Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх А.Мөнхнаран нарын ялыг хэвээр үлдээв
2020/02/17
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ван Чень Хун, Д.Амгалан, А.Мөнхнаран нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хаалттай хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Ван Чень Хуныг гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 13 жил хорих ял оногдуулсан юм.
Харин А.Мөнхнаранг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 17.4 дүгээр зүйлийн 2.1 буюу албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил хорих ял оногдуулсан. Мөн Д.Амгаланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 19.12 дугаар зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил 3 сар хорих ял оногдуулжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Зочин · 2020/02/17