Байгалийн асар их баялагтай. Түүнийх нь хуваарилалт асар тэнцвэргүй улс бол Монгол юм.

Бараг бүх ордод улстөрчид, мэдээлэлд ойр байсан хүмүүсийн нөлөө, эзэмшил тогтчихсон. Тэд нь Монгол Улсын хүн амын өчүүхэн хувийг эзэлнэ. Харин бусад нь буюу нийтээрээ тэднийг харсан ч тоодоггүй “хээгүй, гүндүүгүй” улс шүү, бид.

Гэвч үүний хажуугаар нүдээ дараад, чихээ таглаад өнгөрч болохгүй. Тиймээс өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл бодит мэдээллийг уншигчиддаа хүргэдэг.

Дээр дурдсан жишээнүүдийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны гэр бүлийн эзэмшдэг “Ачит Ихт” ХХК-тай холбоотой. Тэднийх “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг. Нэгэнт үйлдвэрлэл явагдаж, борлуулалт хийж байгаа учраас улсад татвар төлдөг. Угаасаа өгөх ёстой.

“Ачит Ихт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн овоолгыг ашиглаж буйг зөвхөн мэргэжлийн хүмүүс, иргэд, хэвлэл мэдээллийнхэн буруу гэж үздэггүй юм байна. Төр ч бас тэгдэг ажээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг шууд удирддаг ТӨБЗГ-ын 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хоёрдугаар хуралдаанаар “Ачит Ихт”-ийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцжээ. Тэр хурлаар “Эрдмин” ХХК-ийн талаар ч ярьсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” 2019 онд ТӨҮГ-ын статустай болоод тус үйлдвэрийг 2031 оныг хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг мөн оны зургадугаар сарын 18-ны өдөр ТӨБЗГ-ын 262 дугаар тогтоолоор баталжээ.

Үндсэн чиглэлд “Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх төсөл, Ил уурхайд хөрс тээвэрлэх мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгалт-SX/EW технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал боловсруулах, металлург-химийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Эдгээрийн нэг болох Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгалт-SX/EW технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхийн тулд уусган баяжуулах аргаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн исэлдсэн болон ядуу агуулгатай зэс үйлдвэрлэх “Катодын зэсийн үйлдвэр байгуулах төсөл”-ийг жижиг загвар болгохоор заажээ.

Тиймээс ТӨБЗГ-ын дээрх хуралдаанаар “... “Ачит Ихт” ХХК-тай одоогийн ашиглаж буй овоолгын ашиглалтын болон тус компанийн 34 хувийн эзэмшлийг сэргээх талаар хэлцэл хийж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх ашигт нийцсэн тохиролцоонд хүрсэн тохиолдолд “Хамтын ажиллагаа”-ны гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв” гэсэн байна.

Түүнээс хойш бараг найман сар өнгөрчээ.

УИХ-ын 6-7 гишүүн “Ачит Ихт” дээр очиж ажил байдалтай нь танилцах үед П.Цагаан “Ачит-Ихт” компаниа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, ядуу агуулгатай балансын бус, холимог хүдрийг 1978-2004 он хүртэл овоолсон. Гадаад, дотоодын экспертүүд овоолгыг судлан үзээд, эдийн засгийн хувьд үр ашиггүй, эрсдэлтэй гэж үзэн ашиглахаас татгалзаж ирсэн. Харин “Ачит Ихт” ХХК балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг судлан, 2010 онд “Эрдэнэт” үйлдвэр  ХХК-тай гэрээ хийж, 10 жилийн хугацаатай жилд 10 мянган тонн зэс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж батлуулсан. Үйлдвэрийн технологийн шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор 2019 онд ТЭЗҮ-ийн тодотголоо батлуулсан. 2020 оны зургаан сарын байдлаар 70 мянган тонн катод зэс экспортолсон. АМНАТ-д 15 тэрбум, нийт татвар хураамжид 198 тэрбум төгрөг төлсөн. Цашид төрөөс үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй бол үйлдвэрлэл хөгжих боломжгүй  байгаа” гээд “Мөн тусгай зөвшөөрлийг сунгахгүй удсанаар бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрч, бүтээгдэхүүнээ үйлдвэрийнхээ гадаа бүтээгээд хадгалж байна” гэжээ.

Эндээс харвал ТӨБЗГ-ын хоёрдугаар сард болсон хуралдааны үр дүн одоог болтол гараагүй байгаа бололтой.

Уг нь Монголын төр П.Цагааны “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглаж байгааг нь бүрмөсөн зогсоохгүйгээр 34 хувиас тус үйлдвэрт хуваалцах “татгалзахын аргагүй санал”-ыг тавьсан байна. Харин П.Цагаан “Ачит Ихт”-ийнхээ 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр”-т шилжүүлэх үү, гэдийх үү гэдгээ шийдэж чадахгүй байгаа ажээ.

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин