Бага насны дурсамжтай бичлэг: Дуучин Д.Болд, Хийлч О.Байгаль
2014/04/03
Монголын хөвгүүдийн анхны хамтлаг “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдыг өдгөө хүн болгон танина.
Тэрбээр урлагийн гэр бүлээс гаралтай түүний өвөөг АЖ, Төрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян гэдгийг бид сайн мэддэг. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээсэн юм.
Д.Болдхөгжим бүжгийн коллежид сурч байхдаа нэгэн бяцхан охинтой хамт хийл хөгжим тоглож байжээ. Түүнтэй хамт хийл тоглож буй охин бол Хийлч О.Байгаль билээ.
Түүний хувьд "Өрсөлдөөн намайг хөгжимд дурлуулж хүчтэй болгосон гэж боддог. Анх сургуульд ороод 1-4 дүгээр ангидаа би юугаа ч ойлгоогүй. Харин чадахыг эрмэлзэх тусмаа би сурах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Дөрөвдүгээр ангидаа Чулуун гуайн нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцсоноор би өөртөө итгэх итгэлийг олж, бусдаас илүү байхыг эрмэлзэх болсон. Ингэж л би хөгжимд татагдсан. Тэр тэмцээнд Капьлявский хэмээх зохиолчийн хийлийн хөгжмийг тоглож байсан санагдана. Нас бага ч дунд насны ангилалд оролцож байлаа. Учир нь би тэр хөгжмийг хаанаас нь ч сонссон нэгд нэггүй мэддэг байсан юм. Түүнээс гадна хөгжимд дурлах болсон хамгийн том хүчин зүйл бол ээжийн минь дэмжлэг гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Манай гэр бүлийнхэн намайг хөгжимчин болоход надаас илүүтэй “тэмцсэн”. Тэр “тэмцэл” байгаагүй бол би өдийд хийлч болж чадахгүй байлаа" хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан удаатай.
Хөгжим бүжгийн коллежийн сурагч Д.Болд, О.Байгаль хэмээх сурагчид өдгөө хоёулаа олны танил авьяаслаг уран бүтээлч болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ингээд та бүхэндээ тэдний бага насандаа хамтдаа тоглосон аялгууг хүргье.
Д.Ана