Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  гаргаж тавьсан “авлигажсан төсөв”-ийг хумьж цэгцлэх асуудал сөхөгдсөн.

Татвар төлөгчдийн мөнгөөр барилга барих нэрээр барилгын компаниуд мөнгө угаадаг байсан гэдгийг ч онцлоод авсан.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас сайд нартайгаа нийлж мөнгө иддэг нь ч ил болсон.

Улсын төсвөөс мөнгө авчихаад тухайн барилга нь босохгүй он дамжих тусмаа тэдэнд сайн байдаг аж. Үүнийг нь ерөнхий сайд "авлигажсан барилга" хэмээн нэрийдсэн юм.

Засгийн газраас "Авлигажсан топ 10 барилгын компанийг" зарлалаа. Үүнд “Заг” ХХК, “Си Эйч Си” ХХК, ”Нийслэл Өргөө” ХХК, “Алтанбулаг трейд” ХХК, “Арвис интернейшил” ХХК, “Бүтээлч шинэ сонголт” ХХК, “Гурван тэс” ХХК, “Хөвсгөл геологи” ХХК зэрэг компаниудын барьж байгаа барилгууд оржээ.

Дээрх топ 10 барилгын компаниуд улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр нь авч ажлын гүйцэтгэл хангалтгүй хийдэг компаниуд юм.

Тухайлабал, “Нийслэл Өргөө” компани нь 3 объектод 30.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнд Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрх эмнэлэг, ХААИС-ийн хичээлийн 2 байрны барилга, Үндэсний төв архивын нэгдсэн байрны барилга зэргийг барихаар 30.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

Үүнд 300 ортой төрөх эмнэлгийн угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Нийслэл Өргөө” ХХК-тай 2010 онд гэрээ хийж “Пума констракшн” ХХК тендерт түншлэлээр хамтран оролцож ажиллахаар болсон. Барилгын ажлыг 2012.10.30-нд дуусгахаар тооцсон ч гэрээний хугацааг 2013.12.30-ны өдөр хүртэл сунгаад байсан өнөөдрийг хүртэл чимээгүй байна.

Мөн Архивын ерөнхий газрын шинэ цогцолборын барилгын ажил 75 хувьтай явж байгаа юм. Ийн байхад барилгын ажил тодорхойгүй шалтгааны улмаас зогсчихсон. Тус барилгын ажлыг 2010 онд эхэлж, 2012 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн.

Гэтэл 2014 он гарчихаад байхад архивын шинэ цогцолборын барилга цаашид хэрхэх нь тодорхойгүй бүрхэг. Барилгыг ажил зогссон шалтгаан нь их амархан, гүйцэтгэгчээр шалгарсан “Нийслэл өргөө” ХХК-ийн захирлыг АТГ-аас өнгөрсөн онд саатуулсан учраас барилгын ажил зогсчоод байгаа юм. “Нийслэл өргөө” ХХК тендерээ бусдад дамлан худалддаг нь илчлэгдэж, захирал Б.Ганзориг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АТГ-аас сэжигтэнээр татаж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан. 

Авлигажсан топ 10 барилгын компаниудын зөвхөн нэгнийхэн жишээг дурдахад л ийн хөвөрч байна. Ерөнхийдөө барилгын компаниуд татвар төлөгч бидний мөнгөөр хэрхэн тоглож, царцсан барилга болгож орхиж буйг дээрхээс харахад тодорхой. 

Түүнчлэн “Алтанбулаг трейд” ХХК-ны хувьд тус компани гурван обьектод 8,8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан.  Архангай аймгийн багшийн коллежийн барилга, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын I  сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн III сургуулийн барилгын гэрээний нийт дүн 8,840,0 төгрөг. 

“Бүтээлч шинэ сонголт” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг  хэд хэдээр нь давхардуулсан авсан, ажлын гүйцэтгэл хангалтгүй гарсан. Мөн “Гурван тэс” ХХК захиалагч зургийн даалгаврыг иж бүрэн боловсруулаагүй, барилга угсралтын үе шатны ажилд хяналт тавьж чадаагүй, нэмэлт ажил захиалсанаас төсөвт өртөг нэмэгдсэн, үргэлжлүүлэх  боломжгүй барилга байгууламж болсон зэрэг зөрчилтэй.

Х.Даваа