Тэтгэврийн сангууд байгуулбал урт хугацааны хөрөнгө бий болно
2020/06/21
Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтайтай сүүлийн үед идэвхжиж буй хөрөнгийн зах зээлийн талаар ярилцлаа. Тэрбээр хөрөнгийн зах зээл шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа талаар онцолсон юм.
-Цар тахал Монголын эдийн засагт нэлээд хүндрэл учруулж байна. Монголын хөрөнгийн бирж хүнд нөхцөл байдлыг алгуурлалгүйгээр шинэ бүтээгдэхүүнүүдэд анхаарал хандуулж байна. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-Цар тахлын улмаас эдийн засаг амаргүй байгаа нь Хөрөнгийн биржид ч нөлөө үзүүлсэн. Манай индекс тодорхой хэмжээгээр буурч, шинээр гарах гэж байсан бүтээгдэхүүнүүд хойшилсон. Харин сүүлийн үед харьцангуй идэвхжиж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон хаалттай нэгж эрхийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ саяхан “Бодь даатгал” ХК IPO амжилттай хийлээ. Мөн гурван жил завсарласны эцэст ЛэндМН нээлттэй бондын захиалга авах ажил эхлүүллээ.
-Үлдсэн хагас жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлд гарах шинэ бүтээгдэхүүн хэр олон байна?
-Бүтээгдэхүүн гаргахаар хандсан хэд хэдэн компани бий. Хөрөнгийн зах зээл болон дотоодын эдийн засгийг хөгжүүлэхэд голлож анхаарах хоёр зүйл байна. Эхнийх нь төгрөгийн ханш тогтвортой байх нь хөрөнгийн зах зээл, цаашлаад Монголын эдийн засагт асар том нөлөөтэй. Хоёрдугаарт, удахгүй шинээр бүрдэх парламент Тэтгэврийн сангийн тухай хууль мөн Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг нэн яаралтай батлах шаардлагатай байна. Ингэснээр Монголд урт хугацааны хөрөнгө бий болж, хөрөнгийн зах зээл хөгжинө. Цаашлаад ажил хийж, орлого олж байгаа монгол хүн бүрийн ирээдүй баталгаажих том алхам болно. Урт хугацааны тэтгэврийн сангууд Монголд үүсэж байж хөрөнгийн зах зээл төдийгүй Монгол Улсын эдийн засаг хөгжлийн шинэ шатанд гарах боломж бүрдэнэ.Мөн бид хувьцаа, бонд гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн арилжаалж байсан бол шинээр нэгж биш багц хувьцаанаас ашиг олж болох хаалттай нэгж эрхийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ гарснаар тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулагчдын идэвхийг сэргээх байх. Мөн харьцангуй эрсдэл багатай бүтээгдэхүүн болно гэж найдаж байна. Энэ мэтчилэн оны хоёрдугаар хагаст шинэ бүтээгдэхүүнүүд гаргана.
-Хөрөнгийн зах зээл цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрэхийн тулд хугацаа шаардах байх. Энэ чиглэлд бодлогын ямар алхмууд төлөвлөж байна?
-Цар тахал хэр удаан үргэлжлэхийг бид таашгүй. Манай хөрөнгийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулагчид цар тахлаас болж улс хооронд зорчих боломжгүй болсон. Энэ нь тодорхой хэмжээнд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг удаашруулж байна.
-Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас хамгийн сүүлд нэг томоохон үйл явдал болсон нь яах аргагүй УИД-т гарсан гал. УИД-ийн хувьцаа эзэмшигчид мэдээллээ авч чадаж байгаа юу?
-Улаанбаатар хотын түүхэн барилгуудын нэг, манайд бүртгэлтэй байдаг УИД шатсан харамсалтай үйл явдал болсон. Бид маргааш нь буюу даваа гарагт “Улсын их дэлгүүр” ХК-д өөрсдийн үүргийн дагуу хандсан. Нэгдүгээрт, хохирлын цар хэмжээг яаралтай тодорхойлж өгөх, түүнчлэн УИД даатгалтай байсан эсэх талаар хандсан. Одоогийн байдлаар хараахан хариу ирээгүй байна. Хариу ирмэгц бид өөрсдийн цахим хуудсаараа дамжуулж олон нийтэд үүргийнхээ дагуу мэдээлнэ.
Засгийн газрын мэдээ сонин
matilda · 2020/08/04
bat · 2020/06/21
Монголчууд цэнхэр ягаан тасалбараар л хөрөнгийн зах зээлийг үнэлдэг сэтгэдэг