• Төв банк 2020 он гарснаас хойш зах зээлд 955.6 сая ам.доллар нийлүүлжээ
  • Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлт саарч, эдийн засаг энэ оны турш сөрөг өсөлт тээхээр байгаа нь төгрөгийн ханш хүчгүйдэх шалтгаан болж байна

Ам.доллартай тэн­цэх төгрөгийн ханш өдөр ирэх тусам уруудсаар байна. Төв банкны зарласан ханшаар пүрэв гарагт ам.доллар 2785.12 төгрөгтэй тэнцлээ. Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар энэ он гарснаас хойш 955.6 сая ам.доллар зах зээлд нийлүүллээ. Хэдий тийм боловч төгрөгийн ханш суларсан хэвээр. Экспорт хумигдаж, валютын орлого агших болсноор төгрөгийн ханш унах дарамт улам нэмэгдсээр. COVID-19 цар тахлаас үүдэн бараа, бүтээгдэхүүний импорт буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд шилжлээ. Бизнесийн орчин муудах хэрээр эдийн засгийн хүндрэл газар авч, иргэ­дийн худалдан авах чадвар хумигдсаар. Инфляц мөнгөний бодлогын дээд хязгаараас бага түвшинд байгаа боловч төгрөгийн ханш эдийн засгийн бодит сорилт болсоор. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд инфляц 6.4 хувьтай байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлт саарч, эдийн засаг энэ оны турш сөрөг өсөлт тээхээр байгаа нь төгрөгийн ханш хүчгүйдэх шалтгаан болж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тасалдаж, валют олборлох уул уурхайн салбар доройтох тусам төгрөг гадаад валютын өмнө хүчин мөхөсдөж байна. Эдийн засгийн уналтыг удаашруулах, хэрэглээг дэмжих үүднээс мөнгөний бодлогын хүү сүүлийн 13 жилийн доод түвшинд ирлээ. Гэвч ханшийн уналт үргэлжилсээр. Мөнгөнийн бодлогын хороо оны эхний улиралд хоёр удаа бодлогын хүүгээ бууруулж, нэг оронтой тоонд авчирсан боловч төгрөгийн ханшийн уналтыг зогсоож дийлсэнгүй. Бодлогын хүү доош ороод есөн хувьд хүрсэн хэдий ч санхүүгийн салбарт хямрал улам гүнзгийрсээр. Уламжлалт мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байсан төв банк өнөөдөр төсвийн бодлогыг сөрөх бус дагаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, төсөв, мөнгөний бодлого тэлж, төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэхээр байна. Мөнгөний бод­логын орон зайг хумих төсөвт тодот­гол хийхгүй гэж Сангийн сайд удаа дараа мэдэгдсэн. Дэлхий даяар мөнгөний бодлогын төлөв өөрчлөгдөж, түүхэнд байгаагүй хамгийн доод түвшинд ирээд байна. Энэ үед гадаад өрийн дарамт, экспортын орлогын уналт төгрөгийн ханш унах, ам.доллар улам од болох нөхцөл бүрдүүлсээр. Гэтэл импорт, хэрэглээ ялимгүй буурсан боловч экспортын орлого агшсаар. Мөнгөний бодлогын хороо энэ оны нэгдүгээр улиралд хоёр удаа хуралдаж, бодлогын хүүг өөрчилсөн. Эдийн засгийн эрч саарч байгаа тул төв банк хоёр удаа буулт хийгээд байна. Хэдий тийм боловч валютын ханшийн хямрал эдийн засаг бүхэлдээ өвдөх хүчин зүйлийн эхэнд эрэмбэлэгдэх аж. 

Засгийн газрын мэдээ сонин