Юм дэндэнэ дэндэнэ гэхэд арай дэндэх гэж байх юм. Сүүлийн үед Монгол Улсад гадаад орнуудын төрийн тэргүүн, нэр хүндтэй улстөрчид, айлчин гийчин, зочин төлөөлөгч ирэлтгүй боллоо.
 
 
Учир нь хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд нь хөөж туугаад элдэв өнгийн үнэн, худлаа мэдээ цацна. Японоос хүн ирвэл самуурай, империалистаар нь дуудна. Хятадаас хүн ирвэл тэр өмхий хужаа манай нутаг газраас зайл гэнэ.
 
 
Хаанаас ч зочин гийчин, төрийн томчуул ирэхэд хөөж туудаг нэг муухай зан манайд бий болжээ. Эрүүл саруулаар сэтгэдэг жирийн иргэд, сэхээтнүүд нь соёлт ертөнцөөс ичмээр ийм үйл явдлууд өрнөсөөр байна. Үйл явдал бүүр парламентын түвшинд хүртэл байна гээч.
 
 
Монголчууд уг нь айлчин гийчнээ гүн хүндэтгэлтэй угтаж, үддэг төрт ёсны өндөр соёлтой улс орон шүү дээ. Төрийн өндөр хэмжээний ямар ч зочин төлөөлөгчид ирсэн Монгол Улс цаашид хөгжих нь аль нэг намын дэд ажиллаж байгаа зарим нэгэнд нь таалагддаггүй бололтой юмаа даа.
 
 
Тэд үргэлж зочин гийчнээ таагүй угтаж, цайгүй хөөж гаргах гээд байх юм. Айлчин зочин ирэхэд дэггүй хүүхдүүд нь чулуудаад, зуудаг но­хой нь барьчих гээд байдаг айлыг ёрын айл, ёдорын зожиг овоохой гээд саахалтын хүн орж гарахаа байчихдаг юм даа.
 
 
Он гараад гуравхан сарын дотор Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Британи улсын Ерөнхий сайд байсан Тони Блэйр, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга У.Бангуо нарын дэлхийг тодорхойлж байгаа томоохон улс гүрний төрийн тэргүүн нөлөө бүхий улстөрчид манайд айлчиллаа.
 
 
Хүндэт төлөөлөгчдийг урьсан төр засаг, эгэл жирийн иргэд ч яахав чадлынхаа хэрээр л хүлээн авч сайн сайхныг ерөөж байна. Харин зарим улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл нь ил, далд эсэргүүцэж зарим нь бүүр хөөж туух дээрээ тулаад түүнийгээ ард түмний санаа мэт ойлгуулаад байна.
 
 
Шинзо Абэг "чулуугаар шидсэн" Монгол телевиз
 
Социализмын үеийн Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсын ( ЗХУ гэж товчилдог ) бол төрсөн дүү, коммунист намтай дэлхийн бусад оронтой бол ах дүү. Өөр орнуудтай нь бол дайсан байв. Энэ үеийн үзэл суртлын хамгийн том зэвсэг Монголын телевиз.
 
 
Тэр үеийн Монгол телевиз ЗХУ-ын улсын төрийн тэргүүн Л.И.Брежнев Монголд айлчлах үеэр Зөвлөлт Монголын найрамдлын тухай бүх киногоо бүтэн cap гардагсан. Зөвлөлтийг магтаад л Хятад, Америк, Японыг империа­лист, алуурчин талуурчнаар нь зүхсэн киногоо олон хоног гаргаж долигонодог байв.
 
 
Яг түүн шигээ юм болов доо. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэг саяхан монголд Ерөнхий сайдын урилгаар хоёр хоног айлчлахад Монгол телевиз "гайхамшигтай бэлэг" барьж угтлаа.
 
 
Шинзо Абэг Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр буухад Монгол телевизээр "Зарлаагүй дайны оршил" гэдэг монгол киног гарган угтав. Тэр кино нь Японы империализм, Япон орныг үзэн ядсан хүйтэн дайны үед бүтээгдсэн үзэл суртлын томоохон зэвсэг байв.
 
 
Ингэж Монгол телевизийн удирдлага Японд дургүйгээ албан ёсоор илэрхийлэв ээ. Бусад телевиз ч адил. Айлчлал өндөрлөөд Шинзо Абэг буцахад бас нэг телевиз "Дайсны цэргүүд ээ сонсоцгоо" гэдэг кино гаргаж Японы самуурай нарыг жигшин Ерөнхий сайдыг нь үдэх юм даа.
 
 
Бусад телевиз, сонин ч дүүрчээ. Тэд ямар ч мэдрэмж байхгүй. Монгол телевиз юучив дээ. Хайран татвар төлөгчдийн мөнгө. Нэг хүний хорлогчин занг дэвэргэх гэж бүхэл бүтэн Ерөнхий сайдын айлчлалыг гутаах гэж дээ.
 
 
Ингэж Монгол телевиз Шинзо Абэг 1990 оноос хойш ардчиллын үр шимээр тогтсон хоёр улсын харилцаатай хамт "чулуугаар шидэв". Дээд хэмжээний, төрийн албан ёсны энэ айлчлалыг мэдээгүй л гэж Монгол телевизийн удирдлага битгий хэлээрэй дээ.
 
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэг сарын өмнө энэ айлчлалын тухай мэдээг Япон Монголын харилцааны түүхэн замналын тоо баримттайгаар сонины редакци руу өгсөн юм. Ийм бүдүүлэг нэвтрүүлэг хийсэн Монгол телевизийн дарга, програмынхан өөрсдөө өргөдлөө өгч, ядаж ажлаа өгөх ёстой бус уу.
 
 
 
Тони Блейрийг эсэргvvцэн жагссан МАХН
 
Дэлхийд төдийгүй Европтоо нөлөө бүхий томоохон улстөрч Британийн Ерөнхий сайд Тони Блейр манайд айлчиллаа. 2013 оны нэгдүгээр сарын 30-наас хоёр хоног манай оронд түр саатав. Тэгсэн чинь нэг телевиз Тони Блейр дэмий тэнэж явна.
 
 
Манай улсаас урьсан хүн алга, урилга байхгүй явна зайл гэж нэвтрүүлэг хийлээ. Өнөө МАХН-ынхан чинь эсэргүүцэн шоронд байгаа даргатайгаа уулзахгүйгээс хойш хурдхан яв ухааны юм ярьж жагсав. Телевиз нь баахан зүхэв.
 
 
Монгол телевиз маань даган баясч МАХН-ынхныгаа хамгаалж дуу хоолойгоо өргөв. Айлчин гийчнээ гэртээ оруулахгүй ар араасаа дуу дуугаа аван зүхэх мэдээллийн хэрэгслүүд үнэхээр хэцүү юм. Тэдний өмнөөс ичих шиг болно.
 
 
У.Бангуо айлчлан ирэхэд өөдөөс нь улаан тугийг мандуулав
 
Монголд Хятад улс, хятад хүнийг хэн сайн харааж зүхэх вэ гэсэн уралдаан маягийн юм яваад байна уу даа. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга У.Бангуо манай УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ирсэн юм.
 
 
Манайхаар бол УИХ-ын даргын албан тушаалтай тэнцүү албан тушаалтай хүн л дээ. 2013 оны гуравдугаар сарын 2-ноос хоёр хоног айлчилсан. 16 жилийн дараа ирж их олон асуудал ярьж шийдэх байлаа. Тэгсэн чинь телевизээр ийм нэг дуу дуулдаг коммунист үзэл суртлын киног хичнээн ч давтав даа.
 
 
 
Шивээ хиагтыг авахад шилэн дэнлүү хэрэггүй
 
Шийдээд ирсэн гамингуудыг ширмэн бөмбөгөөр сөнөөвөө хөө хөө гэж улаан тугийг мандуулан дуулуулсаар эрхэм зочноо үдэв. Зарим телевизээр Чалко компани гэдэг чинь У даргын компани Чалкогийн гэрээг сунгуулах гэж ирлээ гэж туусныг яана.
 
 
Хятадын У даргыг манай зарим телевизийн нэвтрүүлэгч, редакторууд бараг л хөөж явуулав. Үүний дараа Хятадын шинэ дарга Си Жин Лин Орос улсад айлчиллаа. Тэгсэн чинь Оросын гол мэдээллийн хэрэгслүүд ямар мундаг хүлээн авч Орос Хятад хоёр улс ямар том асуудал шийдсэн гэж санана.
 
 
Алс Дорнодыг хамтарч хөгжүүлэх аварга төсөл хамтарч хэрэгжүүлэх болов. Бүх л үйл явдал энэ хоёр улсын дунд хавчуулсан Монгол Улсын оролцоогүй шийдэгдлээ. Дамаск арлын 70 хувь нь Хятадын эзэмшил болсон байна.
 
 
Нэг нь нэгийгээ би орос чи хятад гэхгүй хоёр гүрэн ард түмэнтэйгээ хамтран ажиллахаар том төсөлд тохирч гарын үсэг зурлаа. Мэдээл­лийн том том хэрэгслүүд нь Орос Хятадын "Шинэ эрин" ирлээ хэмээн ам уралдан магтацгаана. Гэтэл манайхан ялихгүй мөртлөө....
 
 
Айлчин гийчин, хөрөнгө оруулагчид ирэхэд ч хөөж туугаад юу болоод байнаа. Гадаад улсыг, гадны хүнийг үзэн ядагчид үнэн даварч одооны залуучуудын яриагаар "тэнэгтэж" өгөх юм аа.
 
 
Г.Дашрэнцэн 
 
Эх сурвалж: "Нийслэл таймс"