Эмнести Интернэшнл 1977 оноос цаазаар авах ялын эсрэг даян дэлхийн кампанит ажлаа эхлүүлэхэд 16 орон л энэ ялыг хориглосон байв.

Түүнээс 30 гаруй жилийн дараа 139 орон цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халж, 58 орон хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас цаазаар авах ялын хэрэглээнд мораториум тогтоох тухай гуравдугаар тогтоолд 109 орон зөвшөөрсөн санал өгч, 41 орон эсэргүүцэж, 35 орон түдгэлзжээ.

Манай хойд хөрш ОХУ харилцан дэмжигч орон болсон байхад урд хөрш БНХАУ-д хэдэн мянгаар нь цаазалдаг ч төрийн нууцад хамааруулан мэдээлдэггүй. Харин Олон улсын эрүүгийн шүүх дайны, хүн төрөлхтний эсрэг, төрлөөр устгах гурван төрлийн гэмт хэрэгт буруутгагсдад цаазаар авах ял оноодоггүй.

2010 онд 67 оронд 2024 хүнд цаазаар авах ял оноож, 527 ялын гүйцэтгэжээ. Ингэхдээ толгойг нь авах (Саудын Араб), цахилгаан сандалд суулгах(АНУ), дүүжлэх (Бангладеш, Египет, Япон, Хойд Солонгос зэрэг 10), үхлийн тариагаар тарих (Хятад, АНУ), буудах (Беларус, Хятад, Вьетнам зэрэг 11) аргыг хэрэглэж, Пакистан, Нигерийн Баучи муж, Иран зэрэг оронд шүүхээс чулуугаар шидэж гүйцэтгэх шийдвэр гаргасан ч гүйцэтгэсэн тухай мэдээ алга байна. Иран, Хойд Солонгос, Саудын Арабт ялыг олны өмнө гүйцэтгэдэг. Манайд буудаж гүйцэтгэдэг бөгөөд ар гэрийнхэнд нь урьдчилан мэдэгддэггүй, цогцсыг нь өгдөггүй.

Монголын парламент хүний амь настай холбоотой олон улсын нэгэн баримт бичгийн талаар хэлэлцэж шийдвэрлэснийг олон нийт бараг мэдээгүй байхад Францын Гадаад болон Европын хэргийн яамнаас Монгол Улсыг “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протокол”-д нэгдэн орсонд талархсан мэдэгдэл гаргажээ.

Шүүхээс ялын дээд хэмжээ авсан хэрэгтний амийг Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөх эсэхээ шийддэг байсан бол энэхүү протоколын дагуу цэг тавьж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны эхэнд цаазаар авах ялыг хэрэгжүүлэхээ түдгэлзэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн нь энэ төрлийн ял төрийн нууцын ангилалд багтдаг орны хувьд анхны алхам боллоо хэмээн хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага үзэж байсан.

Тус протоколд “Нэгдэн орсон аливаа улсын хууль тогтоомжийн хүрээнд хэнийг ч цаазалж үл болно. Оролцогч улсууд өөрийн орны хууль тогтоомжийн хүрээнд цаазаар авах ялыг халахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэж заажээ. Нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдэн НҮБ-ын архивт хадгалдаг байна.

Ийнхүү Үндсэн хуульдаа гар хүрч, “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн заалтыг авч хаяхаас өөр аргагүй болов. Үүнийг дагаад Эрүүгийн хууль дахь долоон зүйлийн цаазын ялыг хүчингүй болгох хэрэгтэй.

Энэ нь нийгэмд ямар үр дагавар дагуулахыг одоогоор таашгүй. Харин ахмад хуульчдын амыг харж байвал одоогоор эртдэж байна гэх маягийн үг цухалзуулж байна. Эрүүгийн нөхцөл байдлаас харахад хүн амины гэмт хэрэг буураагүй, үйлдэх арга нь улам харгис шинжтэй болж, нэг дор олон хүний амь санаатай бүрэлгэх хэрэг гарсаар байгаа юм. Хэдхэн жилийн өмнө Ховдын дөрвөн ченж залууг Говь-Алтайд буудаж алсан гэмт хэрэгтнүүд шийтгэлээ амсаж амжаагүй байхад нийслэлд хоёр хүнийг хороогоод дахин нэгний амийг хөнөөхөөр завдсан аймшигт хэрэг гарав. Сүүлдээ бүр гэр бүлээр нь хүйс тэмтэрч байна.

2011 онд зөвхөн Нийслэлийн прокурорын газарт хянагдсан хүн амины 76 хэргийн 10 нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй санаатай алах ял байсан бол 70 нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байсан нь илүү жин дарав. Хэргийн тоо огцом нэмэгдээгүй ч цаагуураа өсөх хандлагатай байгааг прокурорынхан нуусангүй. Нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Т.Жадамбааг 1991-1995 онд хотод гарсан хүн амины хэргүүдэд хяналт тавьж ажилладаг байхад жилд 50 гаруй хэрэг гардаг байсан бол одоо 100 шахаж байна. Нийгэмд учирсан хор аюул нь 30-40 дахин ихэсчээ.

Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онд шинэчилжээ. Эдгээрийг дагаад 1926 онд Эрүүгийн хуультай болж, 1942-2008 онд зургаан удаа өөрчилсөн байна. Социализмын үед социалист өмчийг их хэмжээгээр шамшигдуулсан, автын ноцтой ослоор хүний амь нас хохироосон зэрэг 10 гаруй зүйлээр цаазын ял оногдуулж байсныг цагийн аясаар халсан ч хамгийн сүүлд хүн төрөлхтний эсрэг аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг гэсэн зүйл нэмэгдсэн байна. Цаазын ял нь цаагуураа хүн алахаас урьдчилан сэргийлэх айдас дагуулдаг бол даяаршсан ертөнцөд террорист халдлага үйлдэгчдэд урьдчилсан сануулга болно.

Ардчиллын өлгий гэгдэх АНУ-д цаазын ялыг бүрмөсөн халчихаагүй байна. 2010 онд хамгийн багадаа 110 хүнд энэ ялыг оногдуулж. 45-ыг нь гүйцэтгэхэд жилийн эцэст 3200 хоригдол цаазаар авахуулах ялаа хүлээж байлаа. Вашингтонд 1999, 2001 оноос хойш анх удаа цаазаар авах ялыг гүйцэтгэжээ.

Цаазын ялыг халах нь олон улсын тавцанд Монголын нэр хүндийг өсгөж, гадаадаас дэмжлэг тусламж авахад дөхөмтэй ч монголчуудын амьдрал мөчиг тарчигхан, баялгийн тэгш бус хуваарилтаас үүдсэн атаа хорсол, авлига, хүнд сурталд идэгдсэн, шүүх засаглалын тогтолцоонд шударга ёс алдагдсан, хүмүүсийн ухамсарт хууль дүрмийг сахих дэг жаяг төлөвшөөгүй, нүүдэлчдийн араншингаар хэнд ч захирагдахгүй зангаасаа салаагүй цагт арай л хөнгөдсөн алхам болж магадгүй.

Уг нь ч халах нь зөв л дөө. Дөчөөд оны үед Жамбалдоржийн хар тогтоол гэж цууд гарсан УБХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баруун солгойгүй цаазаар хороож байсныг бодвол жараад онд энэ ялаас манай улс хэсэгхэн зуур түдгэлзэж чаджээ. Хэдэн жилийн өмнөээж, элгэн төрлүүдээ нэгэн дор хүйс тэмтрүүлсэн айлын ар гэрийн хүн цаазын ялаас түдгэлзсэн Ерөнхийлөгчийн эхний алхамд их л бухимдалтай явсан билээ. Магадгүй үеийн үед ч өс зангидаж мэдэх юм. Цаазын ялтай хоригдлыг хүнд нөхцөлд хөдөлмөрлүүлэх, биологийн туршилт хийх зэрэгт зарим улс ашиглаж байсан гэх дам сураг байдаг ч өдгөө нуухын аргагүй.

Одоогоор цаазаар авах ялын талаарх дэлхий нийтийн чиг хандлага төдийлөн тодорхойгүй байна. 1990-ээд оны дунд үеэс 40 улс орон цаазаар авах ялыг хэрэглэж байснаа энэ зууны эхээр 30 орон үлджээ. Гэсэн ч уг ялыг халж байгаа улс орнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр 10 жилийн өмнө 108 байсан бол одоо 139 орон хуульдаа болон практикт хэрэглэхээ зогсоосон байна. Энэ жишиг Монголд хэрэгжихэд нэгдэн орсон нэмэлт II протокол, хараахан хасч чадаагүй Үндсэн хуулийн заалт болоод Эрүүгийн хууль дахь долоон төрлийн зүйлийн хооронд цаазын ялыг бүрмөсөн халах эсэх нь дээсэн дөрөөн дээр байна.

Г.Болор