Монгол Улс анх удаа даавуун амны хаалтны үндэсний стандарттай боллоо
2020/03/17
COVID-19 халдварын цар тахал дэлхий дахинаа эрчимтэй тархахын хэрээр нэг удаагийн амны хаалтны хомсдол үүсч эхлээд байна. Манай улсын хувьд эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл болох малгай, амны хаалт, халаад, гутлын өмсгөл зэргийг үйлдвэрлэдэг ч түүхий эдээ 100 хувь импортоор оруулж ирдэг.
Одоогоор түүхий эдийн нөөц багасч татан авахад тодорхой хугацаа шаардагдаж байгаа тул олон дахин хэрэглэдэг амны хаалтыг хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага үүсч байна.
Энэ шаардлагын үндсэн дээр олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны стандартыг боловсруулж, батлуулах зорилго бүхий ажлын хэсгийг Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулсан юм.
Ажлын хэсэг шуурхай ажилласны үр дүнд СХЗГ-ын даргын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар “MNS 6828: 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандарт батлагдлаа. Энэхүү стандартаар агаарын бохирдол, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зориулалт бүхий олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны чанарыг шалгах, баталгаажуулах, хаяглах, савлах, хадгалах, тээвэрлэхэд тавих шаардлагыг тогтоосон байна.
Уг ажлын хэсэгт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орж ажилласан байна.
Ингэснээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор стандартад нийцсэн олон дахин угааж хэрэглэх амны даавуун хаалтыг дотоодын нөөц бололцоог ашиглан үндэсний үйлдвэрлэгчид бөөнөөр үйлдвэрлэх боломж бүрдэж байна.
Уг “MNS 6828: 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандарт нь стандартчиллын олон улсын болон үндэсний үйлдвэрлэгч, сорилт, шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн боллоо гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Стандартыг www.estandard.gov.mn вэб хуудсаас бүрэн эхээр нь үзэж танилцана уу.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2020/03/17
Амны хаалтны стандарттай болж байгаа нь сайн зүйл болжээ. Гэвч Франц хүн ар гэртээ халдвар авч очихгүй энэ Монгол улсад эмчлүүлнээ гээд энд үлдэж байхад манайхан даанч дэндүү юмаа өвчин халдвар авсан гэдгээ мэдсээр байж янз бүрийн арга хэрэглэн нутагтаа ирж гэр бүлдээ ард түмэндээ халварт үхлийн өвчин аваад ирж байх ч гэж дээ. Ялангуяа тэр Францаас ирж байгаа хүүхэн энд байгаа Францаас жишээ авч ч чадахгүй хог юмаа. Одоо баахан хорио цээр болно ажил сургууль үйлдвэрлэл гээд эдийн засгийн хувьд ч гэсэндээ аюул болголоо гэдгээ ойлгож байгаа болов уу? ер нь арай дэндүү дэндүү өвчин хэлж ирэхгүй ч мэдсээр байж өвчтөй гэдгээ мэдсээр байж даан ч дээ. Халдвар авч ирсэн энэ хүмүүст санаатай өвчин тараасан хэргээр шалгаж шийтгэх хэрэгтэй