Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр 09:30 цагт эхэлсэн.  Хуралдаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ.

Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэж нэмэлт оруулсан нь Үндсэн хуулийн зөрчилтэй гэсэн мэдээллийг хуульчид гаргаад байв. 

 

Цэцийн гишүүд маргааныг өчигдөр хэлэлцээд тухайн заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа. 

Хуралдаанд  цэцэд мэ­дээ­лэл гаргасан өмгөөлөгч Л.Мөнхсайхан, гавьяат хуульч Ц.Шарав­дорж, хуульч Ё.Бямба­тогтох нар оролц­лоо.  Харин парла­ментын итгэмж­лэгдсэн төлөө­лөгчөөр УИХ-ын ги­шүүн Т.Аюурсайхан ирсэн байна. Цэцийн шийд­вэрийн талаар өмгөөлөгч Л.Мөнх­сайханаас тодруул­лаа. Тэрээр “Цэц ээлжит захиал­гат шийдвэрээ гаргалаа. Сонгуульд нэр дэвших хүнд эрүүгийн нэмэгдэл ял оноож болохгүй.   Улмаар СЕХ нь Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болчихлоо.  Энэ нь яалт ч үгүй Үндсэн хуулийн зөрчилтэй асуудал байв.   Гэтэл цэц Үндсэн хуулийн зарчмаа хамгаалж чадсангүй.

Томилгооны хараат байгууллага гэдгээ дахин нотоллоо.   Хүнийг бүх насаар нь яллаж болохгүй, тэр тусмаа Сонгуулийн хуулиар нэмэгдэл ялын харилцааг зохицуулах нь Үндсэн хуульт нийгэмд байж болохгүй асуудал.  Хуулийн нэмэгдэл ялыг СЕХ –гоор гүйцэлдүүлэхээр заасныг ч хуульчийн зүгээс эсэргүүцэж байна” гэсэн юм. 

Улмаар цэц энэ асууд­лаар 2008 онд дүгнэлт гар­гасан байдаг бөгөөд  одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэдгийг хуульчид хэлж байлаа.   Харин Цэцээс тэр дүгнэлтэд хамаарахгүй асуудал хэмээн үзсэн байна. Тухайн үед гарсан дүгнэлтэд нэгдүгээрт, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа тус хуулийн 27 дугаар зүйлийн 4-т “Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна” гээд “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж тухай хүний улс төрийн эрх буюу гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна гэж үзсэн. Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд “ялгүй байх” гэж заасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ес дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21 зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн “ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн. Энэхүү цэцийн дүгнэлт одоо ч хүчин төгөлдөр байхад  Үндсэн хуулийн цэц дүгнэлтийнхээ эсрэг   шийдвэрийг гаргаад байна.

 

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин