30 гаруй настай эмэгтэй гурван сартай бяцхан үрийнхээ хамт цонхоор үсэрч, амиа егүүтгэсэн хэрэг олон нийтийг цочирдууллаа.

Хоёр халуун амь хорвоог зуурдаар орхисон харамсалтай хэргийн буруутныг нийгэм нийтээрээ шүүж, “хүүхдийнх эцэг хүчирхийлэгч байсан, бүсгүйн дүү нар ийм хэрэг хийхэд хүргэсэн, амиа хорлосон эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ” зэрэг элдэв мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж байна.

Гэхдээ төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлтийн талаар хэн ч дуугарсангүй. Нялх биетэй ээжийн сэтгэл зүйн хямрал, нярай үрийн дасан зохицох процесст анхаардаггүй гажуу тогтолцооны талаар хаана ч хөндсөнгүй. Бурхан болсон ээжийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ нялх биетэй эмэгтэйн сэтгэл зүйг анхаарч, бодлогын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай байгааг үүнээс гадна олон жишээ батална. “Бяцхан үрээ төрүүлсэн ч баяр, жаргалыг мэдрэхгүй байна. Өөрийгөө ч, өрөөлийг ч үзэн ядаж, амьдралаас залхах боллоо” гэж анхны хүүхдээ төрүүлсэн ахимаг насны эмэгтэй цөхөрч сууна. Тэрбээр “зарим үед өөрийгөө ч, үрээ ч үгүй хиймээр санагдаж, нүгэлт бодолдоо шаналж байна” гэсээр нулимс нэрнэ. Энэ эмэгтэйтэй уулзаж, ярилцаад нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байтал өөр нэгэн эмэгтэй үрээ тэвэрч, цонхоор үсэрсэн харамсалтай хэрэг гарсан нь сэтгэл гутралын эмгэг олон ээжид тохиолдож байгааг гэрчилж байна.

Сэтгэл гутралд орсон ээжид өөрийгөө, үрээ гэмтээх бодол төрдөг

Төрсний дараах сэтгэл зүйн хямрал нийт эмэгтэйчүүдийн 70-80 хувьд тохиолддог бөгөөд амаржсанаас хойших эхний хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг. Энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй. Харин уг хямрал 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл сэтгэл гутрал буюу сэтгэл зүйн эмгэг болж хувирдаг. Ингэснээр амьдралын баяр баясгалангүй болж, гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч, хүүхдээ халамжлахаа больж, өөрийгөө болон үрээ гэмтээх зэрэг элдэв муу бодол төрж, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх хүсэлд автдаг байна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн ч эмчлэхгүй орхивол төрсний дараах сэтгэл зүйн солио тусаж, хий юм үзэж, дэмийрч эхэлдэг аж. Энэ талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Цэндсүрэн “Сэтгэл хямрал хэвийн үзэгдэл ч сэтгэл гутрал бол эмгэг. Эмчлэхгүй бол маш аюултай. Хэрэв төрсний дараа нойргүйдэх, уур бухимдалтай болох, хүүхдээ болон өөрийгөө буруутгах зэрэг шинж тэмдэг илрээд 14-өөс дээш хоносон бол яаралтай мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” гэсэн юм.

Гурван эмэгтэй тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй

Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ. Гэхдээ ээжүүд сэтгэл зүйн өөрчлөлтийнхөө шалтгааныг төдийлөн мэддэггүй учир хэн нэгэнтэй ярилцах, эрүүл мэндийн байгууллагад хандах тохиолдол ховор аж. Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэлзүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна.

Санхүүгийн байдал сэтгэл гутралд нөлөөлдөг

Гэр бүлийн нөхцөл байдал, хосуудын харилцаа, тухайн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог зэрэг олон шалтгааны улмаас сэтгэл гутрал үүсдэг. Үүнээс гадна, мөнгө санхүүгийн байдал чухал нөлөөтэй аж. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдгийг ДЭМБ, НҮБ-ын хүн амын сангийн хамтарсан судалгаагаар тогтоожээ. Мөн манай улсад хийсэн судалгаагаар бага, дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг нь тогтоогдсон байна. Энэ талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхай “Бид 2018 онд АНУ-ын Рочестрийн их сургуулийн дэмжлэгтэйгээр төрсний дараах сэтгэл гутралын талаар судалгаа хийсэн юм. Түүнээс харахад, бага болон дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүдэд сэтгэл гутрал элбэг тохиолдож байсан. Мөн төлөвлөгөөгүй жирэмслэлт, ажилгүйдэл, төрөлтийн болон жирэмсэн үеийн хүндрэл зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Тиймээс төрөөс эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлого боловсруулах шаардлагатай” гэлээ. Үүнээс гадна, барууны оронд төрсний дараах сэтгэл гутрал дээр эрүүл мэндийн байгууллагууд анхаарч ажилладаг нь элдэв эрсдлээс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болдог байна. 

Сэтгэл гутралыг эмчлэх төрийн бодлого дутагдаж байна

Төрсөн эхчүүдийн сэтгэл гутралыг тодорхойлох, эмчлэх нэгдсэн бодлого, тусламж, үйлчилгээ манай улсад байдаггүй. Төрөх эмнэлэгт болон, өрхийн эрүүл мэндийн төвд сэтгэлзүйчийн орон тоо хангалтгүй байдаг төдийгүй эмч, сувилагчийн аль нь ч эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм, тусламж үзүүлэх боломж, мэдлэг, сэтгэл алга. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг сэтгэлзүйч ажилладаг ч эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд голчлон анхаардаг байна. Харин Европын оронд жирэмсний хяналтад орсон цагаас нь эхлээд сэтгэл зүйд нь анхаарч, хямралтай байгаа эсэхийг тогтоох асуумж бөглүүлдэг байна. Мөн төрсний дараа эмчийн үзлэг, хяналтад орох бүрд нь судалгаа хийж, биеийн байдлыг нь, сэтгэл зүйтэй нь хамт хянадаг аж. Хэрэв ямар нэг асуудал үүссэн тохиолдолд 10-12 ээжийг хамарсан бүлэг байгуулж, мэргэжлийн эмч зөвлөгөө өгдөг аж. Япон улсад сүүлийн жилүүдэд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” төвд тусламж авахаар хандсан эмэгтэйчүүдийн тоо 15 хувиар өссөн тул тус улсын Засгийн газар төрсний дараах сэтгэл гутрал болон гэр бүлийн хүчирхийллийн хамаарлыг тогтоох судалгааг зохион байгуулж, судалгааны үр дүнд үндэслэн арга хэмжээ авсан байна. Гэтэл манай улсад эх, хүүхэд амиа алдаж байсан ч төр дүлий, дүмбэ оргисоор л байна.

 

Сэтгэл гутралд орсон эмэгтэй СЭМҮТ-д хандахаас өөр гарц алга

Сэтгэл зүйн тусламж хүссэн эмэгтэйд СЭМҮТ-д хандах эсвэл сэтгэлзүйчээс зөвлөгөө авах хоёр л сонголт бий. Хүүхдийнхээ хагас сар хэрэглэх памперсны мөнгөөр сэтгэлзүйчээс нэг цагийн зөвлөгөө авах хүн ховор. Мөн сэтгэл гутралд орсон эмэгтэй хоолны дуршил буурах, нойрны хэмнэл алдагдах зэрэг биеийн зовуурьтай байдаг тул сэтгэлзүйч үүнийг эмчлэхэд бэрх. Харин СЭМҮТ-д хандаж хэвтэн эмчлүүлэх боломжтой ч сэтгэл гутралд орсон эмэгтэй сэтгэцэд өөрчлөлт орсон гэдгээ хүлээн зөвшөөрч, тус эмнэлэгт хандах нь ховор. Энэ талаар төрсний дараах сэтгэл гутралд өртөж, СЭМҮТ-д эмчлүүлсэн эмэгтэй (нэрээ нууцлахыг хүсэв) “Төрснөөс хойш нэг жилийн турш хагас галзуу хүн шиг байсан. “Орой ямар хоол хийж вэ” гэж асуухад хүртэл уурлаж, хадмууд хүүг маань үнсэж, тэврэхэд хүртэл ундууцдаг байлаа. Өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм билээ. Нөхөр маань шархадны эмнэлэгт хэвтүүлэх тухай хэлэхэд жинхэнээсээ галзуурах шахсан. “Намайг галзуу гэж бодоо юу” гээд бөөн сүр болж билээ. Олон нийтийн дунд галзуугийн эмнэлэг гэсэн ойлголттой байдаг болохоор эмэгтэйчүүд тийшээ зүглэхийг хүсдэггүй” гэсэн юм. Ийнхүү эх, хүүхдийг хоёр яс салгачихвал л үүргээ гүйцэтгэлээ гэж буй эрүүл мэндийн бодлого хэдэн ээж, хэдэн хүүхдийн амийг авч одох бол. Энэ асуудал дээр анхаараагүйн улмаас эмэгтэйчүүд насан туршдаа сэтгэлзүйн эмгэг тээж, гэр бүл салж, хүүхэд өнчирч байна.

Т.Мандхай: Сэтгэл гутралын талаарх ойлголт хомс байгаа учир эрт илрүүлж чадахгүй байна

Өндөр хөгжилтэй орнууд төрсөн эмэгтэйн сэтгэл зүйг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авдаг талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхайгаас тодруулсан юм. Тэрбээр энэ чиглэлээр сургалт, судалгааны ажил хийдэг юм.

-Өндөр хөгжилтэй орнуудад төрсний дараах сэтгэл гутралд өртсөн эмэгтэй цөөхөн байдаг юм байна. Бодлогын түвшинд арга хэмжээ авдагтай холбоотой болов уу?

-Англи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл гутрал илрүүлэх асуумж бөглүүлдэг. Жирэмсэн үеийн сэтгэл гутрал төрсний дараах сэтгэл зүйн өөрчлөлтөд нөлөөлдөг учир урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Тиймээс хяналтын эмч нар ингэж ажиллах шаардлагатай байна. Мөн төрсний дараа өрхийн эмч нар гэрээр нь очиж нярайн үзлэг хийхдээ ээжүүдийн сэтгэл зүйг хянадаг байх хэрэгтэй. Эрт илрүүлэг хамгийн чухал байна. Жирэмсний хяналтын ягаан дэвтэр дээр ч төрсний дараах сэтгэл зүйн хямралын талаар ямар нэг үг, өгүүлбэр байдаггүй. Тиймээс бодлогын хэмжээнд зохицуулах шаардлагатай байна. Манай улсад сэтгэл гутралын талаарх ойлголт хомс. Үүний улмаас илрүүлж чадахгүй, хүндрүүлээд байна.

-Ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл зүйн асуумж бөглүүлдэг гэлээ. Сэтгэл гутралд орсон тохиолдол ямар арга хэмжээ авдаг бол?

-Өндөр хөгжилтэй орнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг өөртөө туслах бүлэг гэж байдаг. Ижил шинж тэмдэгтэй, эмэгтэйчүүд бие, биетэйгээ нэгдэж, бүлэг үүсгэдэг юм. Гэхдээ мэдээж, мэргэжлийн эмч чиглүүлнэ. Ганцаараа сэтгэл гутралд автсан бус гэдгээ мэдэх маш чухал. Мөн хоорондоо нөхцөл байдлаа ярилцаж, асуудлыг хамтдаа даван туулдаг. Нөхөрт нь ч мэргэжлийн эмч зөвлөгөө өгнө. Гэтэл манай улсад сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг СЭМҮТ рүү л илгээдэг. Энэ нь тухайн эмэгтэйд тааламжтай санагдахгүй. Уг нь өрхийн болон төрөх эмнэлэг дээр сэтгэл зүйч ажиллах хэрэгтэй. Бид эмч, сувилагч нарыг сургалтад хамруулдаг ч тэд ажлын ачаалал ихтэй учир ээжүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх боломж хомс. Мөн өрхийн эмч нар ажлын байраа хурдан сольдог.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН