УИХ-д сонгогдонгуутаа ураг төрлийн хэлхээ, хамаарал бүхий компаниудаараа зээл авч, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаасан түшээд хууль тогтоох байгууллагад хэдэн арваараа бий.

Манай сонин өнгөрсөн дөрвөн жилд түшээд сонгогчдынхоо өмнөөс төр түшилцэхдээ эрх ашгийн эрэмбээ хэрхэн зөв хуваарилж буй талаар цувралаар бичиж байгаа. Энэ удаа Увс аймгийг онцолж байна. Тус аймгийнхныг төлөөлж УИХ-д Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат нар сууж буй билээ.

 

“ХОТГОР ШАНАГА”-ЫН УУРХАЙГ ЗАРСНААС ХОЙШ Ч.ХҮРЭЛБААТАРЫН БАЛАГ ДУУССАНГҮЙ

УИХ-д төрөлх нутаг Увсаасаа гурван удаа сонгогдож, төрийн хайр хишгийг хангалттай хүртэж буй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан тушаал, эрх мэдлээ ашиглан халаа сэлгээ, холио солиог чамгүй хийж буй нэгэн. Сонгуулийн штабтай ажиллуулсан хүмүүсээ албан тушаалаар “шагнаж”, цаашлаад хамаарал бүхий этгээдүүдэд нь тендер өгдөг “хоншоортой” сайд. Төрийн албанд үйлчлэгчээс эхлээд томилдог түүний эл араншинд шударгаар хөдөлмөрлөж буй Увсын ард түмэн туйлын дургүй. Унасан газар, угаасан усаа хайрлаж, хамгаалдаг нь хүмүүний араншин байлтай. Харин Ч.Хүрэлбаатарт энэ сэтгэхүй байдаг юм болов уу гэж эргэлзэхэд хүргэсэн зүйл нь тэр нутгийнхаа “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосчуудад зарсан явдал. Тус уурхайн нүүрсээр Увсын дулааны цахилгаан станц өвөлждөг.

Нэгэнт хүнийх болсон уурхайн эзэд нүүрснийхээ үнийг нэмэх, ямар нэг байдлаар “дарамтлах” байдал жил ирэх тусам газар авч буйг нутгийн иргэд хэлдэг. Одоо түүний ахын хамаарал бүхий компани Улаангом сумын ундны усны хагалбар газар болох “Улаан уул”-ын дээхнэ талд элс хайрганы карьер ажиллуулж байгаа нь увсынхан түүнийг УИХ-д гурвантаа сонгосны тусыг усаар хариулж буй хэрэг мөнөөс мөн. Албан тушаалгүй байсан бол түүний ах, дүү, хамаарал бүхий этгээдүүд нь ингэж “хөлөөрөө толгой, толгойгоорой хөл” хийх байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Ахыгаа ОХУ-ын Тувад суух консулаар, ахынхаа охиныг Хонконгт суух дэд консулаар томилуулж, сонгуулийн штабын менежрээ Татварын ерөнхий газрын дарга болгосон зайтай эр. Төрийн банк, Хөгжлийн банк, гааль, татвар, Увс аймгийн ЗДТГ, харьяа газар, хэлтсүүдэд түүний “халаасны” хүмүүс захаас аваад мундахгүй олон бий. 

Эрх баригч намынхны хоёрдугаар ээлжийнхэн “хоолондоо” ороход тэрбээр Сангийн сайдаар томилогдсон. Өдгөө хоёр жил гаруй улсын сан хөмрөгийн түлхүүрийг атгаж буй Ч.Хүрэлбаатар жил бүр Увсад хамгийн өндөр төсөв хуваарилдаг. Өдгөө дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн цар тахлын үед эдийн засаг муудаж, төсвийн алдагдал төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдэхээр байхад төсөв тодотгохгүй гэж гүрийж буй нэгэн. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ гэдгийг тэр мартаж, нам нь сонгуульд ялж байвал бусад нь хамаагүй гэх хандлагаар хандаж байгааг улс төр гадарладаг хэн хэнгүй шүүмжлэх болсон. Гэсэн ч тэр мөчөөгөө өгөлгүй сонгуультой золгохоор бэлтгэлээ тун ч сайн базааж буй гэсэн.  

ЛИЦЕНЗЭЭР ХӨЛЖИНӨ, ТӨСВӨӨС Ч МӨНГӨ “ХУМСАЛНА”

Б.Чойжилсүрэнг увсчууд мөн л гурав дахь удаагаа парламентад сонгосон. Итгэлийг зүтгэлээр хариулахаа хэлж, нутгийнхандаа хөл алдан, найр тавьж байсан тэрбээр 2016 онд нам нь үнэмлэхүй олонх болсноос хойш зангаа хувиргасан нэгэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт жил гаруй хугацаанд Сангийн сайдаар ажиллаж, одоо Төсвийн байнгын хорооны даргын эрх ямбыг эдэлж суугаа. Өөрийнхөө компанид НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө шилжүүлсэн, төр-хувийн хэвшлийн түншлэлээр барьсан дунд сургуулийн барилгаа улсад зах зээлийн үнэлгээнээс хэд дахин өндөр үнээр шахахаар зүтгэсэн гэх мэдээлэл бий.

Мөн уул уурхайд нэр холбогдож, намын дарга, Ерөнхий сайдаараа хатуухан донгодуулж явсан цаг саяхан. Тэрбээр Өмнөговь аймгийн нутагт орших Тост, тосон бумбын нуруунд лиценцтэй, ашиглалт олборлолт явуулдаг талаар холбогдох эх сурвалжууд хэлж байсан. Жил бүр улсын төсвийг боловсруулах ажлын хэсэгт багтаж, өөрийн хамаарал бүхий компанидаа, тойрогтоо ахиухан мөнгө хуваарилуулж чаддаг зайтай эр. 

Увс аймгаас өдгөө дөрөв дэх удаагаа УИХ-д нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй. Бас болоогүй ээ, шударгаар өрсөлдөхгүй мөнгө тараана, цэвэрхэн аргаар хууль зөрчөөгүй юм шиг харагдах хэлбэрээр хүмүүсийг “ивээн тэтгэх”-ээ ч тэр мартахгүй. Тойргийнхоо ахмадуудад сар шинийн бэлэг болгож, “Голомт” банкинд хадгаламжийн данс нээлгэж, 50 мянган төгрөг шилжүүлж байсан баримт бий. Үүнийгээ “Ахмадуудад золголтын мөнгө болгож өгсөн” хэмээн хээвнэг тайлбарлаж байсан билээ. Ямартай ч тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд тойргийнхондоо 11 тэрбум төгрөг “цацсан” гэх мэдээлэл бий. Мэдээж энэ хөрөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс хэд дахин үржүүлж олж авна гэхээр увсчууд сонголтондоо эргэж харах цаг болсныг илтгэж байна. Түүний төрсөн эгчийн компани өнгөрсөн жилийн төсвөөс гурван тэрбум төгрөгийн тендер Улаангом суманд тохижилт хийнэ хэмээн авсан байдаг. Төрсөн дүү Б.Балдорж нь хамаг бизнесийг нь удирдаж, ил, далдаар ахыгаа төсвөөс “хумслахад” оролцдог гэсэн. 

 

ТЕНДЕРЧИН Н.ЦЭРЭНБАТ

Хууль тогтоох байгууллагад анх удаа сонгогдсон Н.Цэрэнбат сайн эцгийн нэрээр увсчуудын итгэлийг 2016 онд хүлээсэн. Сул гишүүнээс БОАЖ-ын сайдаар ажиллах ховорхон хувь тохиол түүнд олдсон ч тэр нутгийнхныгаа итгэлийг эвдэж, урмыг хугалсан нэгэн. Төрийн түшээ болонгуутаа хамаарал бүхий компаниудаараа дамжуулан тендерүүдийг хэд хэдээр нь авч эхэлсэн. Өнгөрсөн онд гэхэд “ССТ-Од”, “Ундарга констракшн” гэх мэт үеэл, худ ургынхаа компанид өндөр дүнтэй тендерүүдийг өгч, мөн БОАЖ-ын сайдынхаа багцаас хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн байдаг. 

Сайдаар ажиллаж буй энэ цаг хугацаандаа ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гаргасныг нь тоочвол тоймгүй олон. “Давхар дээл” өмссөн энэ дөрвөн жилд салбарынхаа болон УИХ-ын гишүүнийхээ хувьд санаачилсан дорвитой хууль, тогтоолын төсөл хуруу дарам цөөн. Тойргийнхоо сонгогчидтой уулзахдаа ч хойрго тэрбээр энэ удаа төрөлх нутгаасаа хоёр дахь удаагаа нэр дэвшиж, өрсөлдөхөөр намын даргаасаа “виз”-ээ авсан гэсэн. Үеэлээ Увс аймгийн Монголбанкны захирлаар, сонгуулийн штабт ажилласан менежрээ аймгийнхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргаар томилсон гээд Н.Цэрэнбатын Увсад хийсэн томилгоо Ч.Хүрэлбаатарынхтай эн тэнцэж очно. Увсад төрийн албыг төрлийн болгоход тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсан хүн юм. 

Ах, дүү, хамаатан садан, хамаарал бүхий этгээддээ татвар төлөгчдийн мөнгөнөөс “нугалаа” гарган тендер өгөх, албан тушаалын наймаа хийх явдал өнгөрсөн дөрвөн жилд Увс аймагт цэцэглэн хөгжсөн. Үр дүнд нь орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшин муудаж, ядуурал, ажилгүйдэл нэмэгдсэн дүн мэдээ байх юм. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН