МХЕГ-аас тариаланчдад зөвлөмж хүргүүллээ
2014/04/09
Энэ хавар тариалахаар нөөцөлсөн улаан буудай, үр тариа, төмс, хүнсний ногооны үрээ цэвэрлэж сортлон, ариутгал хийлгэхийн зэрэгцээ шинжилгээ, баталгаажуулалтад хамруулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөж байна. Тус газрын даргын баталсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг үр тариа, төмс, хүнсний ногооны үр, хүнсний буудайн хадгалалт, хамгаалалт, нөөцлөлт, чанар ямар байгааг шалгаж, дүнг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
Уг шалгалтанд тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Булган аймаг дахь тав, улсын нөөцийн Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Увс аймаг дахь долоон салбар, газар тариалан эрхэлдэг 340 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хамрагдсан байна.
Эхний шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй үрийг дахин цэвэрлүүлж, сортлуулах, зөрчил дутагдлыг арилгах үүрэг, албан шаардлага, дүгнэлтийг Төв, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Увс, Булган, Дорнод, Дархан-Уул аймгуудын үр нөөцөлсөн 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад өгсөн аж.
Мөн Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Увс аймгийн газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үрийн буудайд нутагшсан сортын үр байхгүй, хольцтой байжээ. Хадгалсан үр тарианы 58%-ийг шинжилгээнд хамруулахад 40 хувь нь стандартад тэнцэж, 60 хувь нь цэвэршилт болон нэг кг дахь хог ургамал, соёололтын үзүүлэлтээр шаардлага хангаагүй урьдчилсан дүн гарсан байна. Харин төмсний болон хүнёний ногооны үр 81-88 хувь нь стандартад тэнцсэн юм. Энэ жил манай улс 304 мянган га-д улаанбуудай, 11 мянган га-д арвай, хошуу будаа, хөх тариа, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 10.3 мянган га-д малын тэжээл, 24.1 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөжээ.