Орчин үеийн ухаалаг телевизорууд мэдээлэл цуглуулдаг болсон бөгөөд ихэнх тохиолдолд хэрэглэгчид үүнийг огтхон ч анзаардаггүй. Иймэрхүү тагнуулын ажиллагаа хэр зэрэг идэвхтэй явагдаж байна вэ гэдэг нь тухайн телевизорыг үйлдвэрлэсэн компаниас шалтгаална. Энэ талаарх дүрэм журам тун ч тодорхойгүй бүдэг бадаг байгаа боловч хувийн нууцаа хамгаалахын тулд зарим нэгэн аргыг хэрэглэх боломж бий.

Өнөө цагт зочны өрөөг “ухаалаг телевиз”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Интернэт ба байж болох бүхий л аппликейшнд холбогдсон телевизорыг медиатек эсвэл дүрст платформ болгож ашигладаг.  

“Ихэнх телевизор анхнаасаа л Google Assistant, Alexa, Siri зэрэг программд холбогдсон байдаг тул телевизор болон бусад “ухаалаг” гэр ахуйн цахилгаан хэрэгслийг дуу хоолойны тусламжтайгаар удирдах боломжтой” гэж компьютерийн C't сэтгүүлийн ажилтан Ульрике Кульманн ярьж байна.  

“Улаан товчлуур”-ыг дарахад нэмэлт мэдээ, мэдээллийг цуглуулах ажиллагааг идэвхжүүлдэг HbbTV функц ажиллаж эхэлнэ. Энэхүү гибрид ТВ-стандарт /Hybrid Broadcast Broadband Television — HbbTV/ нь телевизийн зураглалыг интернэт-контенттой хослуулах боломжийг олгодог.

 

“Ухаалаг” телевизор нь интернэтэд байнга холбогдсоноор хэрэглэгчийн талаарх мэдээллийг цааш нь дамжуулж байж магадгүй юм. Ингэснээр тухайн хэрэглэгчид зориулсан “ганцаарчилсан зар сурталчилгаа”-г хийх боломжтой. Ийм учраас Монополийн эсрэг холбооны албанаас Smart-TV-тэй холбоотой эрсдэлүүдийн талаар анхааруулж байгаа юм.

 

Тус албанаас хамгийн сүүлд хийсэн судалгааны дүгнэлтийг үзвэл, орчин үеийн цахим төхөөрөмжүүд нь тухайн хүн телевизорынхоо өмнө юу хийж байна, ямар аппликейшнүүдийг ашигладаг, интернэтээс юу хайж байна, ямар эх сурвалжууд дээр дарж байна гэх зэрэг үйлдлүүдийг хянаж байж магадгүй ажээ. Түүнээс гадна, тухайн хэрэглэгчийн дуу хоолой гэх мэт биометрикийн өгөгдлүүдийг танин цуглуулж, курсорын /анивчсан босоо зураас/ хөдөлгөөн ба телевизорын хуулбарлан сэргээж буй контентүүдийг ажиглаж байдаг гэнэ.

t3n гэдэг цахим сэтгүүлийн ажилтан Андреас Флёмер-ийн тайлбарласнаар бол, хэрэглэгчийн байршлын талаарх мэдээлэл, IP хаягийг Netflix компанид ч юмуу эсвэл зар сурталчилгааны агентлагуудад дамжуулан өгч байж магадгүй. 

Ташрамд хэлэхэд, хэрэглэгч нь контентыг дамжуулж буй тухайн оператор компанид аккаунт нээлгэсэн үү үгүй үү гэдгээс үл шалтгаалан дээр дурдсан ажиллагаанууд явагддаг байна. Түүнээс гадна, тухайн телевизорын серийн дугаар, байршил, марк төрөл, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компанийн талаарх мэдээллийг авч байж магадгүй. Ингэснээр тодорхой хэрэглэгчийн профайлыг үүсгэх боломжтой.

 

У.Кульманн-ы ярьснаар, зарим ухаалаг телевизорууд дөнгөж суурилуулах үед л 60 гаруй сервертэй, тэдгээрийн дотор Гүүгл, Амазон, Майкрософтын серверүүдтэй холбогддог ажээ. HbbTV функц ажиллаж эхэлсэн л бол эдгээр сервер нь зурагтны алсын удирдлагын товчлуур дээр дарсан даралт бүрийг хянах болно. Ийм учраас хэрвээ ашигладаггүй бол “улаан товчлуур”-ыг идэвхгүй болгох нь дээр.    

 

Хувийн мэдээллээрээ зурагтын төлбөрөө хийх нь

 

Мэдээлэл цуглуулах ажиллагааг хэр идэвхтэй явуулж байна вэ гэдэг нь тухайн үйлдвэрлэгч компаниас шалтгаалах бөгөөд хямд зурагтнууд нь үнэтэй зурагтнаас илүү их мэдээлэл цуглуулдаг байна. Өөрсдийнх нь талаар чухам ямар мэдээллүүдийг цуглуулаад байна вэ гэдгийг хэрэглэгчид мэддэггүйд л асуудлын гол учир нь бий.

Зарим талаар мэдээлэл цуглуулах, дамжуулах явдлаас хамгаалах боломжтой бөгөөд ялангуяа телевизороо анх асаах үедээ үүнийг хийх нь илүү найдвартай. Энэ нь бусад функцид нөлөөлөхгүй боловч үйлдвэрлэгч компанийн зүгээс “нөлөөлнө” хэмээн батлах гэж оролддог. Цаашдаа хэрэглэгчийн хувийн мэдээллийн санд нэвтрүүлж байж болзошгүй тодорхой тохиргоонуудыг өөрчлөөд явж болох юм.  

 

Рүүтэр дэх “хар жагсаалт”

 

Өөр аргууд ч байдаг тухай Кульманн ярилаа. Тухайлбал, рүүтэрдээ “хар жагсаалт” бүрдүүлэх замаар зөвхөн тодорхой серверүүд л таны зурагтанд нэвтрэхийг зөвшөөрөх. Гэхдээ үүнийг хийхэд ихээхэн хугацаа шаардагдах бөгөөд зөвхөн туршлагатай хэрэглэгчид, мэргэжилтнүүд л хийж чадна.

 

Телевиздээ байгаа өөрт хэрэггүй аппликейшнүүдийг /дуу хоолойн удирдлага, камер гэх мэт/ устгах нь зүйтэй хэмээн Inside-digital.de интернэт сэтгүүлийн ажилтан Симона Варнке зөвлөж байна. Хэрвээ шинэчилж л байхгүй бол ямар ч аппликейшн байсан хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдалд нэмэлт эрсдэл учруулж байдаг.  

 

Харамсалтай нь, төхөөрөмжийн аюулгүй байдлын стандарт нь шинэчлэл хийснээр зохих түвшинд хадгалагдана гэсэн баталгааг үйлдвэрлэгч компаниудын ихэнх нь өгч чадахгүй.

 

Аппликейшнээ шинэчилж байхгүй бол...

 

"Хэрвээ аппликейшний аюулгүй байдалтай холбоотой сүүлийн үеийн шинэчлэлүүдийг суурилуулж байхгүй бол хакерууд таны телевизорт нэвтрэх магадлал нэмэгдэнэ. Гэмт хэргийн санаа өвөрлөсөн хакерууд таны төхөөрөмжинд вэб-камер, микрофон холбосноор таны өрөөнд юу болж буйг харж мэднэ” гэж А.Флёмер сэрэмжлүүлж байна. Түүнээс гадна, тэд ямар нэгэн сервист холбогдохтой холбоотой өгөгдлүүдийг хянаж байж болох юм.  

Хакеруудаас хамгаалахын тулд гэрийнхээ телевизорыг зөвхөн WLAN утасны сүлжээнд холбохыг У.Кульманн зөвлөж байна. Энэ тохиолдолд мэдээлэл цуглуулах, тагнах магадлал хэвээр байсан ч гэсэн  наанадаж таны телевизор сүлжээн дэх бусад төхөөрөмжинд холбогдохгүй.

 

 

Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/social/20201202/248656185

 

https://www.welt.de/wirtschaft/webwelt/article220724198/Smart-TV-So-hindern-Sie-den-Fernseher-am-Datensammeln.html