Дэлхийн нийтээрээ цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 12 тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. 

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдсэн дээрх тохиолдлуудад ДЭМБ-аас мэдээлсэн шинж тэмдгүүд илрэхээс гадна 12 хүний зарим нь нэг, хоёр хоногийн дараа, зарим нь 10 гаруй хоногийн дараа шинж тэмдэг илрэх байдал ажиглагджээ. Эдгээр хүмүүст илэрч буй гол шинж тэмдэг нь ихэвчлэн хамар битүүрэх, хамар загатнах, толгой өвдөх, бие сульдаж ядрах, зарим нь хоолой өвдөж, бие арзайх, дотор муухайрах гэсэн шинж тэмдэг илэрч байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцолсон. Манай улсын хувьд халуурах нь эхний шинж тэмдэг биш гэдэг нь ажиглагджээ. Тэгээд 2-3 хоногийн дараа 37, 38 хүртэхтэй үгүйтэй халуурч  байна. Хамар загатнаж, битүүрэхэд харшил хөдөлсөн мэтээр ойлголж, шинж тэмдгээ анзаарахгүй байгаа гэдгийг анхаарууллаа. Улмаар энэ нь харшилтай иргэд тусах магадлал тун өндөр болж байгаа ажээ.

Ийнхүү шинж тэмдгээ өөрчлөөд зогсохгүй хүүхдүүд хүртэл халдвар авах өндөр эрсдэлтэй болохыг Европын орнуудад тархсан байдлаас ажиглагдав. Европын орнуудын жишээнээс харахад шинж тэмдэггүй байх үед нь халдвар авах тохиолдол байна хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал  анхаарууллаа. Тэрбээр, халдвар авсан 30 гаруй хувь шинж тэмдэггүй тохиолдлоос халдсан байх магадлалтай, 44 хувь нь өвчний нууц үедээ бусдад халдаасан байх эрсдэл бий гэж тооцсон. Энэ өвчлөлийн 38 хувь нь 20-54 насныханд тохиолдсон байна гэв.