"Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна." Монгол улсын Үндсэн хуулийн 14-2-т заасан энэ заалт их зөрчигддөг боловч үүнийг мөрдүүлэхийн төлөө төрөөс юм хийдэггүйд харамсдаг.

Эсрэгээрээ, улс төрчид нь эдгээр ялгаан дээр нь тоглолт хийж, улс төрийн оноо авахын тулд өөхшүүлээд байдаг юм шиг.

Манай эмээ 1912 оны хүн байсан юм, их олон сайхан түүх ярьж өгдөг байсан. "Хөөрхий нэг луухаан охиноо эмнэлэгт хоол хориотой хэвтэж байхад нь өрөвдсөндөө бууз өгөөд, түүнээс нь болж охин нь нас барсан" гээд л ярьж байсныг санаж байна. "Луухаан" гэж найрсгаар, ер ялгаварлалгүйгээр ярьж байсан. 

Ер нь бидний эмээ өвөө, ээж аавын үед "хужаа" гэж ад үзэх явдал бага байж. Яагаад тэр вэ? Тэр үед Хятадтай харилцаа бага байсан, 1960-аад оноос бид ЗСБНХУ-г дэмжиж, Хятадтай харилцаагаа бараг тасалсан үе байж. Тиймээс Хятадаас хамаарал нь бага байж. Мөн тэр үед бидний гол дайсан бол "империалист гүрнүүд" байж. Тэгвэл яагаад өнөөдөр ингэж Хятадыг болон хятадын эрлийзүүдийг ингэж онцгой их ад үзэх болов?

Нэгдүгээрт, өнөөдөр бид Хятадаас дэндүү их хамааралтай болсон тул айж байна.

Хоёрдугаарт, манай улс төрчид ихэд амжилттай жаазлаж байна. Энэ нь юу вэ гэхээр улс төрийн оноо авах зорилгоор гаднах том дайсныг бий болгож харагдуулан, "Хужаа нар эх орныг минь эзэллээ, хужаагийн эрлийзүүд төрд гарлаа, над шиг цэвэр цустай хүнийг л та бүхэн сонгох ёстой", эсвэл "Монгол улсын эдийн засаг муу байгаад зөвхөн хужаа нар л буруутай, улс төрчид бид буруугүй" гэх мэтийн суртал явуулснаас болж бид Хятадыг улам их үзэн ядах болжээ. 

Гуравдугаарт, хүн л болсон хойно бидэнд хэн нэгнийг шүтэн бишрэх, эсвэл үзэн ядах хэрэгцээ байна, харин үзэн ядах хэрэгцээнд нь Хятад сайхан нийцэж орхиж. Эртнээс дайсагнаж явсан, одоо тэднийх хүчирхэгжиж, бид бүрэн хамааралтай болчихсон, байнгын харилцаатай болохоор үзэн ядахад их амархан. Нөгөө улс төрчид, суртал ухуулагчид нь дэмжиж өгөөд өнөөдөр бидний хувьд Хятад улс нь ч, хятад хүмүүс ч, хятадын эрлийзүүд ч үзэн ядалтын бай болжээ.

Хятад улстай бол бид харилцан ашигтай хамтарч ажиллаад явах нь зөв, төрийн зүгээс үүнийг хийж байгаа. Сая Хятадын Гадаад хэргийн сайд ирэхэд Өвөр монголчуудыг дурдаагүй гэдэг бол харамсалтай боловч бидний өнөөдрийн бодит байдалд нийцсэн зөв алхам болсон. Харин Монголд амьдарч буй хятадын эрлийз монгол иргэдийг бид ад үзнэ гэдэг бол Монгол улсынхаа Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг. 

Үндэс угсаагаар ялгаварлахыг хориглосоор байтал алхам тутамд "хужаагийн эрлийз"-ээр нь харааж зүхэж болоод байгаа нь хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгааг илтгэх юм даа.

Та өөрийгөө 100 хувь монгол цустай гэж итгэж насаараа хятадын эрлийзүүдийг үзэн ядаж байтал танай ээж танд нэг л өдөр "үнэн хэрэгтээ чиний эцэг хятад хүн байсан" гэвэл та яах вэ?

Өөрийгөө үзэн ядаж эхлэх үү?

Эсвэл гурван үеэсээ дээш мэдэхгүй байгаад, архив ухаж үзтэл таны 4 дэх үеийн өвөг дээдэс цэвэр цусны хятад хүн байвал яах вэ? 

Ингээд бодохоор "Монгол улсаа гэсэн" сэтгэлд хаанахын эрлийз байх нь хамаагүй. 8 дугаар Богд Жавзандамба хутагт төвд хүн байсан боловч Монголын тусгаар тогтнолд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн хүн, ямар ч монгол цустай хүнээс дутахгүй монгол хүн. Тиймээс эрлийз хурлийзаар нь ялгаварлаж, нийгэмд хагарал үүсгэх энэ явдлыг больцгоомоор байна.

 

 

 

Б.Занданхүү