Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн начин Л.Энхсаруултай ярилцлаа. Тэрээр заал танхимын барилдаанд тогтмол сайн барилддаг залуу хүчтэн юм.

-Таны тухай олон түмэнд хүргэх ярилцлага хийж буйдаа баяртай байна. Монгол бөхийн дэвжээнд хэн таныг авчирсан бэ?

 

-Би багаасаа барилдах сонирхолтой хүүхэд байлаа. Манай ээжийн дүү сумын заан Т.Мөнхнасан ах сайхан бие хаатай, түүнээс гадна бөх сайхан тайлбарладаг хүн байсан. Тэр ахыгаа дууриагаад бөх болно гэж боддог байлаа. Үүнээс гадна зургаан залуу зааны барилдааныг зурагтаар их үзнэ. Тэр дундаас А.Сүхбат аваргын барилдааныг шимтэж үзэхээс гадна барилдааны арга мэх, уран хурц сийрэг байдал нь анхаарал татдаг байв. Энэ бүгдийг үзэж суухдаа “Долоо дахь нь би болно“ гэж боддог байлаа. Т.Мөнхнасан ах намайг цоллоод “Аварга А.Сүхбат Энхсаруулыг амлан авч барилдаж байна. Энэ хоёрын барилдаан сонирхолтой болно доо” гэх мэтээр тайлбарладаг байв. Энэ бүхэн нөлөөлсөн байх. Мөн “Гарьд магнай” киног гарах болгонд нь үзнэ. Киноны бөхийн багшийн дүр их сайхан санагддаг байсан. Учир нь монгол бөхийн дэг жаяг, тэсвэр тэвчээрийг  гаргадаг. Тухайлбал, “Унасан нь халгайн дээр унана шүү” гэдэг шүү дээ. Бөх хүний тэвчээр хатуужлыг тэндээс харж болохоор. Энэ бүхэн намайг барилдаж эхлэхэд нөлөөлсөн байх.

 

-Монгол бөх удам залгадаг. Таны удамд бөх бий юу?

 

-Миний төрж өссөн нутгаас олон сайхан бөх төрж гарсан. Улсын цолтой бөхчүүд төрсний нэг нь улсын аварга Н.Батсуурь аварга. Мөн ах дүү гурван улсын начин  төрсөн нь ховорхон тохиол. Манай аавын талд даншигийн арслан, сумын заанууд бий. Аав минь биерхүү өндөр хүн байдаг. Бага залуудаа барилддаг мөн бөхийн хорхойтой. Намайг барилдахад хамгийн их дэмжиж тусалдаг, сэтгэл зүйн багш  минь гэж хэлж болно. Харин ээж Ховд аймгийн Үенч сумын хүн. Ээжийн хоёр дүү нь сумын цолтой. Үүнээс гадна ээжийн талд Ховд аймгийн Үенч сумын харьяат аймгийн арслан Батмөнх гэж хүн байдаг. Аав ээжийнхээ аль аль талаас бөхийн удамтай.

 

-Хүсэл мөрөөдлийнхөө эхлэлийг хэрхэн тавив.  Энэ талаараа эргээд нэг дурсвал?

 

-Дөрөвдүгээр ангиасаа эхэлж барилдсан. Анхны тэмцээн ”Өглөөний хөх луу“ гэж хүүхдийн сүмо бөхийн барилдаан байсан. Энэ тэмцээний зарыг зурагтаар анх үзчихээд ахаасаа намайг бүртгүүлээд өгөөч гэж гуйж оролцоод II байр эзэлж байлаа. Харин үндэсний бөхөөр 2010 оноос эхэлж хичээллэсэн. Үндэсний бөхийн анхны багш маань аймгийн арслан Н.Баярмагнай,  улсын заан Д.Бумбаяр нар юм. 2011 оны зунаа Увс аймгийн Ховд сумандаа түрүүлж сумын заан болж байлаа. Аймгийн начин цолыг 2015 онд 22 настайдаа Баян-Өлгий аймгийн наадамд тав давж хүртэж байсан.

 

-Мэдээж энэ бүхнээс сэтгэлд үлдсэн дурсамжтай барилдаан бий байх?

 

-2012 онд өсвөрийн улсын аваргаас хүрэл медаль авч байсан минь дурсамжтай санагддаг. Учир нь 21 аймаг, есөн дүүргийн 30 хүүхэд тойргоор барилдсан. Энэ тэмцээнд одоогийн улсын начин Б.Серик түрүүлж, удаах байрт аймгийн харцага Дүүрэнбаяр бид хоёр орсон. Энэ тэмцээнд хамгийн хэцүү хоёр учраа маань эхний хоёр байранд орсон. Өмнө нь хэд хэдэн удаа уначихсан байсан. 2010 оноос хойш өсвөрийн улсын аваргад жил дараалан “Алдартан” клубынхаа нэрээр ордог байсан. Орох болгондоо манай баг медаль авдаг байлаа.

 

-Таны барилдаанууд их шийдэмгий харагддаг?

 

-Дэвжээн дээр ямар ч цолтой бөхтэй барилдсан сэтгэл зүйгээр унахгүй байх хэрэгтэй. Учир нь би цолтой биш хүнтэй барилдаж байгаа болохоор сэтгэл зүйгээ үргэлж бэлэн байлгадаг. Аав минь ч ингэж захьдаг.

 

-Өөрийнхөө уран гоё барилдаанаараа аавыгаа хэр их баярлуулж байсан бэ?

 

-Миний аав том тэрэгний жолооч. Мөн онц тээвэрчин. Өдий болтол аавынхаа нөмөр нөөлөгт явна. Миний аав надад бүхнээ зориулсан. Хүүхэд байхад аав минь алс хол нутаг руу тээвэрт явчихна, тэр хооронд аавыгаа их санана. Аав холын тээврээс гэртээ ирэх хэмжээлшгүй их жаргал байдаг байлаа. Би аавыгаа хамгийн түрүүнд тосно. Аав минь намайг миний хүү сайн сууж байв уу гээд л үнсэнэ. Энэ бүхэн хамгийн сайхан. Аавыгаа баярлуулна даа гэж хичээж явдаг. Харин баярлуулсан гэвэл  хоёр удаа л их баярлуулсан болов уу гэж боддог. Миний аав нэгдүгээр сарын 13 буюу Үндсэн хууль батласан өдөр төрсөн юм. Энэ өдөр дандаа барилдаан болдог шүү дээ. Нэг удаа би энэ өдөр барилдахдаа аавд “Өнөөдөр би улсын цолтой бөх давж танд бэлэг барина” гэж хэлээд гарсан. Тэр барилдаанд хоёрын даваанд О.Хангай харцагыг давж байсан. Харцага тэр жил тун сайн байсан, хэд хэд түрүүлчихсэн байлаа. Харин би энэ барилдаанд Хангай харцагын хийг тааруулаад урагшаа дугтраад нэг мэдэхэд ард нь гарчихсан байсан. Тухайн үед би туг тойрч байхдаа өөртөө ч итгээгүй. Харин аав минь тухайн үед их баярлаж жинхэнэ бэлэг болж чадлаа гэж хэлж байсан.

 

-Таны зүүн, баруун магнайг манлайлж гарсан хоёр арсланг давж үзэгчдийг шуугиулж байсныг асуухгүй өнгөрч болохгүй байх?

 

-2019 онд шилдэг 128 бөхийн барилдаан болсон юм. Би бүртгүүлэхээр очтол намайг багтахгүй гэв. Тэгээд сууж байтал бөхийн цахим Жудаг группийн Батбаяр ах над руу утасдаад “Яасан дүү багтаагүй юм уу” гэж асуусан. “Тиймээ” гэтэл “Чи багтчих байхаа хэрэв багтвал миний дүү үзүүлээд өгөөрэй“ гэлээ. Тэгтэл төд удалгүй тайлбарлагч миний нэрийг зарлав. Тэр өдөр баруун зүүн магнайг тухайн үед улсын арслан цолтой байсан П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва нар манлайлж байв. Харин би нэгийн даваанд Р.Пүрэвдагва арслантай, хоёрын даваанд П.Бүрэнтөгс арслантай барилдаад давсан. Гурвын даваанд аймгийн хурц  арслан Ууганбаатартай тунаад унасан. Тухайн үед зүүн баруун магнайг манлайлж гарсан хоёр арсланг хоёуланг нь давсан гээд шуугиж байлаа. Гэртээ ирээд ээждээ хэлтэл итгэддэггүй. Хоёр арслан чамд тэгээд унаж байх юм уу гэж байв. Барилдааныг минь дахин үзэж байж итгэсэн. Аав минь тэгэхэд хол тээвэрт явчихсан байсан. Үүнийг аавдаа дуулгахад их баярлаж байлаа. Ер нь бөх хүн барилдаан болгоноосоо сургамж авах хэрэгтэй.

Олон сайхан бөхөөс үлгэр дууриал авдаг. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын начин Б.Ганхуягийн биеэ авч яваа байдал, хөдөлмөрч, барилдааны хувьд тэсвэр тэвчээр ихтэй.

Залуу бөхчүүдэд үлгэр дууриалал сайтай. Начинтай би нэг барилдаан дээр таараад бид хоёр 50 минут барилдсан. Би жаахан цуцаад амрах гээд байв. Тэгтэл начин надад “Ахын дүү хоёулаа барилдъя чамд бэлтгэл болно шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд барьц сонгоод би хаяж чадаагүй. Харин начны талаар сонгоод би унаж байлаа.

 

-Тамирчин  хүн тэсвэр хатуужил дунд байдаг шүү дээ?

 

-Миний бодлоор ямар ч тамирчин дэвжээн дээр яаж ч өрсөлдсөн тэр тэмцлээ дэвжээн дээр орхиод буудаг байх хэрэгтэй. Дэвжээнээс гадна нэг нэгэндээ хар хор тээх бол хэрэггүй зүйл гэж боддог. Учир нь эр хүн спортоор хичээллэснээр зөвхөн бие бялдрын хөгжлөөс гадна хүнээс үг даах тэвчээр хатуужлыг олж авдаг. Харин тухайн барилдааныг зөв буруу гэхээс илүүтэй тухайн бөх маань түрүүлж цом хүртсэнд баяртай байгаа. Барилдаан дууссаны дараа би цомноос нь адис аваад найздаа баяр хүргэсэн. Энэ барилдааны дараа олон хүн над руу утасдаж байсан ярилцлага авъя гэж байсан би зөвшөөрөөгүй. Бөх хүн дэвжээгээ хүндэлдэг байх ёстой.

 

-Залуу бөхийн хувьд өнөөдрийн бөхийн хөгжлийг юу гэж бодож байна?

 

-Бидэнд шинэчлэл хэрэгтэй байна. Учир нь залуу бөхчүүд бүх амьдралаа бөхөд зориулчихсан байдаг. Бэлтгэл сургуулилт гээд өөр газар ажиллах цаг заваар тааруу байх нь бий. Би өөр дээрээ жишээ аваад ярихад ШУТИС-ийн механик инженерийн ангийг төгссөн. Их сургуульд сурч байхдаа бөхийн бэлтгэл хийгээгүй. Хэрэв хийсэн бол илүү цол авах боломж байсан болов уу гэж боддог. Мөн бөхчүүд бэртэл гэмтэл авахгүй байна гэж байдаггүй. Мөн даваанаас давааны мөнгөөр л амьдарч байна. Энэ бүхнээс болоод сайхан залуучууд хүсэл мөрөөдлөө орхиж байгаа нь харамсалтай санагддаг.

Миний хувьд бөхийн холбоо барилдааныг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгох хэрэгтэй. Үүнээс болэ олон сайхан залуус хүсэл мөрөөдлөө орхиход хүрдэг. Интернэт хөгжсөн энэ үед янз бүрийн аппликейшн гаргаад барилдах бөхчүүдийн нэрийг нь гаргаад бооцоо тавьдаг ч юм уу тухайн бооцооноосоо бөхчүүддээ тодорхой хувь өгөх зэргээр менежмэнттэй ажиллаж чадвал үндэсний бөх илүү хөгжих боломжтой.

 

-Та энэ талаар бөхийн холбоонд саналаа хэлж байв уу?

 

-Яг энэ талаар хэлж байгаагүй. Харин аймгуудын наадмын талаар саналаа хэлж байсан. Бид допин, найраатай тэмцэхээс гадна аймгийн наадмууд дээр залуу бөхчүүдийг очоод барилдах гэхээр гадных гээд барилдуулдаггүй. Үүнийг огт ойлгодоггүй. Бид монголчууд биз дээ. Улсын цолтой бөхчүүдийг аймгийн наадмуудад барилдуулахгүй байж болно. Харин бага залуу бөхчүүдээ барилдуулж үнэн хүчийг үзүүлж уран барилдааныг нь үзэх хэрэгтэй шүү дээ. Залуу бөхийн хувьд санаа зовж явдаг зүйлийн минь нэг зодог шуудагны асуудал дээр стандарт тогтоож өгмөөр санагддаг. Минийхээр зодог шуудаг, гар ордог, хуруу гэмтээдэггүй, элэг бүс болон шуудагны уяа том байвал сайн. Сугадаад барьц авах гэхээр болдоггүй юм. Энэ мөр давсан, далбаатай хүмүүсийг болиулах хэрэгтэй. Өрсөлдөгч бөхдөө барьц өгөхгүй гэж ийм арга сэдэж болохгүй. Хуучны бөхчүүдийг харахад тиймгүй харагддаг. Энэ бүхнийг цэгцлээд ирвэл үндэсний бөх минь шударга сайхан болно. Мөн удахгүй сайхан цаг ирж зүлэг ногоон дэвжээн дээрээ хүчит бөхчүүд уран хурц барилдааныг үзүүлж үзэгч олноо олон жил цэнгүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

А.Доржханд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин