Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус 1 хорооллын 48 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлага мэдээлэл 2020.03.28-ны өдрийн 21:52 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 21:56 цагт очиход тус тоотод буйдан ор шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Мөн тус байрны ариун цэврийн өрөөнд иргэн М /45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлжээ. 

 

Иймд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлж:

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна.