Эх орондоо ирэх хүсэлтэй 10,836 иргэнээс 472-ыг нь авчирлаа. Тодруулбал, Энэтхэгээс 190, ОХУ-аас 282 иргэнийг тусгай үүргийн нислэг болон галт тэрэг, автобусаар тээвэрлэв. Ингэснээр 10,364 хүн эх орныхоо зүг нүдээ ширгэтэл харсаар үлдлээ. Европын улсуудаас 2700 гаруй, Азиас 5100, Австралиас 1176, Америк тивээс 1700 гаруй иргэн эх орондоо ирэх арга зам хайж, Монгол Улсыг агаарын хилээ нээж, дамжин нислэгээр харих боломж олгохыг хүлээж буй.

Гэвч халдварын эрсдэл өндөр, гаднаас авчирсан иргэдээс коронавирус илэрсээр байгаа тул хамгаалалт, халдваргүйтлийн өндөр дэглэм дор Монголын Засгийн газраас зохион байгуулсан нислэгээр ирэхийг илүүд үзэж байна. Харамсалтай нь хамгийн сүүлд ОХУ-аас иргэдээ авчрахдаа ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг зөрчиж, олон алдаа гаргаснаас замдаа халдвар авсан гэх иргэдийн гомдол, шүүмжлэлд дарагдаад байна. Энэ сарын 14-15нд ирсэн иргэд Москва, Эрхүү хотоос Улаан-Үүдээр дамжиж хүнд нөхцөлд олон цагаар явж ирснээ ярьсан. Хүмүүс дор бүртээ халдвар хамгааллын дэглэмийг чадах чинээгээр барьсан хэмээн ярьж байгаа ч нүдээр үзээгүй хүмүүсийн хувьд ОХУ-д байхдаа халдварт өртсөн болов уу гэсэн хардлага төрүүлж буй. Улсын онцгой комиссынхон өнгөн дээрээ бүх зүйлийг нарийн чанд мөрдөж буй мэт олны нүдэнд харагдаж байгаа ч ачир дээрээ тийм биш гэдгийг халдварт өртсөн иргэд хэлж байна. Уг нь Эрүүл мэндийн яам “Галт тэрэг, автобус, хот хооронд зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж” гээчийг боловсруулж гаргасан юм байна. Тус зөвлөмжид зорчигчдын амны хаалтыг хоёр цаг тутамд солих нөөцтэй байлгах, биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэх, бөөгнөрөл үүсгэхгүйгээр 1-1.5 метрийн зайтай суулгахыг зааварласан. Мөн хүндэтгэх шалтгаантай зорчигчдыг эхэлж суулгах, гадаад паспортыг битүүмжлэх уут бэлтгэж, албан шалгалтыг шуурхай явуулна гэжээ. Галт тэрэгний купе, коридорт хоёр цаг тутамд цэвэрлэгээ хийж, халдваргүйжүүлэн, цонх нээж агаар сэлгэх тухай ч онцгойлон тусгасан. Ариун цэврийн өрөөнд саван, цаас, гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис, хогийн савыг байрлуулан, тогтмол халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэнэ гэсэн байв. Гэвч цаасан дээр буусан энэ дүрэм газар дээрээ мөрдөгдөхгүй байгаа бололтой. Уг нь Улаанбаатар төмөр зам социализмын үеэс мөрдөж ирсэн хатуу дэг журмаа огтхон ч сулруулаагүй бөгөөд зөрчсөн тохиолдолд ажилтныг цалингийн 30 хүртэл хувиар торгодог. Түүнчлэн COVID халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эрүүл ахуйн байцаагч, эмч, сувилагч, цагдаагийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй зорчдог. Гэтэл галт тэргэнд ямар ч ариутгалын бодис байгаагүйгээр барахгүй зорчигчидтой зөвхөн чанга яригчаар харилцаж байсан. 70 орчим хүн нэг дор бие засах газраар үйлчлүүлж байхад нэг удаа ч ариутгаагүй гээд зөрчил дутагдал байгааг галт тэргээр ирсэн иргэд дуулгалаа. Бид энэ талаар МХЕГ болон бусад холбогдох газрын мэргэжилтнүүдээс тодруулах гэсэн боловч “газар дээр нь бид ажиллаагүй учраас ямар нэг тайлбар хийх шаардлагагүй” гэсэн хариулт өглөө. Иргэдийн хэлж буй шиг халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаж чадахгүй байгаа бол цаашдаа ирэх иргэд хэдэн зуугаар өвчлөх эрсдэл өндөр байгааг холбогдох байгууллагууд анхаарна уу. Ойрын үед ОХУ-аас дахин иргэдээ авчрахаар төлөвлөж байна. Дараагийн ирэх иргэдийг тээвэрлэхдээ энэ алдаанаасаа сургамж авч, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх шаардлага Хилийн мэргэжлийн хяналтын алба, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийнхэнд тулгарлаа. Энэ явдал ар араасаа илэрч буй халдварын үед ариун цэврийн дэглэм илүү нарийн сахих анхааруулга өглөө.  

 

Арай гэж авчирсан иргэдээ замд нь халдварлуулах эрсдэлтэй байна

Бид ОХУ-аас ирээд халдвартай гэж оношлуулсан зарим хүмүүстэй утсаар холбогдож ярилцлаа. 

Улаан-Үүдээс 200 километрийн зайд орших тосгоноос зургаан оюутны хамт ирсэн эмч багш ийн ярилаа. Тэрбээр “Тавдугаар сарын 14-нд сургуулийнхаа жолоочоор Улаан-Үүд рүү хүргүүлсэн. Жолооч битүү хамгаалалтын хувцастай байсан. Бид 12:00 цаг өнгөрч байхад хил дээр ирсэн. Алтанбулагийн боомтоор хүмүүсийг 20, 20-иор нь нэвтрүүлсэн. Хилээр орж ирэнгүүт дэглэм илт суларч, эмх замбараагүй байдал үүссэн. Ингээд тэнд зогсож байсан улаан автобусанд 40 хүнийг чихэж суулгасан юм. Хамгийн сүүлд би 40 дэх хүн болж орсон ч рейлбус хүртэл чемодан дээрээ сууж явсан. Цонхоо онгойлгохгүй маш бүгчим, амны хаалттай хүмүүс амьсгалахад бэрх байсан. Рейлбус руу шилжиж суухад зорчигч нар зай барих дүрэм мөрдөх боломжгүй байлаа. Бид дунд талынх нь хараахан дүүрээгүй байсан воганд орсон. Даралт ихэсдэг хүн дахиад л бүгчим агааргүй орчинд орох нь тэр. Агааргүй орчинд удаан суух хэцүү байсан болохоор цонхоо онгойлгооч гэж удаа дараа гуйсны эцэст арай гэж онгойлгуулсан. Галт тэргэнд ороод суудлаа олж амжаагүй байтал чанга яригчаар “36,900 төгрөгийн зардал өгөөрэй, хэрэв хэн нэг нь зардлаа өгөхгүй бол явахгүй шүү” гэж зарласан. Ингээд галт тэргэнд ороод оюутнууд маань ар гэр рүүгээ утсаар холбогдлоо. Харамсалтай нь миний мэдэж байгаагаас утсаар ярьсан таван оюутан вирусийн халдвартай гарсан. Огт утсаар яриагүй, маскаа аваагүй хүүхдүүд сөрөг хариу авсан. Халдвар хамгааллын дэглэм барих ямар ч арга байгаагүй. Галт тэрэгний бие засах газарт бүх л хүн орж байлаа. Тэнд ариутгаж сүйд болоод байсан ч юм харагдаагүй. Бидэнтэй хамт ирсэн эмч өөрт байсан ариутгалын бодисоороо байсхийгээд л бие засах өрөөг ариутгаж явсан. Нойр, хоолгүй олон цаг зүдрүүхэн явж Мандал өртөөнд ирсний дараа дахиад унаа сэлгэх шаардлага гарсан юм. Галт тэрэгнээс бууж автобус фургонд хувааж суулгасан. 15 хүнийг фургон машинд чихэж суулгасны нэг нь би. Батсүмбэрт ирж тусгаарлах байранд ороход үүрийн 05:00 цаг болж байсан. Урд өдрийнх нь 12:00 цагаас хойш явсаар 17 цаг олигтой хоол унд идээгүй юм байна. Ингээд 08:00 цаг ийн үед шинжилгээ авахад бидний хариу эерэг гарчихсан. Гэхдээ би үүнд тэгтлээ цочирдоогүй, “ОХУ-д байхдаа шинжилгээ өгчихөөд ирэхгүй яав даа” л гэж харамссан. Халдваргүй бүсээс ирсэн болохоор бидэнд ямар ч асуудал байгаагүй тул шинжилгээний хариунд эргэлзэж байгаа. Хил дээр ирэхдээ л би эргэн тойрноо хараад их эрсдэл дунд орлоо гэдгийг ойлгосон. Зарим хүн амны хаалтгүй, нэг эмэгтэй нялх хүүхдээ тэвэрчихсэн хөхүүлээд сууж байсан. Хоёр метрийн зай барих, биеэрээ шүргэлцэхгүй байх, бие засах газрыг байнга ариутгах, гараа савандаж угаах гээд бүх л халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Цаанаасаа тийм боломжийг хангаж өгөөгүй. Эх орныхоо хилийн дээсийг алхаж, нутаг ямар үнэ цэнтэй болохыг мэдэрч өөрийн эрхгүй баярлаад уйлж байсан. Би хэн нэгнийг буруутгамааргүй байна. Гэхдээ хамгаалалтын дэглэмийг нарийн чанд мөрдөхгүй бол халдвар улам нэмэгдэх эрсдэл байна шүү гэдгийг л хэлэх гэсэн юм” гэлээ. 

Гаднаас ирж байгаа хүмүүст тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй

Бидний дараагийн холбогдсон иргэн Улаан-Үүдэд аяллаар явж байгаад гацсан эмэгтэй байлаа. Тэрбээр “Би Улаан-Үүдэд 15 хоносон. Нэгэнт хил хаагдсан болохоор найз нөхдийнхөөрөө л орж гарч байлаа. Хил нээгдмэгц энэ сарын 14-нд ирсэн. Галт тэргээр ирж байгаа хүмүүст халдваргүйтгэл ариутгалын үйлчилгээ хангалтгүй юм шиг санагдсан. Хил дээр биднийг цэргийн ногоон майханд олноор нь чихэлдүүлж оруулаад, цаг гаруй суулгасан. Автобусаар галт тэрэгний буудал хүрэх юм байна гэдгийг л гадарлаж байснаас өөр ямар ч мэдээлэл өгөөгүй. Хаана хэдэн цаг саатах, хаа хүртэл хэдэн километр ямар унаа сэлгэж явах, тусгаарлах газар нь хаана байх гээд тодорхой мэдээлэл байгаагүй. Энэ талаар хэн ч бидэнд мэдээлэл өгөөгүй. Мөнгө тушаа гэсэн дансыг нь шалгатал хувь хүнийх байсан. “Яагаад бид хувь хүний данс руу мөнгө тушаах ёстой юм бэ” гэж машинистаас лавлатал өгсөн данс руу хий гэсэн. Гэтэл хүмүүс бужигнаад эхэлсэн. Оюутнууд нь монгол мөнгө байхгүй, рублиэр төлөх боломжгүй юм уу гээд л хойш урагшаа холхилдоод байлаа. Нэг нэгнээсээ монгол мөнгө, мобайл банк сурагласан хүмүүс хэсэгтээ л эмх замбараагаа алдсан. Хоёр метрийн зайнаас харьцах нь байтугай утсаа дамжуулж ярих, байгаа мөнгөө нэгэндээ шавхаж өгөх үзэгдэл гарсныг нуухгүй. Зохион байгуулалт маш муу байсан нь эндээс харагдах байх. Уг нь хилээр оруулж ирээд л хүн бүрт тодорхой мэдээлэл өгөх ёстой биз дээ. Гэтэл нүдэн балай чих нь дүлий гайхаж, учраа олохоо байсан хүмүүс л явж ирсэн. Мөнгөгүй оюутнуудын нэрийг чанга яригчаар зарлаж зардлаа төл гэж дарамталж байхын оронд тусгаарлагдсан хугацаанд нь төлүүлж болох л байсан шүү дээ. Галт тэргэн дотор уух ус ч үгүй бүтэн найман цаг гаруй болж байж хөдөлсөн. Агааргүй бүгчим орчинд хүнийг ийм удаан суулгахаар өвчлөхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Дараа дараагийнхаа авчрах хүмүүсийн ийм байдалтай тээвэрлэвэл халдвар улам газар авна. Манай улсын эмнэлгийн хүчин чадал ямар билээ. Эрүүл мэндийн байгууллагын ачаалал ямар билээ гэдгээ бодолцож, хүмүүсээ халдваргүйтлийн дэглэм нарийн мөрдөж тээвэрлэхгүй бол биднийг авчирсан шиг хандвал олон хүн халдварт өртөнө” гэлээ. Онгоцоор ирж буй хүмүүсийн халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд мөрдүүлж буй шигээ газраар ирж байгаа иргэдэд ч адилхан үйлчилгээ үзүүлмээр байна. ДЭМБ-аас гаргасан хоёр метрийн зайнаас харилцах гэсэн дүрэмд галт тэрэг тохирох унаа мөн эсэхийг дахин тунгаан бодох хэрэгтэй болов уу. Автобусаар цөөн хэдээр тээвэрлэн авчирч яагаад болохгүй гэж. Иргэд өөрсдөө замын зардлаа төлж байгаа нөхцөлд аль болох тав тухтай зорчиж ирэхийг хүсэх нь мэдээж шүү дээ. Эх орондоо хөл тавихыг хүссэн иргэд хэдийг ч нэхсэн төлөхөд бэлэн суугаа нь дамжиггүй.

Засгийн газрын мэдээ сонин