Улсын Онцгой комиссоос Улаанбаатар хотод гацсан иргэдийг орон нутаг руу нь хэрхэн буцаах талаар мэдээлж байна. Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Арваннэгдүгээр сарын 25-нд орон нутаг руу хэрхэн буцаах тухай түр журам батлагдсан. Ажлын хэсгээс тээвэрлэлтийн схем, цагийн хуваарийг гаргаад байна. 

Бидний тооцооллоор 100 мянга орчим иргэн шилжилт хөдөлгөөн хийхээр байна. Орон нутагт зорчих иргэдээс 11 дүгээр сарын 29-нөөс эхлэн шинжилгээ авна. Шинжилгээний байрыг шинээр зохион байгуулах шаардлагатай гэж үзэн, 20 цэгийг нэмж байгуулсан. Журмын хүрээнд иргэдийг хоёр янзаар тээвэрлэнэ. 

1.Хувийн тээврийн хэрэгслээр зорчино.

2.Нийтийн тээврээр зорчуулах.

Нийтийн тээврээр зорчих:

Ингэхдээ цахим системийг ашиглана. Тодруулбал, 119.mn сайт болон аппликейшнд иргэд бүртгүүлнэ. Бүртгэл хийлгэхэд заавал бөглөх асуумж бий. Эдгээрийг үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд үүний дагуу шинжилгээ өгөх байрыг зааж өгнө. Иргэн заасан байрт, товлосон цагт шинжилгээнд хамрагдах учиртай.

Шинжилгээг Улаанбаатарт PCR-аар авна. Шинжилгээг өгөөд л явах бөгөөд хариу нь 6-8 цагийн дараа гарна. Хариугаа 119.mn сайтаас харна.

Сөрөг гарсан тохиолдолд Автотээврийн үндэсний төвийн цахим хуудсаар тасалбар захиална.

Нийтийн тээврээр зорчих иргэдийг тогтоосон цэгүүдэд бие засуулна. Харин хоолны газрууд хаалттай байх тул иргэд идэх хүнсээ авч явах нь. 

Орон нутагтаа очиход аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хүлээн авна. Түүнчлэн иргэд байх газартаа 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой бөгөөд 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгнө.

Хувийн тээврээр зорчих бол:

Харин хувийн автомашинаар зорчих иргэдэд шинжилгээ өгснөөс нь 24 цагийн дараа зорчих зөвшөөрөл олгоно. Зорчих үедээ замын хяналтын цэгүүдэд бүртгүүлж, зорьсон газартаа хүрсэн бол үүнээс цааш явахгүй гэдгээ мэдэгдэх ёстой. Ийнхүү 10 хоногийн хугацаанд иргэд орон нутаг руу зорчих боломжтой. 10 хоногт өдөр бүр " гэв.

Мөн тэрбээр 10 хоногт өдөр бүр орон нутаг руу хот хоорондын тээвэр зорчино гэдгийг тодотголоо. Түүнчлэн тасалбар захиалгын тооноос хамаарч нэмэлтээр автобус гаргах боломжтой аж.