлээ. Аливаа лабораторийн төхөөрөмж нь судалгааны чиглэлээр эхэлж гардаг. Харин зах зээлд нийлүүлснийхээ дараа эмчилгээ, оношилгоонд ашиглах зөвшөөрлөө авдаг юм  билээ. Манай эмнэлэг ABI төхөөрөмжөөр хагас автоматаар тоолж болно гэдэг зөвшөөрлөө авсан.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ-наас жилд хоёр удаа шалгалт хийж, ямар  төхөөрөмжөөр хэрхэн тоолж байгаа зэрэг бүх зүйлийг шалгадаг. 2018 оны наймдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл манай ЭМДЕГ-аас авах санхүүжилтийг зогсоосон. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд бид Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг ч төгрөг аваагүй гэсэн үг. Тэгэхээр энэ бүх  бурууг “Хаппи веритас” эмнэлэг рүү чихээд байх шаардлагагүй. Элэгний лабораториудын шалгалтад Монголын лабораторийн нэгдсэн сүлжээг оруулмааргүй байна. Хувийн байгууллагууд өөрийн ашиг сонирхлыг бодно шүү дээ. Би ч гэсэн “Элэгний төв”-ийг шалгамаар байна.
-Танд шалгах эрх нь байсан. Чөлөөт өрсөлдөөний зах зээлд нэг нь нөгөөгөө шалгах харин ч эрүүл тогтолцоо биш үү?
-Зарчмын хувьд болохгүй. Хувийн  лабораториудад үйлчилгээ үзүүлснийх нь төлөө төрөөс мөнгө олгодог. Төр өөрийн мөнгөө хэрхэн захиран зарцуулж байгааг өөрсдөө хянах ёстой.
-Та шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр “Хаппи веритас” эмнэлгийн лаборатори үйл ажиллагаа явуулдаг гэлээ. Гэтэл яагаад өвчтөний шинжилгээний хариу зөрөөд байна вэ?
-Тухайн байгууллагыг шалгадаг гаднын хяналт гэж бий. Гадаад хяналт нь тухайн байгууллага төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаагаа зөв явуулж байгаа эсэхийг шалгадаг. Манайхыг “Оном” сангийнхан гадаад хяналтын шалгалтад хуурамчаар тэнцсэн гэж хардаад байна.
УНТЭ-ийн Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч Ж.Саранцэцэг: -Нэг өвчтөн нэг лабораторийн гурван салбарт шинжилгээ өгч, гурван өөр хариу гарсан гэлээ. Элэгний В вирусийн оношилгоог манай улсад найман үзүүлэлтээр үздэг.  Шинжилгээний хариу зөрүүтэй гарах магадлалтай. С вирусийг гурван үзүүлэлтээр үздэг. Ингэхдээ нэг лабораторид вирусээ тоолуулахад, нөгөө лабораторид эсрэг биеийг нь үзнэ. Харин гурав дахь лабораторид генотипийг үздэг. Энэ бүхнийг ялгаж ойлгохгүй бол иргэдэд буруу мэдээлэл хүрэх магадлалтай.
Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин: -Миний дээр дурдсан жишээ нь зөвхөн С вирус тоолох шинжилгээний хариуг хэлсэн. технологи, нэг шинжилгээг ярьж байна. Үүнд бүх  байгууллагыг хамаатуулаагүй. Төрийн байгууллагууд ямар төхөөрөмж сонгож, яаж ажлаа хийх вэ гэдгээ мэдэхгүй байна. Нөгөө талаас хариуцлага гэж байхгүй байна. Шинжилгээний хариу буруу гаргасан “Хаппи веритас”, “Ай Ти”, “Итгэл” зэрэг лабораториуд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа.  Төр үүнд анхаарах хэрэгтэй.

Д.НАРАНЖАРГАЛ: ЯАМНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД ТОДОРХОЙ КОМПАНИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙНА

“Оном” сангийн ерөнхий захирал Д.Наранжаргал: -Жирийн иргэн эмнэлэгт үзүүлэхдээ ганц эмнэлэг, лабораторид итгэж болохгүй болжээ. Өөрийн өвчтөнүүдээрээ жишээ авахад чадалтай нь гаднын орон руу үзүүлэхээр явж байна. Зарим нь 2-3 лабораторид шинжилгээ өгч байгаа бол санхүүгийн бололцоогүй нь нэг шинжилгээний хариугаараа эмчилгээгээ хийлгэж байна. Би “Элэгний төв”, “Оном” санг удирдан ажилладаг. Эдгээрийг би мөнгө олохын тулд хийж байгаа юм биш. Би гаднын оронд 18 жилийн турш суралцаж, Германы хамгийн сайн институтэд профессороор ажиллаж байсан.. “Элэгний төв”-ийг  байгуулахад надад тодорхой шалтгаан байсан. Манай ээж, аав, авга ах элэгний С вирустэй, өвөө минь элэгний хавдраар нас барсан учраас энэ бүхэнтэй тэмцэхийг хүссэн. Ингээд ажил болгож хэрэгжүүлэх гэтэл бодит байдал сэтгэлд хүрсэнгүй. Би эмчилгээ, оношилгооны судалгаагаа хийчхээд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа нартай уулзсан. Энэ үеэр “Манай улсад элэгний вирус аюултай байдалд хүрчээ. 400 мянган хүн В, С вирустэй байна” гэхэд үүнийг Ж.Амарсанаа бизнес гэж харж, хамтран ажиллах хүсэлтээ манай ахад тавьсан. Харин Н.Удвал сайд “Ийм олон хүн байхгүй. 25 мянган хүн байгаа” гэж ярьсан. Энэ талаар яамныхан үнэнээ хэлж чадахгүй байна. Яаманд ажиллаж байгаа лабораторийн ерөнхий мэргэжилтнүүд нь тодорхой компанийн эрх ашгийг хамгаалж байна. Салбар яам нь бодитоор, шинжлэх ухааны үндэстэй зүйлийг ярьж чадахгүй байна. Бүгд худалдагчихсан. Ингээд жирийн айлын хүүхдүүд бид үнэнийг нь хэлэхээр дарамт шахалт үзүүлдэг.
-Нэг хүний шинжилгээний хариу зөрүүтэй гарах тохиолдол хэр байдаг вэ. Манай  лабораториудын ашиглаж байгаа төхөөрөмжүүд чанарын шаардлага хангаж чадаж байгаа юу?
УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч Ж.Саранцэцэг: -Нэг цагт авсан нэг хүний цусны шинжилгээний хариу яг ижилхэн гарна гэж байхгүй. Энэ нь байгалийн зүй тогтол. Иргэд яг ижилхэн гарах үр дүн хүлээгээд байна. ЭМДЕГ-аас санхүүжүүлэгч байгууллагын хувьд газар дээрх ур чадварын үнэлгээг бодитоор хийсэн. Лабораториудад хэрэглэж байгаа тоног, төхөөрөмжүүд хоорондоо өөр. Хурдавчилсан оношлуур гэхэд хэдэн төрлийн үйлдвэрийнх байгаа. Тоолж байгаа аппарат гэхэд долоо, найман бүлэг бий. Тэгэхээр үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхдээ эхлээд технологийн үнэлгээг хийх ёстой. Явцын хяналт, үнэлгээ, шалгуур үзүүлэлтийг нэг стандартын дагуу явуулна гэсэн бол оролцогч лабораториуд тэр дагуу технологийн баталгаажилт хийлгэсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэйгөө уялдуулж тоног төхөөрөмжөө сонгодог гэсэн үг. Иймд энэ асуултад хариулахад хэцүү. Хэмжиж байгаа тоног, төхөөрөмж технологийн ялгаа бас бий.
-Лабораториудад стандарт тогтоох шаардлага гарч байна гэсэн үг үү. Цаашид хяналт, шалгалтыг яаж сайжруулах вэ?
ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн дарга Г.Ганхуяг: -Төр хувийн хэвшлийн түншлэл дээр энэ үйл ажиллагаа явж байгаа. Хоёр удаа вирусээ тоолуулахад Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгийг нь гаргана. Дараагийн удаад иргэн өөрөө төлнө. Саяхан манайх Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймагт хяналт, шалгалт хийсэн. Энэ үеэр Баянхонгор аймгийн  ЗДТГ-аас даатгалд хамрагдаагүй иргэдээ нөөц хөрөнгөөрөө “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт хамруулсан байна лээ. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр 2017-2020 он хүртэл хэрэгжинэ. Иймд тус хөтөлбөрт хамрагдаж чадаагүй хүмүүсээ бүрэн хамруулах ёстой. Үүсээд байгаа асуудлыг бид тухай бүрд нь шийднэ. 90 мянган хүний шинжилгээний хариу худлаа гарсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. 

Ж.САРАНЦЭЦЭГ: ЛАБОРАТОРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

-Шинжилгээний хариу нь буруу гарсан байх магадлалтай энэ хүмүүсээс дахиж шинжилгээ авах уу. Одоо ямар шийдэл, гарц, гаргалгаа байна вэ. Та бүхэн санал бодлоо хэлэхгүй юу?
УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч Ж.Саранцэцэг: -Лабораториудад ЭМЯ, нийслэлийн эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл олгож байгаа. Улсын хэмжээнд 400-гаад лаборатори байна. Энэ бол бусад оронтой харьцуулах юм бол маш их тоо. Гэхдээ энэ лабораториуд өндөр технологи, нарийн технологиудыг хөгжүүлж чадахгүй, 200 гаруй нэр төрлийн шинжилгээнд л эргэлдэж байгаа. Лабораторийн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал. ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг эрх олгодог байгууллагууд нь тухайн лабораториудын явцын хяналт, үнэлгээг хийх, нөгөө талаас чанарын гадаад үнэлгээ, лавлагааг хариуцаж байгаа III эмнэлэг, ХӨСҮТ, Цусны төв болон үнэлгээ хийж байгаа газруудын эрх мэдлийг нэмэгдүүлэх, Саранцэцэг хүн удаа дараа буруу шинжилгээ хийгээд байвал эрхийг нь хасах хүртэл эрх мэдлийг олгох хэрэгтэй. МХЕГ төлөвлөгөөт хяналт, шалгалт, үнэлгээ хийж байгаа боловч санамсаргүй алдаа гарахад учир дутагдалтай байна. Хэд хэдэн байгууллага хяналт, шалгалт хийгээд байгаа юм шиг боловч хэн хариуцлага тооцох вэ гэдгийг бид шийдэж чадахгүй байна. Энэ лабораториуд “Бид үйлчлүүлэгчийн мэдээллийг өгөхгүй” гээд байгаа нь буруу. Өөрийн үйл ажиллагааг ил тодоор танилцуулах ёстой үүрэг нь. ISO15189 чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхийг бүх лабораториос шаардах эрхтэй. Лавлагаа лабораториудын үйл ажиллагаа, эрх мэдлийг нэмэгдүүлж өгөөч. Хариуцлага тооцох эрх мэдэл нь ЭМЯ-нд байдаг юмуу, МХЕГ-т байдаг юмуу. Нийслэлийн эрүүл мэндийн газар энэ лабораториудын дийлэнхэд зөвшөөрөл өгч байгаа. Энэ эрх олгож байгаа газрууд яаж хариуцлага тооцдог вэ. 2019 оны зургадугаар сард хийсэн шалгалтын үр дүнгээр бид хагас жил гаруй тойрон маргалдлаа. Эцсийн үр дүнд зөвхөн “Элэг бүтэн Монгол” гэлтгүй лабораторийн тусламж үйлчилгээн дээр чанарын талаас төрөөс баримтлах бодлого гарч ирэх байх. Төрийн бус байгууллага үнэлгээ хийхээр төрийн байгууллага нь ингээд хүлээн зөвшөөрөхгүй гээд суугаад байх юм уу. Хэн хариуцах нь тодорхой бодлогын баримт бичиг гарч ирээсэй гэж хүсэж байна. 
“Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, элэг бүтэн монгол” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, доктор Д.Сайханцэцэг: -Энэ бүх асуудал дунд шатны болон явцын үнэлгээ хийгээгүйтэй холбоотой. “Бид зөвлөл байгуулаад өгөөч” гээд одоогийн болон өмнөх сайдад маш олон зөвлөгөө бүхий бичиг өгсөн. Өнөөдөр 90 мянган хүн өвдөөд байна уу, үгүй юү гэдгийг шүүхдээ гол нь биш. Энэ хөтөлбөрийн дунд шатны үнэлгээг хийе гэж 2017 онд сайдад бичиг өгсөн. 2018 онд хийнэ гээд, ДЭМБ-ын экспертийг уриад хийсэн, үнэлгээ сайн гарсан гэдэг. Гэтэл тийм юм бол бид өнөөдөр яагаад ингээд шийдэлд хүрэх гээд сууж байгаа юм бэ. 
Надад эрх, үүрэг байхгүй гээд МХЕГ, ЭМДЕГ-ын дарга нар яриад сууж баймааргүй байна. Эрүүл мэндийн даатгалын сан бол Монгол Улсын хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн мөнгө. Тэрнээс хэн нэгэн хүн албан тушаалаараа зарцуулж, захирдаг байдаг хөрөнгө биш. Даатгалгүй иргэдээ бүртгэх цонх нээгээд өгөөч гээд бид бүтэн гурван жил хөөцөлдөөд чадсангүй. Яаманд “Цахим эрүүл мэнд” нэг, хоёрдугаар систем хэрэгжиж байна. Хэдэн тэрбум төгрөгийг энд зарцуулж байна. Яагаад өнөөдөр Монгол Улс 2185000 хүнээ бүртгээд авчих системээ хийж чаддаггүй юм бэ. Элэгний өвчин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Иймээс бид 2015 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ц.Энтүвшин гэж хүнд албан тоот өгч, гурван яаманд бичиг хүргүүлж байж,  энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ бол төрийн албан хаагчидтай холбоотой асуудал. Өнөөдөр төрийн бус байгууллага нь шалгалт хийчихээд байхад Засгийн газрын байгууллага нь үүнийг анхаарч харахгүй, бие биенээ хамгаалаад байна. 
-Манай сонин лабораторийн салбарыг тэр чигт нь харлуулах гэсэнгүй. Ажлаа маш сайн хийж байгаа лаборатори олон байгаа. Гэхдээ эрх мэдэл, албан тушаалтай хүмүүсийн лабораториудын хариуцлагагүй байдал өнөөдрийн ийм түвшинд хүргээд байна уу гэх хардлага байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг зөв гольдролд нь оруулахгүй бол дараагийн төсөл, хөтөлбөр хэрэгжихэд саад, бэрхшээл болно. Тэгэхээр энэ болж бүтэхгүй байгаа зүйлийг засах нь зөв. Хууль хяналтын байгууллагууд нь энэ лабораториудын үйл ажиллагааг цэгцлэх, зогсоох шаардлагатай байна.
Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин: -Манай байгууллага 2015 онд байгуулагдсан. Зорилго нь  иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн болон даатгалын үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын болон Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, өвчтөнүүдэд дэм болох, аливаа санал санаачилгыг холбогдох байгууллагад уламжилж, бодит ажил болгохоор бид ажиллаж байгаа. Нөгөө талаас бид “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлагчдын нэг. Гэтэл хөтөлбөрийг санаачлагчдаа хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцуулаагүй. Үүнээс болж алдаа дутагдал үүссэн. Хэрэгжилтэд манай байгууллага шүүмжлэлтэй ханддаг. 
Даатгалын сан гэдэг бол бидний төлсөн мөнгөөр хуримтлагдсан хуримтлал. Бид өнөөдрийн дотор энэ мөнгөө бүгдийг нь идээд дуусчихмааргүй байна. Үр хойчдоо үлдээмээр байна. Мөн дан ганц элэгний өвчлөл манайд тулгамдаад байгаа асуудал биш. Бид хүмүүсийн шинжилгээний хариу зөрөөд, асуудал үүсээд байгаа тухай зохих байгууллагад мэдээлсний хүчинд энэ шалгалт хийгдсэн. 15 лабораторийн гурав нь алдаагаа заасаад, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үлдсэн 12 лабораторийн тав нь ноцтой асуудалтай, үлдсэн долоо нь тоног төхөөрөмжөө буруу сонгож, хулхидуулсан. Тухайлбал, сайд нарын хоёрдугаар эмнэлэг, Багануур дүүргийн эмнэлэг байна. Төрийн хяналт шалгалт сул, хариуцлага тооцох арга механизм байхгүй байна. Сугарсүрэн захирлаас нэг зүйл асууя. ABI 7000 гэж багажийг үйлдвэрлэгч нь зөвхөн судалгаанд хэрэглэнэ, оношилгоонд хэрэглэхгүй гэж анхааруулсныг үл хайхраад, энэ багажийг  ашиглаж болно, үйл ажиллагаа явуул гэж хэн гэрчилгээ олгосон бэ?

Ж.СУГАРСҮРЭН: ABI 7000-ЫГ ОЛОН УЛСАД ХОРИГЛОДОГ ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ

“Хаппи веритас” оношилгооны төвийн захирал Ж.Сугарсүрэн: -Шийдэл талаасаа бол хяналт, шалгалт байх хэрэгтэй. Нөгөө талдаа буруугаа бид өөрсдөөсөө хайна гэгчээр лаборатори, лабораторийн ажилтнууд хаана алдаа гардгийг олж, түүн рүү чиглэсэн сургалтуудыг хийх ёстой. Өнөөдөр Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ хэн нэгнийг шалгах гэхээсээ илүү сургалт зохион байгуулдаг, бүх лабораторийг хамруулж чаддаг байх ёстой гэж бодож байна. ABI 7000-ын хувьд би мэргэжлийн хүн биш, хуульч хүн. 2008 онд элэгний В, С вирус тоолдог төхөөрөмж байгаагүй. Анх оруулж ирээд тоолж байсан төхөөрөмж нь ABI 7000. Манайх энүүгээр тоолж, ЭМЯ-наас гэрчилгээг нь аваад, үйл ажиллагаа явуулж байсан. Үүнийг олон улсад хориглодог эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн тухайн үед гэрчилгээг нь авч, олон мянган хүний мөнгө гадаад руу урсдаг байсныг Монголдоо болгож, нэг ч гэсэн хүний вирусийг эх орондоо тоолох ажлыг эхлүүлсэн. Энд ирсэн төлөөллүүдэд хүлээцтэй хүлээж авсанд баярлалаа. Би бухимдаад, илэрхийлэх гэж байсан зүйлээ хэт хүчтэйгээр илэрхийлсэн бол намайг уучлаарай. Цаашид уулзахад нээлттэй шүү. Би эмч хүн биш учраас шийдэл ярьж чадахгүй байна. Гэхдээ лаборант, тухайн чиглэлийнхээ хүмүүсийг алдаа мадаг гаргахгүй байх талаас нь  маш сайн бэлтгэсэн цагт бид нэгнээ хянаад байх шаардлагагүй, төхөөрөмж нь ч сайн болно, зөв гольдролдоо орно

ЭМЯ: ЛАБОРАТОРИУДЫГ ӨДӨР ШӨНӨГҮЙ ШАЛГААД БАЙЖ БОЛОХГҮЙ

ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн дарга Г.Ганхуяг: -“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт маш сайн байгаа. 12 бичиг хаагдаж, хоцорно гэдэг зүйл байхгүй. Өвчтөнүүдийн төлөөлөлтэй уулзах асуудлыг дамжуулъя. 
1.3 сая хүнийг  хамруулсан гэдэг бол маш том тоо. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч  энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадаагүй байна. Манай лабораториуд сайн ажиллаж байгаа. Энэ лабораториудын хүчинд олон хүний вирусийг илрүүлж, эмчилгээнд хамруулж байгаа. Та бүгдээс гарсан саналыг эргэж харна. Хяналт үнэлгээ гээд ажил хийж байгаа улсуудад дарамт болж, өдөр шөнөгүй шалгаад байж болохгүй. Эргэлзээтэй байгаа лабораториудад давтан шалгалт хийж байгаа. 
МУИС-ийн Генийн инженерийн лабораторийн эрхлэгч О.Одгэрэл: -Аливаа асуудлыг шийдвэрлэхэд маш сайн дата цуглуулах ёстой. Тоо бол худлаа хэлэхгүй. Түүндээ маш сайн нарийвчилсан дүгнэлт хийх ёстой. Энэ бол аливаа асуудлыг шийддэг шинжлэх ухааны батлагдсан арга. Яг л тэр зарчмаар явах ёстой. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн ажлын алба гэж баг байгаа. Энэ баг мэргэжлийн байх хэрэгтэй. Лабораториудад шинжилгээ өгсөн хүмүүсийн тоог сайн цуглуулж, харьцуулан анализ судалгаа хийх хэрэгтэй. Ганхуяг даргын хэлсэн тоо учир дутагдалтай байна. Эмчлэгдсэн хүний тоо бага байна. Энэ бол 98 хувь амжилттай эмчлэгддэг эмчилгээ. 50 хүрэхгүй хувьтай эмчлэгдсэн гэдэг бол тоогоо авч чадахгүй байна, анализаа буруу хийгээд байна гэсэн үг. 
ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэлтсийн дарга Г.Ганхуяг: -Энэ бол С вирусийн эмчилгээ хийлгээд, эргээд эмчтэйгээ холбогдон, шинжилгээ өгч, эдгэсэн хүний тоо. ЭМЯ-ны тоо буруу юм шиг ярьж болохгүй. 1.3 сая гэдгийн нэг сая нь даатгалтай иргэд. 300 мянга нь даатгалгүй иргэн буюу давхардсан тоо. Эмчлэгч эмч дүгнэлтээ бичиж, программд оруулсан тоог би хэлж байна. Энэ тоо өснө. ЭМДЕГ бүрэн цахимжсан. Бид долоо хоног тутам аймгуудаасаа мэдээлэл аваад эхэлсэн. ЭМЯ статистакаа нэг газар төвлөрүүлж байгаа учраас энэ бол бодитой тоо. 

Д.НАРАНЖАРГАЛ: 6000 ХҮН ТУТАМД НЭГ АЛДАА ГАРСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

“Оном” сангийн ерөнхий захирал Д.Наранжаргал: -Асуудал байгааг  ойлгох нь шийдэл гарахын хамгийн эхний алхам. Асуудлаа ойлгохгүйгээр бид шийдэл гаргаж чадахгүй. Бид ЭМЯ-нд тодорхой саналууд тавьсан. Хамгийн эхний алхам бол энэ олон лабораторийн ажиллах журам, стандарт. MNS15189-д үүнийг маш сайн заагаад өгчихсөн байгаа. Үүнийхээ дагуу лабораториуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүний эрүүл мэнд, амьдралтай холбогддог учраас шинжилгээгээ маш сайн хийгээч ээ. Хүн рүү дайрах биш, асуудлаа ойлгож, өөрсдөдөө шаардлага тавьж, ажлаа хий. Хэрэв чадахгүй бол ийм зүйл хийхээ болих хэрэгтэй. Дотоод үйл ажиллагаагаа цэгцлэх хэрэгтэй. Хүн бүр сайн сайхан сэтгэлээр энэ ажлыг хийдэггүй, мөнгө олох гэх мэт өөр өөрийн зорилготой. Тэгэхээр үүнийг хянадаг систем сайн байх хэрэгтэй. Ингэхийн тулд цаас шалгадаг биш, датануудыг авч шалгаж чаддаг болмоор байна. Хяналтын тогтолцоо заавал хариуцлага тооцдог тогтолцоотойгоо уялдах хэрэгтэй. Шалгалтыг хийж байгаа хүмүүсээ чадавхижуулахгүй бол лабораторийн хүмүүс тэднийг юу гэж ч хэлээд гаргаж чадахаар байна. Австралийн шалгалтын дэргэд сая манайхны хийсэн шалгалт хүүхдийн тоглоом. ЭМЯ энэ 90 мянган хүнийг яах вэ. Энэ хүмүүсийн датаг цуглуулж, олон улсад хийсэн судалгаатай харьцуулаад, алдаа гарах магадлал нь хэд байна вэ гэдгийг тогтоох ёстой. 15 лабораторид 90 мянган хүн шинжилгээ өгсөн. Энэ шинжилгээнүүдийг харж байхад хамгийн багадаа 6000 хүн тутамд нэг алдаа гарсан байх магадлалтай. Дата цуглуулж байж үүнээс их байх уу, бага байх уу гэдгийг тогтооно. Хоёрт, энэ тоог тогтоосны дараа бүх хүнийг дуудаж, дахиж шинжилгээ хийх үү, эсвэл тодорхой бүлгүүдэд шинжилгээ хийх үү гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Үүнийг шийдсэний дараа лабораторийн зөвшөөрөл өгөхдөө ямар хүн очиж, юуг нь шалгах, зөвшөөрөл өгсний дараа тухайн байгууллагын дотоод хяналт ямар байх ёстой, дотоод, гадаад хяналтын систем ямар  байх, тоо баримтыг хэн үзэж, шалгах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол энэ байдал ерөөсөө өөрчлөгдөхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага, ЭМДЕГ, лабораториуд мэргэжлийн  хүний нөөцөө сайжруулахгүйгээр урагшлахгүй нь ээ. ЭМЯ төрийн бус байгууллага, судлаач хүн ороход дагавар хүүхэд аятай ханддагаа болимоор байна. Төрийн захиргааны төв байгууллага учраас бид ЭМЯ-нд ханддаг. Гэтэл одоо зөвхөн өөрийнхөө нүүрийг хамгаалдаг. Асуудал байгаа учраас хүмүүс хандаад байгаа. Иймээс “Үүнийг сайжруулъя, энэ бидний үүрэг, цалин аваад сууж байгаагийн гол утга учир” гэж энэ асуудалд хандаач ээ гэж албан ёсоор хүсмээр байна. Өвчтөнүүдийн хувьд ЭМЯ-наас дахиж хийх шалгалтын хариуг хүлээх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Үүнээс маш тодорхой тоо баримт гарч, шаардлагатай хүмүүст дахиж шинжилгээ хийнэ гэдэгт итгэж байна. 

Тэмдэглэсэн: Б.Бадралмаа, Э.Эрдэнэцэцэг

Үндэсний шуудан сонин