МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөө өглөө Тусгаар тогтнолын ордонд болсон. Бага хуралд танхимаас 189 гишүүн, хөдөө орон нутгаас буюу цахимаар 97 гишүүн оролцож байна. Нийт 87.5 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: “Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн Засгийн газрын гишүүн байна.  Хуулийн хүрээнд засгийн газраа байгуулж ажиллана.

МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар барьж байсан учраас дараачийн дөрвөн жилд төрийн албаны тогтвортой байдлыг хангасан бодлогыг хэрэгжүүлж ажиллана.

Одоохондоо сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна.

ЖДҮ-д холбогдсон хүн сайд болно болохгүй гэж хэлэхэд эрт байна” гэв.

Өөрөөр хэлбэл ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон гишүүдээ МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй. Насан туршид нь ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй болохоор ЖДҮ-д холбогдсон хүн сайд болно болохгүй гэж хэлэхэд эрт байна гэсэн юм. Тиймээс МАН дээр яригдах тохирооноос хамаарч ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон нэр бүхий МАН-ын гишүүд сайд болохыг үгүйсгэх аргагүй болж байна.