Халдвар авсан гэх жолооч Д явсан маршрутаа худал мэдүүлжээ
2020/11/13
Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор 2020 оны аравдугаар сарын 14-нд орж ирсэн ачаа тээврийн автомашины жолоочоос коронавирусний халдвар илэрсэн.
Тусгаарлалтаас гарснаас хойш дөрөв хоногийн дараа түүнээс халдвар илэрсэн ба тухайн жолоочоос хойш нийт таван тохиолдол батлагдаад байна. Түүний эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс коронавирус илэрсэн.
Эдгээр халдвартай иргэдийн мэдээллийг цуглуулах явцад коронавирусний халдвар авсан иргэн Д нь өөрийн явсан маршрут болон уулзсан хүмүүсийн тухай худал мэдүүлжээ.
Халдвартай иргэн Чингэлтэй дүүргийн Нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж, хурууны хээгээр тодорхойлолт авсан ба Сансарын "Си Юү" сүлжээгээр үйлчлүүлж, төлбөрөө бэлэн мөнгөөр өгсөн нь дахин олон тооны хүнд халдвар тараасан байх магадлал бий болгосон гэж үзээд байна.
Энэ нь олон нийтэд вирусын халдвар газар авах эрсдэл бий болгосон тул албаныхан шуурхай хуралдаж эхэлсэн байна. Түүний мэдүүлэг зөрснөөс үүдэн олон нийтэд халдвар тархах эрсдэл нэмэгдэх ба иргэний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцлага тооцох тухай яригдаж байна.
Энд онцлоход, улс оронд онцгой байдал үүссэн энэ үед бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсгэхээр худал мэдүүлэх нь олон нийтийн эсрэг гэмт хэрэг болно гэдгийг хуулийн байгууллагынхан сануулж байна.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх