Үндсэн хуулийн Цэцийн гишүүн  Д.Сугарын хүү  С.Цог нарын 12 хүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, энэ хэргийг давтан үйлдсэн хэрэгт холбогдсон.

Эл хэргийн Давж заалдах шүүх хурал болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.  Тиймээс С.Цог нарын хүмүүсийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард дахин болох байсан ч нэг өмгөөлөгч нь шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэж хүссэн учир өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Тиймээс С.Цог нарын 12 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болно.

Түүнтэй хамт Ц.Эрдэнэбилэг, Г.Бямбасүрэн, Б.Гүнбилэг, Д.Одхүү, Э.Золжаргал, Б.Энхтайван, Г.Ууганбаяр, О.Анударь, Т.Тамир, А.Анар, Н.Оюунжаргал нар шалгагдаж байгаа.  Харин эдгээрийн өмгөөлөгчөөр Т.Мөнхтуяа, Р.Пүрэвлхам нар ажиллаж байгаа юм. Мөн зүйл ангийн хувьд Эрүүгийн хуулийн 188.2, 192.1, 192.2, 192.3.4-р зүйл ангиар шалгаж буй.

Харин сүүлийн үед С.Цогийг хоёр шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод байгаа Ч.Баттуулын хэрэгт холбоотой гэх мэдээлэл гарах болсон. Тодруулбал, Жон Мартин Кийн хэсэг хүмүүстэй Цонжинболдогийн ойролцоо уулын өвөрт уулзаж хар тамхи наймаалцсан. Тухайн үед С.Цог гэгч нь Жон Мартин Кийнтэй уулзахаар ирсэн хүмүүсийн дунд байсан гэдгийг Ч.Баттуул аавдаа ярьсныг Н.Чулуунбаатар гуай сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ ярьж байсан удаатай билээ.

Х.Даваа