Поп дива дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.


-Зургаан настайгаасаа “Хөгжим бүжгийн коллеж”-ийн хийлийн ангид орсон. Энэ үеэс л урлагийн гараа тань эхэлсэн үү. Хүүхэд насны гэгээхэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

- С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн дунд сургуульд зургаан настайгаасаа элсэж орсон. Тухайн үед орос, буриад, монгол багш нар хүүхдийн авьяас, хэмнэл, сонсгол мөн хуруу гарын тэгш зөв байдал, эвслийг шалгадаг байсан. Тэгээд энэ үндсэн дээр тэнцэж анх утсан хөгжмийн анги буюу хийл хөгжмийн ангид орсон. Сургууль маань маш шахуу программтай. Ерөнхий эрдмийн хичээлүүд орно. Үргэлжлээд мэргэжлийн хичээл орно. Мөн мэргэжлийн хичээлээс гадна төгөлдөр хуур, хийл, найрал дуу, ансамбел, оркестрийн хичээчлүүд ордог байсан. Би чинь байрныхаа хүүхдүүдийг танихгүй өглөө найман цагт гараад орой найман цагт гэртээ ирдэг. Ирээд дахиад хоёр цаг мэргэжлийн хичээлээ давтана. Тэрийгээ дуусгаад үргэлжлүүлээд ерөнхий эрдмийн хичээлээ хийх зэрэг ачаалалтай байсан шүү.(Инээв) Гэхдээ урлагийн сургуульд сурсны ачаар их зүйлийг мэдэж, мэдэрч авсан. Урлагаар хичээллэсэн хүүхдийн баруун тархи илүү сайн хөгждөг шүү дээ. Тэнд чинь арван хуруугаараа хөгжим тоглоно. Сэтгэж бодох, ямар ч зүйлийг эерэгээр харах, мэдрэмж хөгжих зэрэг олон сайн талтай. Тийм учраас хүмүүс хүүхдээ өөр мэргэжилтэй болгох байсан ч урлагийн мэдэгдэхүүнтэй болгож хөгжим сургадаг шүү дээ.

-Таныг урлагийн хүн болоход юу илүү нөлөөлсөн бэ?

-Манай гэр бүлийнхэн бүгд урлагт хайртай, дуртай. Ер нь урлагт дургүй гэр бүл гэж байдаггүй байх. Харин намайг яг урлагийн хүн болоход ах, эгч хоёр маань илүү нөлөөлсөн. Ах маань “Queen” хамтлагийг сонсдог. Эгч маань “Abba” хамтлагийн шүтэн бишрэгч байлаа. Аав маань баян хуур, аман хуур хөгжим тоглодог, тун ч сайхан дуулдаг хүн байсан. Ээж маань ч бас дуу хууранд их дуртай. Ер нь бол урлагт их ээлтэй гэр бүл л дээ манайх. Эдгээр зүйлс намайг урлагийн хүн болоход илүү нөлөөлсөн байх. Дээрээс нь би одоо хүмүүсийн сайн мэддэг Монгол Улсын гавьяат жүжигчин, ятга хөгжмийн хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ эгчтэй нэг байранд амьдардаг байсан. Тэгээд Ч.Мөнх-Эрдэнэ эгч маань чи манай сургуульд орооч гэж надад хэлсэн. Ингээд би аавтайгаа хамт очиж шалгуулаад тэнцэж орсон байдаг.

-Ер нь манай урлагийн бүсгүйчүүд бүх зүйлээ өөрсдөө хийчихдэг, сэтгэлийн хаттай эмэгтэйчүүд байдаг гэж та хэлсэн байсан. Таны хувьд хэр их хатуужилтай вэ?

-Урлагийн бүсгүйчүүд ч гэлтгүй ер нь манай Монгол бүсгүйчүүд өөрсдөө бүхий л зүйлийг хийчихдэг сэтгэлийн хаттай. Эх хүн бүхий л зүйлд шантаршгүй дайчин, тэсвэр тэвчээртэй байдаг юм шиг санагддаг. Тийм ч болохоор манай монгол бүсгүйчүүд гадаа гарч эм, гэрт орж эм болдог тийм их ажилтай шүү дээ. Ийм ухаалаг хатан ухаантай монгол бүсгүйчүүд зөндөө олон байдаг шүү дээ. Ер нь би эх хүн болсныхоо дараа илүү сэтгэлийн хаттай болсон гэж хэлж болно. Эх хүний үр хүүхдээ, гэр бүлээ хайрлах тэтгэх тэр тэмүүлэл нэмэгддэг байх.

-Хийл хөгжмөө охиндоо зааж өгөөд одоо охин тань танаас илүү тоглодог болсон байх?

-Тэгэлгүй яахав. Охиндоо хийл хөгжмөө зааж өгсөн. Гэхдээ охины маань сонирхол төгөлдөр хуур хөгжим. Өөрөө сонсох дуртай хамтлаг дуучдынхаа аяыг оруулаад тоглоод байдаг юм билээ. Бүр өөрөө оролдож дуу зохиох жишээний. Урлагийн сургуульд ороогүй хэрнээ ээжийгээ хараад ч гэх юм уу урлагт дуртай, хайртай байгаад нь би их баярладаг. Тэгээд охиндоо төгөлдөр хуураа сайн оролдоорой. Цаашдаа багш аваад мундаг болж болно шүү гэж хэлсэн. Хэдий энгийн сургуульд оруулсан ч гэсэн хүүхдээ урлагаар явуулах нь зүйтэй гэж боддог.

-“Үүрд минийх гэж амлаач” дууныхаа үг, аяыг та өөрөө зохиосон. Үүнээс ч өмнө хүүхэд байхдаа ая, дуу зохиогч багачуудын уралдаанд түрүүлж байсан гэсэн. Ер нь сүүлийн үед үг, ая зохиож байгаа юу. Үзэгчид сонсогчдын сонорт хараахан хүрээгүй байгаа уран бүтээл бий байх?

-Миний хамгийн анхны зохиож байсан дуу “Хөгжмийн аялгуу” нэртэй дуу байгаа. Тавдугаар ангидаа Хүүхдийн ордоноос зохион байгуулсан “Ая зохиогч багачуудын уралдаан”-д арван жилийн ахлах ангийн хүүхдүүдтэй өрсөлдөж Гран При шагнал авч байсан. Үүнээс үүдэж, ая зохиоё, дуу дуулъя гэсэн сэдэл төрж байсан. Дуучин болсныхоо дараа “Үүрд минийх гэж амлаач” дууг зохиосон. Хайрын хит дуунуудын минь нэг яах аргагүй болохоор энэ дуундаа одоо ч гэсэн хайртай. Сая бас нэг хайрын тухай дуу зохиосон. Энэ дууны хөгжмийн найруулга хийгдээд дуусч байгаа. Тэрийгээ удахгүй сонсогч фэнүүддээ зориулж гаргана. Миний хувьд цомогт ороогүй шинээр хориод дуу хийсэн байна. Ер нь дуучин болсноосоо хойш 160 гаруй дууны урын сантай болсон. Тэрнээс 132 дуу нь сонсогчдод хүрсэн байна.

-Уран бүтээлч хүн үргэлж шинийг эрэлхийлдэг шүү дээ. Ингэхэд та юунаас эрч хүч, энерги авч байна?

-Ер нь урлагийн хүн тухайн цаг үе, дэлхий дахинаа хөгжмийн урлаг ямархуу хэмжээнд байна. Барууны дуучдаас ямархуу уран бүтээл гарч байна, чиг хандлага ямархуу байна гэдгийг судалгаа шинжилгээ хийнэ. Тэндээсээ олон зүйлийг мэдэж анализ, дүгнэлт, харьцуулалт хийдэг. Үүнээс гадна сайхан байгалийн аялал хийх, ууланд авирах, голын эрэг дээр очих, сайхан зураг зурж эрч хүч авдаг. Эх дэлхийнхээ сайхныг мэдэрч урам зориг авдаг.

-Сүүлийн үеийн сонин сайханаасаа хуучлахгүй юу. Ер нь хөл хорионы үеэр юу хийж байна вэ?

-Сүүлийн үед зураг зурахдаа цаг гаргаж байгаа. Тосон будгаар зураг зурахад стресс тайлж, тайвшрал, эрч хүч өгдөг юм шиг санагдсан. Ямар нэгэн зүйлд төвлөрнө гэдэг их гоё амралт болдог юм байна. Эхний ээлжинд хараад дуурайн зурахаас эхлүүлсэн. Эндээс гэрэл сүүдрийн ялгаа ямар байдгийг ойлголоо. Ингээд өөрийнхөө хийл хөгжмийг зурсан. Нар, сар зэрэг байгалийн зураг зурах дуртай. Одоо шар шувуу зурж байгаа.

-Корона вирус гарсантай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдэдээ их цаг гаргаж байна. Таны хувьд хүүхдүүддээ хэр их цаг гаргаж, бас юуг илүү чухалчилж хэлдэг вэ?

-Хүүхэд бол эцэг эхийн тусгал. Хүүхдийг зөөлөн гараар гэхдээ маш хянуур өсгөх нь зүйтэй байх гэж боддог. Ер нь эцэг эхийнхээ үгэнд ордог хүүхдүүд их зөв хүмүүжиж төлөвшдөг. Сүүлийн үед манайхан хүүхдийн эрх ашгийг хөндөж байна гээд хүслийг нь хорьж болохгүй гэсэн утгаараа хэтэрхий эрхлүүлдэг байдал ажиглагддаг. Хэмжээ хязгаарыг нь тохируулах л хэрэгтэй. Би айлаас зургуулаа. Аав ээж хоёр маань үргэлж л хүүхдүүдээ орой үдэш гадуур явж болохгүй гээд их сайн анхаарал тавьдаг байсан. Тэр нь гэр бүлийн хүмүүжилд их нөлөөлсөн байх.

С.ЛХАМСҮРЭН

 

Өдрийн сонин